ЭМНЭЛГИЙН ХОГ ХАЯГДАЛ “БУЛШЛАХ” АЖИЛД ХӨНДЛӨНГИЙН ХЯНАЛТ ХЭРЭГТЭЙ БАЙНА

854

"Нарангийн энгэрт эмнэлгийн хог хаягдлыг ил задгай хаяж, булахгүй байна. Тэнд хог түүж байгаа иргэдийн хүүхдүүд тариураас эхлээд эмнэлгийн хог хаягдлыг хамаагүй барьж гүйлдээд байх юм. Аюул, эрсдэл өндөр боллоо. Эмнэлгийнхэн хог хаягдлыг булахгүй, ил хаяад байхаар яаж Улаанбаатарын иргэд элдэв өвчлөл, ханиад томуунаас салах юм бэ” гэсэн иргэдийн гомдол манай редакцид ирсэн юм. Тэр дагуу манай сурвалжлах хэсэг Нарангийн энгэрт байрлах хогийн цэгийг өнгөрсөн долоо хоногт зорилоо.

Ерөөс эмнэлгийн хог хаягдлыг зөвхөн Нарангийн энгэрт байрлах хогийн цэгт л хаяж, булж устгадаг юм билээ. Амьд хүн хэсэг ч болов тэсэхийн аргагүй "хогон далай”-н захад очиход амьдрал буцалж байгаа нь харагдана. Ойр ойрхон хогны том машинууд очиж, тээвэрлэж ирсэн хаягдлаа асгана. Тэр даруй хог түүдэг олон хүн хаягдал асгасан газарт очиж, олз хайх. Биднийг хогийн цэг л очиход тэнд байгаа хүн бүр "Юу хайж яваа юм. Асуу” гэж ирээд л хэрэг зориг сураглаж эхлэв. Эмнэлгийн хог хаягдал хаана асгадаг тухай асууж, зорьж яваа учраа хэллээ. Нарангийн энгэрийн хогийн цэгийн хойд цэгт тусгай газарт эмнэлгийн хог хаягдал хаядаг юм байна. "Элемент” компани өөрийн гэсэн хогны машинтай бөгөөд авчирсан хаягдлыг нь жижиг газар ухагчаар булдаг тухай тэнд байгаа хүмүүс хэлсэн юм. Ямар ч байсан энгийн хог хаягдалтай хамт хаа хамаагүй асгачихдаггүй гэдгийг энд дурьдах нь зөв байх.

ЭМНЭЛГИЙН ХОГ ИЛ БАЙНА

Бид хог түүдэг хүмүүсээс бага сага мэдээлэл авсны дараа эмнэлгийн хог хаягдал булдаг хэсэгт очлоо. Багагүй газрыг ухаж төнхөж, эмнэлгийн хог хаягдал булдаг юм билээ. Манайд ирсэн мэдээлэл шиг хаа хамаагүй ил эмнэлгийн хог хаяад, тэр нь хийсч, хүүхдүүд барьж гүйгээд байхаар юм харагдсангүй. Гэхдээ элдэв хог хаягдал ил гараад ирчихсэн, сайтар булаагүй, тэгшлээгүй байдал бол байна билээ. Тариур, тариурын зүү, дуслын систем, цусны дээж авсан бортого дотроо цустайгаа хүртэл ил хэвтэж байсан. Цаашлаад шар,хар ууттай янз бүрийн хог ил гарсан байгаа нь ч харагдаж байлаа. Монгол Улс 2009 оноос эхлээд эмнэлгийн хог хаягдал устгадаг үйлдвэртэй болж, өөрсдийнхөө хэмжээнд тээвэрлэлт, халдваргүйжүүлэлт, устгалыг Дүрэм журмынх нь дагуу хийж эхэлсэн. Мөн 2010 оноос эхлээд эмнэлгийн хогийг шатааж устгах биш булах аргыг сонгосон юм билээ. Учир нь эмнэлгийн хогийг шатаахад хортой бодис маш ихээр ялгардаг учраас тухайн үеийн сайдын тушаалаар хориглосон аж. Гэхдээ эмнэлгийн хогийг сайтар булахгүй, ил задгай гарсан байгаа нь иргэдэд аюултай байж болох юм гэсэн сэтгэгдэл төрүүлж байсныг нуух юун.

Ийн биднийг эмнэлгийн хог булдаг талбайтай танилцаж, зургийг нь авч байх зуур газар ухдаг жижиг эксковатор ирлээ. Тэр даруйдаа хог булах нүх бэлтгэж байгаа бололтой газар ухаж эхлэв. Ерөөс өдөр болгон нүх ухаж, хог булдаг болов уу гэмээр шинэ гаргасан шороо маш их байсан учраас жолоочтой нь уулзаж, зарим зүйлийг асуулаа. Мөн иргэдийн мэдээллийн дагуу ирснээ ч хэллээ. Харин жолооч өөрийгөө танилцуулахаас татгалзаж, "Элемент” гэх компанийн ажилтан гэдгээ хэлж, удирддагуудтай нь уулзахыг санал болгосон. Мөн тэрбээр "Өдөр болгон хог булах талбайдаа ирж, нүхээ ухаж бэлтгэдэг. Бэлдсэн нүхэндээ эмнэлгийн хог хаягдлыг булдаг. Булсныхаа дараа тэгшилж түрнэ. Өдөр болгон хог хаядаг, булдаг болохоор заримдаа мэр сэр ил гарах нь бий. Мөн энэ хогийн цэгт ирж байгаа машин, ковш нь манай талбай дээгүүр ч явах тохиолдол бий. Тэгээд машины мөрөөр зарим хог, хаягдал ил гарчихаад байдаг юм. Бид тэр даруй л булдаг, түрдэг. Аль болох ил гаргахгүй гэж ажиллаж байгаа” хэмээн ярьсан юм.

Гэхдээ нэлээд эрт ил гарсан болов уу гэмээр ууттай хогнууд багагүй харагдсан болохоор редакцид хандсан хүмүүсийн адил санаа зовж байсныг нуух юун.

Н.БОЛОР: ХОГ ИЛ ГАРСАН БАЙСАН Ч ЯМАР НЭГ АЮУЛГҮЙ

Манай сурвалжлах хэсэг эмнэлгийн хог хаягдал "булшлах” талбайд очиж, нөхцөл байдлыг харсны дараа "Элемент” ХХК-ийн үйлдвэрийг зорьсон юм. Тус компанийн үйлдвэр Нарангийн энгэрийн хогийн цэгээс км хүрэхгүй зайд байрладаг юм билээ. "Элемент” ХХК-ийн ариутгаж, халдваргүйжүүлэх үйлдвэр дээр очиход ажил ид өрнөж байв. Хог хаягдлаа буталж, зориулалтын битүү хогны машинд ачиж байгаа харагдсан. Бид дотогш орж, удирдлагуудтай нь уулзаж, зорьж яваа учраа, иргэдээс өгсөн мэдээллийн дагуу ирснээ ч хэллээ. Мөн хог булах талбай дээр нь очиж танилцсан гэдгээ ч хэллээ. Харин тус компанийн Эрүүл ахуйч н.Болор биднийг дагуулж, үйлдвэрийнхээ үйл ажиллагааг товч танилцуулсан.

Тэрбээр "Улаанбаатар хотод 900 орчим эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага байдаг. Тэр бүх байгууллагын хог, хаягдлыг манай компани авч, ариутгаж, ангилж, устгадаг. Манайх найм, есөн машинтай. Машинууд маань эмнэлгүүдээ байршлаар нь хувааж аваад, графикийн дагуу очиж ачдаг. Эмнэлгүүд Эрүүл мэндийн сайдын тушаалаар өвлийн улиралд дээд тал нь гурав хоног л хог хаягдлаа хадгалах ёстой. Тийм болохоор хадгалах хугацаанд тохируулж, график гаргадаг. Тухайн эмнэлэгт долоо хоногтоо 2-3 удаа хог, хаягдал гаргана. Тиймээс графикийн дагуу машинууд маань очоод хог хаягдлыг нь татаж авдаг. Хог тээвэрлэж ирсэн машинууд тодорхой цэгт буулгана. Ирсэн хогийг ажилчид маань жинхэлж хүлээж авна. Харин машинууд эмнэлгийн аюултай хог хаягдлыг зориулалтын саванд тээвэрлэж авчирдаг. Ирсний дараа нь саваа суллаж, уурын автоклавт ариутгадаг. 121-133 градусын халуунтай уураар 30-40 минут ариутгаж, халдваргүйжүүлдэг. Түүнийхээ дараа буталж, хогны машиндаа ачаад, ландфиллын талбайд аваачиж булдаг. Ариутгаж, халдваргүйжүүлэх ажил 24 цагийн турш үргэлжилдэг” хэмээн ярилаа.

Үйлдвэрийн ажил иймэрхүү дараалалтай явагддаг юм билээ. Харин уутан дотор байгаа эмнэлгийн хог хаягдал 100 хувь ариутгагддаг, ямар ч халдваргүй болдог уу гэдгийг бид тодруулж асуухаа мартаагүй. Учир нь ландфиллын талбайд нь шар, хар ууттай хогнууд ил гарсан байсныг ч сануулсан. Харин тэрбээр "Ариутгасан хог хаягдал ямар ч аюулгүй болдог. Цустай бортого байсан ч доторх нь бүрэн хатаж, аюулгүй болдог. Хүний биед ямар ч аюулгүй. Гялгар уутанд байгаа хог хаягдал ч бүрэн халдваргүй болдог юм. Харин хог хаяж буй талбайд байгаа ууттай хаягдал бол төрөхөөс гарсан эхэс, зулбадас байж магадгүй юм. Тийм хогийг шууд ландфиллын аргаар булж, устгадаг. Бид халдваргүйжүүлэх үйл явцдаа байнга тестэлнэ. Элдэв халдвар нь бүрэн гүйцэд арилсан байна уу, халдваргүй болж уу гэдгийг шалгана. Ихэнх хог, хаягдлыг уутнаас нь гаргаж, төмөр сеткинд хийж, ариутгал хийж, халдваргүйжүүлнэ. Тестийг сард нэг удаа хийдэг. Спортой бактерийг устгаж чадаж байна уу гэдгээ хянана. Спортой бактер гэдэг нь хамгийн удаан устдаг нь. Түүнийгээ тестлээд үзчихнэ. Дээрээс нь инженерүүдийн үзлэг ч хийдэг. Ямар нэг хортой, халдвартай хаягдал шууд хогийн цэгт очихгүй хэмээн ярьсан юм.

Мөн Нийслэлийн мэргэжяийн хяналт,  Сонгинохайрхан дүүргийн мэргэжлийн хяналтаас тодорхой хэмжээнд шалгалт хийж, эрсдэлийн үнэлгээг ч гаргадаг. Ямар ч байсан жилдээ тодорхой хэмжээнд шалгалт орж ирдэг гэдгийг ярьсан юм. Түүнчлэн, хөндлөнгийн хяналт ямар байдаг талаар асууж яриулсан хэрэг.

ХӨНДЛӨНГИЙН ХЯНАЛТ ХЭРЭГТЭЙ БАЙНА

Манай сурвалжлах хэсэг эмнэлгийн хог хаягдал "булшилдаг” талбайд очиж, дараа нь үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсаныхаа дараа асуудал тийм ч яахаа алдсан биш гэдгийг ойлголоо. Үнэндээ Монголд эмнэлгийн аюултай хог хаягдлыг зориулалтын дагуу ариутгаж, халдваргүйжүүлж, Эрүүл мэндийн сайдын шийдэж өгсөн газар ландфиллын аргаар булж устгаж байгаа нэг ч гэсэн компани байгаа нь сайн хэрэг. Тэд чадлаараа л ажиллаж байна. Гэхдээ хошуу нэмэх зүйл ч бас байгаа юм. Сурвалжлагаа хийх явцдаа мэдээлэл өгсөн иргэд рүү утасдаж, ил задгай эмнэлгийн хог хаягдал тарж, хог түүдэг иргэдийн хүүхдүүд тариур барьж гүйлдээд байгаа юм алга гэдгийг хэлсэн. Харин тэд "Өнгөрсөн долоо хоногт яах аргагүй ил задгай байсан. Тэр хог хаядаг компанийнхан нь гараараа булж байсан шүү дээ” хэмээн зөрүүдллэв. Харин компанийнхан нь болохоор үгүйсгэж байгаа. Ажлаа ном журмынх нь дагуу хийж буй гэдгээ хэлсэн. Мэдээж хоёр тал өөр өөрийнхөө л мэдээдэл өгнө. Олны үг ортой ч гэж бий. Дээрээс нь Мэргэжлийн хяналтынхнаас эмнэлгийн хог хаягдлыг яг ном журмынх нь дагуу "булшилж” байгаа эсэхийг хэрхэн хянадаг талаар мэдээлэл авсан юм. Тэд үе үе хянаад байх боломжгүй. Төлөвлөгөөний дагуу хяналт шалгалтаа хийгээд явдаг. Эрсдэлийн үнэлгээ хийнэ. Эрсдэлтэй гэж үзвэл шалгалтынхаа тоог нэмдэг хэмээн ярилаа.

Дахиад нэг асуудал байна. Нийт эмнэлгийн хог хаягдлын 15-25 хувь нь халдвартай байдаг гэсэн тоо судалгаа байгаа юм. Тэгээд шар уутанд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх явцад үүсэх халдварын эрсдэл бүхий зүйлсийг хийдэг аж. Тухайлбал, биеийн өтгөн, шингэн ялгадас, цус, цэр, шүлс гэх мэтээр бохирддогдсон зүйлс. Эмчилгээ, үйлчилгээнд хэрэглэсэн цаас, нэг удаагийн хуванцар багаж хэрэгсэл, гуурс, систем гэх мэтийг хийдэг юм байна. Харин хар уутанд бол ахуйн хог хаягдал хийдэг. Хэдийгээр бүхий л хог хаягдлыг ариутгадаг. Эхэс, хүний эд эрхтний хэсэг гэх мэтийг л уутанд хийж, шууд ландфиллын талбайд хаядаг гэж үйлдвэрийнхэн мэдээлэл өгсөн ч яг бодит байдал дээрээ тийм биш. Мэдээлэл зөрж байна гэсэн үг. Шар уутанд ямар хог хийх, улаанд ямрыг, хард юу байхыг эмнэлгээс ангилж байгаа нь ойлгомжтой. Гэтэл шар ууттай хогийг гялгараас нь гаргалгүй ариутгаж, булсан байгаа хэрэг биш үү.  Мөн эмнэлгийн ямар ч хог хаягдлыг шингэн нэвчдэггүй, зориулалтын, бат бэх уутанд хийх ёстой гэсэн менежмент байдаг юм билээ. Эмнэлгүүд тэр дагуу, зориулалтын уутанд хогоо хаяж байгаа нь ойлгомжтой. Гэтэл шар өнгийн ууттай хогийг торноос нь гаргалгүй ариутгасан байж таарвал аюулгүй болох баталгаа 100 хувь байх уу гэдэг нь бас эргэлзээ төрүүлж байна. Тэр хог нь тодорхой хэмжээнд ил гарчихсан байхад санаа зовохгүй байх аргагүй.

Энэ мэт шалтгааны үүднээс эмнэлгийн хог хаягдлыг ариутгаж байгаа үйлдвэрт хөндлөнгийн хяналт хэрэгтэй байгаа юм. Мэргэжлийн хяналтынхнаас гадна шүү дээ. Тэд тодорхой төлөвлөгөөний дагуу л шалгалтаа хийнэ. Шалгалт хийх үед асуудал байхгүй бол эрсдэл багатай гэж үнэлээд явчихна. Гэтэл аливаа ажилд алдаа мадаг гарах үе байдаг. Тэр болгонд хянаад, шаардлагаа тавиад явах хөндлөнгийн хяналт байх ёстой юм. Тэр дундаа хамгийн эрсдэл өндөртэй, аюултай хаягдал болох эмнэлгийн хогийг бол маш нарийн технологийн дагуу устгаж, халдваргүйжүүлж, булах ёстой биз дээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр бол дэлхий дээр нийт 21 сая В вирус хепатит, хоёр сая С вирус хепатит, 260 мянган Хүний дархлал хомсдолын вирусын халдварын тохиолдол зүү, тариураар дамжин халдварласан байдаг аж. Харин Монгол Улс элэгний В, С вирус хепатитын халдвараар дэлхийд тэргүүлэх эгнээнд яваа. Нийт хүн амын 10 хувь нь энэ төрлийн халдварт мянган Хүний дархлал хомсдолын вирусын халдварын тохиолдол зүү, тариураар дамжин халдварласан байдаг аж. Харин Монгол Улс элэгний В, С вирус хепатитын халдвараар дэлхийд тэргүүлэх эгнээндяваа. Нийт хүн амын 10 хувь нь энэ төрлийн халдварт өвчтэй гэсэн судалгаа байгаа юм. Дээрээс нь элэгний хорт хавдрын 93 хувь нь вирус хепатитаас үүдэлтэй ажээ. Ийм байхад бид эмнэлгийн хог хаягдалд маш сайн анхаарч, ямар ч алдаа мадаггүйгээр зөөж, тээвэрлэж, ариутгаж, халдваргүйжүүлж, эцэст нь ландфиллдэх ёстой талаар Халдвартын эмч нар хэлж байна. Тиймээс л хөндлөнгийн хяналт зайлшгүй хэрэгтэй. Эсвэл хоёр үйлдвэртэй байсан ч болно. Нэг нь аюул өндөртэй хог хаягдлаа авдаг. Нөгөө нь эрсдэл багатай болон дахин боловсруулах боломжтой хогоо авч, хоёр биенээ хянадаг байвал болох юм биш үү. Асуудлыг хариуцдаг яам, Тамгын газар нь анхаарна биз.

Монголын мэдээ
Н.Пунцагболд

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>