Гол дагуух хог хаягдлыг цэвэрлэх аян үргэлжилж байна
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан Туул, Улиастайн гол дагуух хог хаягдлын цэвэрлэгээг шат дараатай хийж байгаа билээ. Өнгөрсөн тавны өдөр 1200 хүний бүрэлдэхүүнтэйгээр гол орчмын цэвэрлэгээг хийж 20 гаруй тонн хог хаягдал цэвэрлэж байсан.
Харин өчигдөр "KOICA” Олон Улсын байгууллага, Ардчилсан залуучуудын холбооны гишүүд болон дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, Нийтийн аж ахуйн хэлтсийн албан хаагчдын бүрэлдэхүүнтэй 200 гаруй хүн дахин их цэвэрлэгээ хийж 5 тонн хогийг цэвэрлэлээ.
Дашрамд мэдээлэхэд, Туул, Улиастайн голын эрэг орчмоос 7 хоногт дунджаар 5-6 тонн хог хаягдал гарч байгаа юм. Албаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар өмнөх долоо хоногт тухайн бүс нутагт их цэвэрлэгээ хийсэн боловч дахин хог хаясан байсан аж.
Иймд иргэдийг амарч зугаалах үедээ иргэний үүргээ биелүүлж ил задгай хог хаяхаас зайлсхийж, гол дагуух хог хаягдал цэвэрлэх аянд нэгдэхийг дүүргийн Засаг даргын Тамгын газраас уриаллаа хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.