Нийслэлийн Засаг дарга Су.Батболд хууль бус ажиллагааг дэмжив үү

978

 

Нийслэлийн Засаг дарга Су.Батболд хууль бус ажиллагааг дэмжив үүОдоогоос 10 жилийн өмнө худалдан авсан үл хөдлөх хөрөнгө хашаа, эзэмшил газраа өнөөг хүртэл өөрийн болгож чадаагүй, бусдад алдах эрсдэлтэй болсон иргэн Н бидэнд хандлаа. Тэрбээр өнгөрсөн  хугацаанд зохих эрх бүхий байгууллагуудад удаа дараа хандаж, нөхцөл байдлыг тодорхой баримтайгаар тайлбарлаж, өргөдөл, гомдол  гаргасан ч өнөөг хүртэл шаардлагатай шийдвэрийг гаргуулж чадсангүй гэдгээ тайлбарласан.

Болсон үйл явдлыг сийрүүлбэл, иргэн Н 2007 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр өөрийн танил, иргэн П. Шүчулууны хүсэлтээр Монгол шуудан банкны брьцаанд хэт хямд үнээр хураагдах гэж байсан, Сүхбаатар дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэр, Баянбулагийн задгайд байрлах хашаалсан газар бүхий 194.7 ам.метр амины орон сууцыг барьцаанаас чөлөөлж нэр дэрээ шилжүүлэн авсан байна.

Иргэн Н-ийн хэлж буйгаар, тэрбээр П.Шүрчулууныг таньдаг, боловсролтой, хуучны сэхээтэн хүн гэж хүндэлж явдаг байжээ. Тиймээс түүнд тус болох үүднээс хүсэлтийг нь хүлээн авсан аж. Хамгийн гол нь, П.Шүрчулуун нь Монгол шуудан банкны барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хуурамчаар үйлдэж, хүнээс их хэмжээний  мөнгө залилан авсныг тухайн үедээ огт мэдээгүй байсан гэдэг.

Улмаар иргэн Н дээрх Үл хөдлөх хөрөнгийн газрын гэрчилгээгөөрийн нэр дээр шилжүүлж авахаар Сүхбаатар дүүргийн газрын албанд 2008 онд өргөдөл гаргажээ. Гэвч 2008 онд газар, байшингаа түүнд зарсан П.Шүрчулуун нас барсан байсан учраас хуулийн дагуу нэг жилийн дараа сунгана гэх хариулт өгсөн  байна. Харин газрын албаныхны хэлсэн хугацаа тодорхойгүй шалтгаанаар сунжирсаар  хэдэн жил болжээ.

Гэтэл талийгаач П.Шүрчулуунгийн анхны эхнэрээс гарсан охин 2012 онд АНУ-гаас ирээд /тэрбээр тус улсад ажиллаж, амьдардаг/ аавынхаа худалдсан газар дээр газар олголт хийгээд  авчихсан аж. Ингээд  эзэмших эрх нь өөр хүний нэр дээр байгаа байшин, газрыг Газрын албаныхан бусдад олгожээ.

Өөрөөр хэлбэл, СБД-ийн Засаг даргын 2016 оны зургаадугаар сарын 15-ны 2016 тоот, 2013 оны арваннэгдүгээр сарын 8-ны 451 тоот шийдвэрээр иргэн Н-ийн худалдаж авсан газрын эзэмших эрхийн гэрчилгээг "Уран Шүр " ХХК болон Б.Уранчимэг, Л.Гарьд, Г.Адьяадулам, Ш.Чулуунчимэг, Ш.Уранчулуун, Ш.Уранчимэг нарт шилжүүлсэн байжээ.

Тэгэхдээ энэ хүмүүс иргэн Н-тэй нэг ч удаа уулзаагүй, газар, байшингийн эзэмшлийн талаар ярьж ч байгаагүй хэрнээ шууд Газрын албанд хандан нь сонирхолтой. Учир нь иргэн Н тус газар, байшинг худалдаж авснаасаа хойш  зуслангийн зориулалтаар ашиглаж  байгаа. Энэ хугацаанд талийгаачийн ар гэрээс энэ асуудалтай холбоотойгоор түүнд хандаж байгаагүй ажээ.

Энд нэгэн ноцтой асуудал байгаа нь газар эзэмших эрхийн гэрчилгээг яаж гаргуулж авсан материалыг судлахад, талийгаач П.Шүрчулууны анхны эхнэрээс гарсан хүүхдүүд Өв залгамжилах эрхийн гэрчилгээгүй атлаа хуурамчаар наториатчийн тодорхойлолт гаргуулсан байх юм. Үүнээс гадна Газрын албаны мэргэжилтнүүд энэ тодорхойлолтыг хууль бус, мөн уг газар дээрх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь өөр хүний дээр байгааг мэдсээр байж Газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль бусаар гаргаж өгчээ. Гэхдээ чухам ямар арга бааш хэрэглэж шат шатны албадаас зөвшөөрөл гаргуулаад байна вэ гэдэг нь хачирхалтай.

Гэтэл уг үл хөдлөх хөрөнгийн эзэн Н-ийг Нийслэл болон СБД-ийн Газрын албанд удаа дараа хандахад хариу өгч, үйлчилсэн нь үгүй гэхээр яах аргагүй анхаарал татаж байгаа юм.

Иргэн Н энэ талаар "П.Шүрчулуун гуай бусдад ин хэмжээний өртэй байж байгаад бурхан болсон. Тийм байхад үр хүүхдүүд нь ингэж хууль бус зүйл хийж байгаа нь харамсалтай байна. Тэр ч бүү хэл, зохих албанаас энэ үйлдлийг нь буруу гэдгийг ч анхааруулсан байхад төрийн албыг ингэж хөдөлгөөд, өөрсдийнхөө талд шийдвэр гаргуулах гээд хөөцөлдөөд байгаа  иргэн Л.Гарьдыг гайхаж байна” гэсэн.

Эндээс харахад, талийгаач П.Шүрчулуугийн охин аавынхаа бусдад худалдсан газрыг өөрийн нэр дээр шилжүүлэхийн тулд Нийслэл, харьяа дүүргийн Газрын алба, зохих эрх мэдэлтнүүдтэй үгссэн гэж хардахаар. Учир нь иргэн Н-ийн эд хөрөнгө өмчлөх Гэрчилгээг 2007 оны арванхоёрдугаар сарын 29-нд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар бүртгэж авсан байх юм. Гэтэл талийгаачийн охин энэ газрыг эзэмшихийн тулд Нийслэлийн засаг дарга, Газрын албанд хандаж, шийдвэрийн өөрийн талд гаргуулахаар зүтгэсээр байгаа аж.

Хамгийн гол нь Нийслэлийн Засаг дарга Су.Батболд иргэн Н-ийн нэр дээрх газар эзэмших эрхийг өөр хүмүүсийн нэр дээр сунгахыг дэмжсэн байна. Тэгвэл чухам ямар шалтгаанаар Нийслэл Улаанбаатар хотыг удирдаж буй эрхэм ийм хууль бус үйл ажиллагааг дэмжив.

Нөгөөтэйгүүр нэгэнт бусдад худалдагдаж, эзэмших эрх нь шилжсэн газрыг өөрийн нэр дээр авахаар улайраад байгаа "Уран Шүр” ХХК-ийнхний цаад зорилго юу юм бол. Зүгээр газраа авахаар санаархав уу, эсвэл 2007 оноос хойш өнөөг хүртэл авсан эзэд нь амьдраад ирсэн үл хөдлөх хөрөнгийг цааш дамлаж ашиг олохыг зорив уу.

Дээр нь Улаанбаатар хотын Засаг дарга ганц зальтай этгээдийн хууль бус үйлдлийг дэмжиж, шат шатны ажилтнуудаа хуулиас гадуурх үйлдэл хийлгэж, шахахаас өөр ажилгүй юу гээд олон асуулт гарч ирэх аж. Тиймээс холбогдох хууль, хяналтын байгууллагууд энэ асуудлыг анхааралдаа авч, үнэн мөнийг нь тогтоох ёстой биз ээ.

Erennews.mn



Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>