Төр нь мартсан “Бичигт”-ийнхэн
Хилийн боомтын тухай хууль хэрэгжиж эхэлснээр хилийн боомтыг хөгжүүлэх эрх зүйн үндэс бий болохоос гадна хилийн боомтыг зөвхөн дамжин өнгөрөх, шалган нэвтрүүлэх бүс бус, эдийн засаг, бизнесийн хөгжлийн төв болгон хөгжүүлэх ажлыг Боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу нэгдсэн бодлого, төлөвлөгөөтэйгээр зохион байгуулах боломж бүрдлээ хэмээн уг хууль батлагдсаны дараа чамгүй сурталчилгаа явуулсан.
Гэсэн ч бодит байдал дээр хууль хэрэгжихдээ үнэхээр эмгэнэлтэй байдалд оруулжээ. Бичигт олон улсын боомт орон нутгийн захиргааны мэдэлд байхдаа бага зэрэг хөгжих гэж оролдсон гэдэг. Орон сууцны хэдэн барилга барьж тэндээ ажилчдаа амьдруулаад болдог байж.
Харамсалтай нь ЗГХЭГ-ын харьяа болсноор орон нутгийн захиргаа өөрийн хөрөнгө мөнгөөр байгуулсан барилга байшингаа салгаж аваад "Бичигт-Их өргөө” ОНӨААТҮГ болж, харин Бичигт олон улсын боомт нэгхэн байшинтай тусад гарсан байгаа юм. Эдгээр хоёр байгууллагын нөхцөл байдал хоёулаа хэцүү. Хамгийн аймшигтай нь тэд Хятад улсаас ус цахилгаанаа авдаг. Нэг кв цахилгаан эрчим хүчийг нэг юань буюу 302 төгрөг 80 мөнгө.
Түүний дээр гаалийн таван хувь, НӨАТ-ын 10 хувь нэмэгдэхээр 347 төгрөг, 84 мөнгөөр цахилгаанаа тооцож авдаг ажээ. Цаашлаад Бичигт олон улсын боомтод амьдарч байгаа иргэдэд ус нүдний гэм. Мөн л хятадаас баллоноор усаа зөөнө. 60 айлын жишиг хороолол гэх зүйлийг барьсан ч гэрэлгүй лаа барьж амьдардаг, иргэд газраа өмчлөх эрхийг нь орон нутгаас нээж өгөөгүй учраас орох оронгүй шахам зутруухан амьдарч байгаа юм. УИХ-ын гишүүн үйл ажиллагаатай нь танилцахаар очиход тус байгууллага дээр дарга гэх сэтэр зүүсэн нэг ч хүн байсангүй.
Уг нь шинэ хуулиар хоёр орлогч, нэг даргатай болсон аж. Хилийн боомтын захиргааны дарга Л.Гүндалай өөрийн халаасны хүнээ даргаар томилж суулгасан ч өнөөх нь хот хүрээгээр л тэнэж явдаг сурагтай. Хөвсгөл аймагт нэг сумын Засаг даргын орлогч хийж байсан залууг даргаар суулгасан, хоёр орлогчийнх нь нэг нь аль намар хотод сурна гээд явчихаж. Харин нөгөө орлогч нь хаана юу хийж явдгийг мэдэх хүн байхгүй.
Цаашлаад хамгийн эмгэнэлтэй нь тэнд ажиллаж амьдарч байгаа ажилчдын цалин хангамжийн асуудал. Хилийн боомтын тухай хуулиар төсөв санхүүг Л.Гүндалай дангаар хариуцдаг болсон бөгөөд сарын цалингаа авахын тулд заавал Л.Гүндалайгаар гарын үсэг зуруулах гэж 860 км-ын алсаас нийслэлийг зорьдог гэхэд дэгсдүүлсэн болохгүй. Өөрсдийн гэсэн дансгүй, боомтын захиргаа ямар ч төсөв хөрөнгөний эрх мэдэлгүй.
Тэнд ажиллаж амьдарч байгаа иргэдийн хүүхдүүд нь сургууль, цэцэрлэгт хамрагдахын тулд 70 км-т байх Эрдэнэцагаан суманд ирдэг бөгөөд мөн л гэр хороогоо хоёр таслах хэрэг гарна. Тэнд эмч байтугай эмийн сан ч байхгүй. Төрөх боллоо гэхэд зөвхөн бурхан л туслана гэж найдаж хүлээнэ. Хилийн боомтын ганц нэг машин олдвол сум руугаа эмнэлгийн тусламж авахаар явдаг аж. Мэргэжлийн хяналтын ажилчид нь хилийн нэмэгдэл гэж авахгүй гээд тэнд аль болж бүтэхгүй бүхэн үүрлэжээ. Төр олон улсын боомт гэх нэртэй энэ цөллөгийн газарт 200 орчим иргэнээ цөлөөд мартаж орхижээ.
Гэтэл Хятадын талыг харахад үнэндээ нүүр улаймаар. Хэдхэн км-ын цаахан эмнэлэг, сургууль, цэцэрлэг гээд бүх зүйл байгаа. Автозам, төмөр замаа Монгол Улсын хил хүртэл барьчихсан. Монгол Улсын хилээр даваад л улаан шороо босч эхэлнэ. Харамсалтай нь Монголчуудын хилээр гарах эрх нь ажлын тав хоногоор хязгаарлагдана. Тэр хоногт арайхийн хилээр гарч амьжиргаагаа залгуулах хэдэн баллон ус зэргийг олж ирэх жишээний.
Төрийн хайр ивээлд орно гэсэн биш орон нутгийн өмч байхаасаа улам дордчихсон энэ газрын талаар анхаарал хандуулах хүн бараг л байхгүй. Аймгаас нь сонгогдсон М.Зоригт гишүүнд удаа дараа энэ мэт асуудлаа хэлдэг ч анхаарна, ярина хэлнэ гэсэн сайхан амлалт өгөөд өнөөдрийг хүртэл шийдэж өгөөгүй аж. Эрдэнэцагаан сумын эргэн тойронд байх хэдэн нүүрсний уурхайгаас болж ашиг сонирхлын зөрчил нь хөдөлж, улс төр хийхээс бусдаар бол тойргийн гишүүн нь ч тэднийг мартчихжээ.
Гэрэл цахилгааны асуудлыг нь Эрдэнэцагааны талаас шийдэж өгөх сураг дуулдаад удаж байгаа юм билээ. Орон нутгийн өмчид очсон "Бичигт-Их өргөө” байгууллага ч Олон улсын боомтоосоо ялгарах зүйл байхгүй. Ус цахилгаан нь хятадаас, улс байтугай аймгаасаа нэг ч төгрөг авч чадахгүй. Аялал жуулчлалыг хөгжүүлээд, жуулчдыг татаад тэндээсээ мөнгө босгож ажилчдаа цалинжуул хэмээн аймаг нь үүрэг өгчээ.
Жуулчдыг татах гэж хэрэндээ хичээдэг ч Шилийн богд, Алтан овоо орохын хооронд эрүүл мэндийн дэвтэр, вакцинд хамрагдсан шинжилгээний бичиг зэрэг түм буман бичиг баримт нэхдэг учраас жуулчид зүглэхээ больжээ. Хятадаас хараар ажиллахаар орж ирдэг, эсвэл суралцахаар ирдэг хүмүүсээс нэхдэг бичиг баримт нэхдэг учраас эхний удаад 40 хүн ирээд дахин ирэхээ больчихсон байгаа юм.
Жуулчилж яваа хятадуудыг зодож нүддэг асуудлаас үүдэн бараг л аялал жуулчлал хөгжүүлэх боломжгүй гэж хэлж болно. Нөхцөл байдал бодит байдал дээр ийм л байна. Гэтэл аймаг орон нутаг, УИХ-ын гишүүд наанаа түм буман сайхан зүйл ярьж байгаа. Бичигтийг хот болгох, аялал жуулчлалын онцгой бүс болгож Сүхбаатар аймгийг тэр мөнгөөрөө тэжээх талаар ярьж байгаа нь олон. Харамсалтай нь тэнд хүн байтугай мал тогтоход ч хэцүү байна, улстөрчид өө. Цаасан дээрх сайхан амлалт амьдрал дээр хэзээ биелэлээ олж, төрийн бодлого тэнд хүрэх вэ.
Б.Тогтох