|
Видео

Шинэ мэдээ

Бидний ”дампуурсан” сэтгэлгээ

"Бид нар харж ухаараад байхад улстѳрчид тэнэгтэж зѳрүүдлээд байна” хэмээн халаглаж харамсаад байх хэрнээ, бурууг нь ѳѳрѳѳсѳѳ биш, бусдаас хайдаг бидний сэтгэлгээ хэвээрээ. Яаж ч бодсон биднээс асар илүү мэдээлэл дунд байгаа, сайн муу боломжуудыг мэдэрч буй тэд, биднээс тэнэг мунхаг байна гэж байхгүй. Яг үнэндээ тэд ѳѳрсдѳѳ хичээгээд ч гарч чадахгүй байгаа, сэтгэлгээ нь хүлэгдсэн "Аалзны тор”- ыг бид хамтдаа сүлжсэн юм шүү дээ. Бид ѳнѳѳ цагт буруутай хэн нэгнийг олж цаазлаад л бүх зүйл сайн сайхан болчих юм шиг л сэтгэж хийрхсээр. "Аалзны тор” шиг сүлжсэн авилгал луйврын энэ тогтолцоог ѳѳрчлѳхгүй л бол тэд даварсаар, бид халагласаар л байх болно.

 

1. УЛСТѲРЧИД НЬ ѲѲРСДѲѲ БАТАЛСАН ХУУЛИА ЗѲРЧИЖ БАЙХАД БИД ЧИМЭЭГҮЙ Л ХАРЖ БАЙСАН. "Хѳгжлийн замаар” нэвтрүүлгийг бэлтгэх явцдаа судалж үзэхэд маш олон хуулиуд байдаг хэрнээ амьдрал дээр хэрэгждэггүй, олон стандартууд байдаг хэрнээ хуульчилж хэрэгжүүлдэггүй болохыг анзаарсан. Тэд хууль батлаад л байх хэрнээ хэрэгжүүлэхийг тэгтлээ хүсдэггүй, хянадаггүй болохоор иргэд ч энэ талаар санаа зовдоггүй, мэддэггүй. Хүн болгон хуулийн ѳмнѳ эрх тэгш байж чаддаггүй болохоор "хуулийг аргалж болно” гэх сэтгэлгээ бидэнд бий болжээ. Амьдрал дээр ѳѳрт тань асуудал тулгарахад хуулиа уншиж, хуульчаас зѳвлѳлгѳѳ авахын оронд таньдаг хүнээ хайх, хэн нэгэнд авилгал ѳгч аргалах тухай л боддог нь үүний илрэл. Эцэс сүүлдээ нийтээрээ энэ үзэгдлийг хүлээн зѳвшѳѳрдѳг болсон нь ХУУЛЬГҮЙ МОНГОЛ ОРОН болж эмх замбараагүй, дураараа авирлахын шалтаг болж буй.

 

2. БИД АВИЛГАЛЫГ УЛС ОРОН ДАЯАРАА ХҮЛЭЭН ЗѲВШѲѲРСѲН ҮНДЭСТЭН БОЛЖЭЭ. Бид улстѳрчдийн авилгалын талаар хашгиралдаад байгаа болохоос хүүхдээ цэцэрлэг сургуульд оруулахдаа, Их дээд сургуульд элсэн суралцаж тѳгсѳхдѳѳ, ажилд орж аятайхан албан тушаал авахдаа, машин жолоодож яваад дүрэм зѳрчихдѳѳ, хууль зѳрчѳѳд буруу үйлдэл хийгээд шийтгүүлэхдээ, ѳѳртѳѳ ашигтай шийдвэр гаргуулахдаа ѳгдѳг авилгалынхаа талаар тэгтлээ чанга дуугардаггүй. Тийм болоод л Тѳрийн албан хаагчид бага цалинтай мѳртлѳѳ хэрэглээ ѳндѳртэй хангалуун амьдарч байгааг бид хүлээн зѳвшѳѳрдѳг. Тийм болоод л улстѳрд орсон хэн нэгэн хамаатан садангуудтайгаа нийлээд хагартлаа баяжихыг хүлээн зѳвшѳѳрдѳг тѳдийгүй ѳѳрсдѳѳ ч бас тийм болохыг хүсэцгээдэг. УИХ ын гишүүд жил бүр ѳѳрийн мэдэлдээ 1- 3 тэрбум тѳгрѳг хуваарилуулан, түүгээрээ улстѳрийн "халтуур" хийж тѳсвийн хѳрѳнгийг үрж, улсыг хохирооход бид дуугардаггүй.

 

3. БИДНЭЭС МЭДЛЭГ ЧАДВАР МУУТАЙ, БИДНЭЭС ЁС СУРТАХУУНГҮЙ ХҮН БИДНИЙГ УДИРДАХЫГ ХҮЛЭЭН ЗѲВШѲѲРДѲГ БОЛЖЭЭ. "Хуц ухна тавьчихсан” юм шиг хэсэг нѳхдийг Монголын улстѳрд ээлжлэн сонгосоор, тэдний цүнхийг барьж далдганадаг, эсвэл хамаатан садан "мангар бацаан” ууд "хурган дарга”ын албан тушаал дээр дѳвчигнѳж солиорохыг харж бухимдсаар 27 жилийг үдэв. Ѳѳрсдийгѳѳ мундаг улстѳрч гэдэг "дүрдээ итгэчихсэн”, худалч луйварчин аргадаа гаршчихсан хэсэг хѳгшин тѳгцгүүдийг бид л давраасан. Эцэс сүүлдээ эрдэм мэдлэг, саруул ухаан, хѳгжил дэвшлийг тэдний ядмагхан арга залиар тѳсѳѳлѳхѳд хүрч байна. Бидний ухаангүй сонголт, хязгааргүй зусардал, арчаагүй хулчгар араншин тэднийг ийм болоход нь тусалсан. Цахим орон зайн араас тэднийг харааж зүхэн "цаазлах”, "дүүжлэх” амархан ч, хамтдаа бий болгосон энэ тогтолцоог ѳѳрчлѳх амаргүй болжээ. Ѳѳрѳѳс чинь арчаагүй дорой нэгэн ѳѳрийг тань удирдаж, ѳѳрийн тань ѳмнѳѳс шийдвэр гаргахыг хүлээн зѳвшѳѳрч суугаа нь бидний гутамшигтай эмгэнэл. Эрүүл саруул оюун ухаан, тэнэг мунхагийн ѳмнѳ хүчин мѳхѳсдѳж байгаа нь адгийн гутамшиг.

 

"Эх орон минь энэ луйварчингуудын балгаар сүйрлээ”, "Хойч үе минь хѳѳрхий, азгүй юм бэ. Бид яахав ѳнгѳрсѳн хүмүүс”, "Энэ новшнуудыг бурхан гэсгээх болно” гэхчилэн цахим орон зайн ардаас халаглан, гашуудан, бухимдаж суугаа биднээс ѳѳр хэн энэ тогтолцоог ѳѳрчлѳнѳ гэж? "Аалзны тор” онд хүлэгдсэн улстѳрчидѳѳс энэ бүхнийг эвдэж ѳѳрчлѳхийг хүсч байгаа залуус буй гэж би итгэж байна. Тэдэнд амаргүй байгаа ч улстѳрийн бохирдсон намган дундуур тэд гишгэчин зѳв гарцыг хайж байгаа. Тэсвэр тэвчээр барагдахын хязгаар дунд олон олон залуус зѳв гарц боломжийг эрэлхийлж байгаа. Дэлхийн хэмжээнд сэтгэж, дэлхийн хэмжээнд ѳѳрийгѳѳ үнэлж буй шинэ үеийнхэн айсаж буй. Би тэдэнд илүү итгэдэг. Гэхдээ тэдэнд туршлагатай ахмад үеийнхэн хэрэгтэй. Зѳвхѳн хѳгшчүүд, эсвэл дан залуус нийгмийг ѳѳрчилдѳггүй юм. Шинэ санаа, хуримтлуулсан туршлага хоршиж байж зѳв нийгмийг бүтээдэг юм. Хэн ч хэзээ ч ѳѳрийн эх орноо оршуулдаггүй юм даа.

 

ХАРИН БИД ЭХ ОРНЫХОО ТѲЛѲѲ ЮУ ХИЙХ ЁСТОЙ ВЭ?

 

1.Хүн болгон хуулиа судалж, мѳрдѳж амьдаръя л даа. Аливаа асуудлыг хуулийн хязгаар дотор шийдэж сурснаар бид бусдыг үлгэрлэн дагуулж, муу муухайг шахан зайлуулж чадна. Зѳвхѳн бүлэглэлийн ашиг сонирхолд таацуулан гаргасан хуулиудыг илчилж, тэднийг ѳѳрчлѳхийн тѳлѳѳ нэгдэх хэрэгтэй байна. Олноороо байгуулагдаж буй "Бодлогын Судалгааны Хүрээлэн”гүүд үүнийг хийж чадна.

 

2. Хүн болгон ѳѳрийн хийж буй ажилдаа чин сэтгэлээсээ үнэнчээр ажилла. Энэ бол нэг талаараа ѳѳрийнхѳѳ амжиргааны тѳлѳѳ мэт боловч, нѳгѳѳ талаараа эх орныхоо хѳгжил дэвшилд оруулж буй бодит хувь нэмэр. Зусардагсад, дарамтлагсадыг бүү тоо. Ажлын чанар үр дүнг хэн ч үгүйсгэж чаддаггүй юм. Болохгүй бол ѳѳр газар очоод ажилласан ч, чин сэтгэлийг хэн ч баллуурдан арилгаж чаддаггүй юм. Тодроод л гараад ирнэ.

 

3.Зѳв сайн үйлс болгоныг дэмжиж бас нэгд. Хашгираад уриалаад сууж байгаа хүнээс, боломжоо дайчлаад босгож бүтээж байгаа хүн ялгардаг юм. Та нар "Лантуун дохио” ТББ ын бүтээсэн "Ид шидийн орон” тѳслийг хар даа. "Хийх дургүй хүнд шалтаг нь олдож хийхийг хүссэн хүнд арга нь олддог”-ийн бодит жишээ энэ. Яг энэчлэнгээр сайн үйлстэнгүүд нэгдэж олон сайхан бүтээн байгуулалтыг бүтээх нь Монголын улстѳрчдийн арчаагүй сул дорой байгааг илчилж буй бодит үйлдэл. Цаана чинь ѳѳрѳѳ юу ч хийхгүй ѳрѳѳл бусдыг нетийн цаанаас хүчирхийлэлд уриалаад хашгирагсад зѳндѳѳ байна. Хашгирах, хийж бүтээхийн хооронд мѳн ч их зай, бас ялгаа буй.

 

4. Сонгуулиудад мѳн чанараа алдалгүй сонголтоо зѳв хийж бай л даа. Ѳѳрийн итгэл үнэмшил, мѳн чанар, ирээдүйгээ авилгалчдын тараасан хэдхэн тѳгрѳгѳѳр арилжиж худалддагаа болимоор байна. "Ямар иргэд буй тийм л тѳр оршино” хэмээх хэлц үгийн үнэнийг мэдрэхээрээ л нэг мэдэрлээ. "За би яахав ѳгснийг нь аваад "танилын нүүр халуун” гэгчээр саналаа энэ нѳхѳрт ѳгчихье. Бусад нь эзээ биш зѳв сонгох байлгүй дээ” гэх арчаагүй сэтгэлгээн дээр энэ орны хүвь заяа бүдэрч байна. Ядаж байхад бүгдээрээ яг ѳѳр шиг тань бодож байдаг.

 

…Яг одоо Монголын улстѳрийн "Аалзны тор” шиг бохир заваан тогтолцоо нуран унаж байна. Тэд сүүлийн хүчээ шавхан хашгиралдаж, бие биенээ хэмлэж байна. Тэд живж буй усан онгоцноос дайжих хархууд шиг сандралдан гүйлдэж байна. Тэд айн тэвдэцгээн, тэвдсэндээ булайгаа дэлгэж байна. Зүгээр л хоолойгоо засч, хиймлээр ухаантай дүр эсгэн жүжиглэж байсан багаа ѳѳрсдѳѳ хуулж байна. Зусардал долигонолын цаана "шав шалдан” байснаа харуулж байна, гэхдээ тэд ичихгүй байна. Харин бид одоо л ѳѳрсдѳѳсѳѳ ичиж, ухаарах цаг ирж байна даа. Гэхдээ хүмүүс эрүүл саруулаар сэтгэж эхэлж байгаа нь хамгийн чухал. Бид бүгдээрээ хэлэлцэж, бас шоолж, ухаарч сэтгэлгээгээ эрүүл саруулаар ѳѳрчилж эхэлбэл Монгол эх орон минь хѳгжинѳ дѳѳ. ЭХ ОРОН ТАНЬ ТАНЫ ТѲЛѲѲ ЮУ ХИЙХИЙГ ХҮЛЭЭХ БИШ, ЯГ ОДОО ЧИ ЭХ ОРНЫХОО ТѲЛѲѲ ЮУ ХИЙЖ ЧАДАХАА НОТЛОХ ЦАГ НЬ ИРЖЭЭ.

 

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.