|
Видео

Шинэ мэдээ

Валютын нөөц гурван тэрбумд хүрнэ гэв

Валютын нөөц гурван тэрбумд хүрнэ гэв

 

Монгол Улс ирэх оныхоо төсвийг батлав. Энэ жил эдийн засгийн өсөлт 3.3 хувь байгаа бол ирэх жил 4.2 хувьд хүрэхийн зэрэгцээ энэ өсөлт 2020 он гэхэд зургаан хувьд хүрнэ гэж уг төсөлд төсөөлжээ. Түүнчлэн хөрөнгө оруулалт нэмэгдэх хандлага ажиглагдаж буйг эх сурвалжууд хэллээ.

Ирэх жилийн төсөвт боловсролын салбарт илүү анхаарлаа хандуулсан нь сайн хэрэг хэмээн олон нийт талархаж байна. Түүнчлэн ирэх жил жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихээр 97.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор төсөвт тусгажээ. Харин үүнийг хэрхэн зарцуулах, үр дүн нь хэдийд гарах вэ гэдэг хүлээлт бий. Өнгөрсөн жилүүдэд үйлдвэрлэлд нэлээдгүй хөрөнгө зарцуулсан. Гэвч төдийлөн үр дүн гарахгүй байна хэмээн бизнесийнхэн шүүмжилдэг. Магадгүй энэ нь эдийн засгийн хямралтай холбоотой байж болох юм. Өөрөөр хэлбэл, эрэлтэд нийцсэн нийлүүлэлт байсан ч худалдан авах чадвар нь буурсантай холбоотой гэж хаацайлж болно. Гэсэн хэдий ч үйлдвэрлэлээ дэмжих асуудлыг ирэх оны төсөвт тусгасан нь эдийн засгийн өсөлт ажиглагдсантай холбоотой хэмээн зарим эдийн засагчид хэлж байгаа юм.

ВАЛЮТЫН ХАНШ ДАРАМТ ҮҮСГЭХГҮЙ

Мөн өнгөрөгч долоо хоногт Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийг батлав. Уг төсөлд Төвбанкнаас валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр сүүлийн жилүүдэд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний дүнд 2018 оны эцсээр валютын нөөц гурван тэрбум болох төлөвтэй байгаа талаар тусгажээ. Энэ үеэр аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч, иргэдэд ханшийн хэлбэлзлээс үүдэлтэй дарамт үүсэхгүйн тулд Монголбанк ханшийг тогтвортой байлгах чиглэлээр ажиллана гэдгээ илэрхийлэв.

ТӨВБАНКНЫ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭНЭ

Төвбанкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барив.

Манай улсын эрдэмтэн судлаачдын үнэлгээгээр Монголбанкны бие даасан, хараат бус байдал нь "хангалтгүй” гэж үзсэн байна. Энэ нь инфляцийн өндөр хэлбэлзэл, гадаад валютын улсын нөөцийн хомсдол, Монголбанкны өөрийн хөрөнгийн алдагдал зэрэг макро эдийн засгийн тоон үзүүлэлтээс харагдаж буйг тэд онцлов. Тиймээс Төв банкны бие даасан, тогтвортой байдал нь үнийн төвшний тогтвортой байдалтай удаан хугацаанд шууд хамааралтай  талаар тогтоосон судалгааны ололтод тулгуурлан Монголбанкны бие даасан, хараат бус байдлыг дээшлүүлснээр эдийн засагт үүсч буй бэрхшээл, асуудлыг шийдвэрлэх нь хуулийн төсөл боловсруулах шаардлага, зорилго болсон ажээ.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Д.ОЮУНЧИМЭГ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.