НАСАНД ХҮРЭГЧДИЙН 90 ГАРУЙ ХУВЬ НЬ ШҮД ЦООРОХ ӨВЧТЭЙ

198

НАСАНД ХҮРЭГЧДИЙН 90 ГАРУЙ ХУВЬ НЬ ШҮД ЦООРОХ ӨВЧТЭЙ

 

Дэлхий даяар сургуулийн насны хүүхдийн 60-90 хувь, насанд хүрсэн хүмүүсийн бараг 100 хувь нь шүдний кариестай буюу цооролтой байна.  Америкт жил бүр 100 сая хүний амны хөндийн эрүүл мэндээр, тэр дундаа шүдний үзлэгт хамрагдаж чадахгүй үлддэг.

Шүд унахад хүргэдэг буйлны хүнд хэлбэрийн өвчлөл нь дунд эргэм насны хүмүүсийн (35-44 нас) 15-20 хувьд илэрдэг.

Дэлхий даяар 65-74 насны хүмүүсийн 30 хувь орчим нь жинхэнэ шүдгүй (хиймэл шүдтэй) байна. Дэлхий даяар 6-12 насны хүүхдүүдийн 16-40 хувь нь тоглоомын талбайд гэмтэх, сургуулийн орчинд гэмтэх, авто осол, хүчирхийллийн улмаас шүдээ гэмтээж байна.

Харин монгол оронд одоогийн байдлаар шүд цоорох өвчний тархалт 3-5 настнуудын 79 хувь, 6-8 насанд 85, насанд хүрэгчдийн дунд 90 гаруй хувьтай байгаа нь маш өндөр хувь юм. 

2008 онтой харьцуулахад энэ оны байдлаар шүд цоорох өвчний тархалт улс 7-9.8 хувиар, шүд цоорох эрчим 0.2-0.6 хувиар буурчээ.  Харин бүрэн шүдтэй хүүхдийн эзлэх хувь 0.5 хувиар, амны хөндийн өвчний эрүүлжүүлэлт хувь 5.5-7.2 хувиар тус тус өсчээ.

Амны хөндийн өвчлөл үүсэхэд хүргэдэг эрсдэлт хүчин зүйлүүдэд эрүүл бус хооллолт, тамхи татах, архи хэтрүүлэн хэрэглэх, амны хөндийн эрүүл ахуйн дэглэмийг сахихгүй байхаас гадна дараах зуршил нөлөөлдөг.

·         Хуруугаа хөхөх

·         Уруулаа хазах

·         Хумсаа хэмлэх

·         Хэлээ гаргах

·         Буруу залгих

·         Шүдээ хавирах

·         Амаар амьсгалах нь буруу зуршил юм. Эдгээр буруу зуршлаас болоод хүүхдийн амны хөндий хэл ярианд олон янзын өөрчлөлт үүсч болно. Тухайлбал, шүдний эгнээний өөрчлөлт үүсэх боломжтой. Үүнд шүд орсгой болох, эрүү шаамий болох, тагнай гүн болох мөн уруулын гадна талын арьс салст хуурайшиж гэмтэх гэх мэт.

Урьдчилан сэргийлэх:

·         Амны хөндийн эрүүл ахуйг зөв сахих

·         Хооллох зөв дэглэм баримтлах

·         Байнгын шүдний эмчийн хяналтанд байх

·         Чихрийн хэрэглээгээ бууруулж, шаардлагатай шим тэжээлийг тогтмол хэрэглэснээр шүд үйрэх, цагаасаа өмнө шүд унахаас сэргийлж чадна.

·         Жимс, ногоог хоол хүнсэндээ хэрэглэх нь амны хөндийн хавдраас сэргийлнэ.

·         Тамхи татахаа болих, архины хэрэглээгээ бууруулвал амны хөндийн хавдар, буйлны өвчин тусах, шүд унах эрсдэл буурна.

·         Амны хөндийн эрүүл ахуйг хангах

·         Автомашин барих, спортоор хичээллэх үедээ хамгаалалт хэрэглэж эрүү-нүүрний гэмтлээс хамгаалах зэрэг орно.

·         Шүдэнд наалдамхай, бөөгнөрч хуримтлагдах шинжтэй хоол хүнс нь шүд цоорох өвчнийг нэмэгдүүлдэг тул эдгээр бүтээгдэхүүнээс татгалзах, наалдсан тохиолдолд даруй цэвэрлэж байх

·         Паалангийн эргэн эрдэсжих үйл явцыг дэмжихийн тулд хоол хоорондын зайд шүлсний ялгарах хурдыг сайжруулах зорилгоор сахаргүй бохь зажлах, шүлс ихээр ялгаруулдаг исгэлэн амттай хүнс хэрэглэх

·         Унтах үед шүлсний ялгарах хэмжээ багасдаг тул орондоо орохын өмнө амттан болон чихэрлэг ундаа, жүүснээс татгалзах

·         Бага насны хүүхдийг унтах үед сүү, жүүс болон бусад сахар агуулсан шингэн зүйлийг угжаар өгөхгүй байх,

·         Ээжүүд аль болох шөнө хүүхдээ хөхүүлж унтуулахгүй байх. Хүүхэд унтаж байхдаа хөхсөн сүүгээ цааш гүйцэд залгилгүй, амандаа удаан байлгаснаас болж чихэрлэг сүү хуримтлагдан, шүд цоорох шалтгаан болдог.

Г. Батжаргал, НЭМҮТ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.