ХЭЭРИЙН АН АМЬТАНД ЗОРИУЛСАН ЦӨӨРМИЙГ ХИЙЖЭЭ
Өмнөговь аймгийн урд говь руу цас хур тунадас бага унасантай холбоотой хээрийн ан амьтад ангаж цангах үзэгдэл олон болсон. Энэхүү нөхцөл байдалд үндэслэж Өмнөговь аймгийн "Өглөөний клуб”-ын залуус Номгон сумын Төхөм багийн нутагт 10 метр куб цөөрмийг байгуулжээ. Энэхүү цөөрөм нь жилийн дөрвөн улиралд ашиглагдах онцлогтой юм.
Байршлын хувьд зэрлэг ан амьтдын төвлөрсөн төв цэгт байгуулснаараа ач холбогдолтой бөгөөд урт удаан хугацаанд сэргээн ашиглах боломжтой. Аймгийн хэмжээнд шинэ он гарсаар анхдагч био техникийн арга хэмжээ ба Өглөөний клуб, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар хамтран оролцсон байна.
Хээрийн амьтдын төвлөрсөн цэгт цөөрөм хийсэн нь зэрлэг ан амьтан, байгаль орчноо хайрлан хамгаалахад оруулж буй бодит хувь нэмэр төдийгүй малчид, иргэд, нийт Өмнөговьчуудаа био техникийн арга хэмжээнд уриалсан сайхан ажил болсныг Номгон сумын Төхөм багийн малчин А.Эрдэнэсан онцолж байлаа. Түүнчлэн уг цөөрмийг байнгын устай байлгаж ан амьтдаа ундаалах зорилгоор А.Эрдэнэсан гуайд харж хандаж байхыг даатган хүлээлгэн өгчээ.