24 хувиас дээш хүүтэй зээлийг хүүлэлт гэж үзнэ
УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачилгаар өндөр хүүтэй зээл олгож, мөнгө хүүлэх явдлыг зогсоох хуулийн төсөл боловсруулж байна. Нийгмийн сүлжээнд түүний санаачилгыг хэдэн мянган хүн дэмжиж буйгаа илэрхийлснээс харвал уг хууль олны дэмжлэгийг авах нь тодорхой бололтой. Мөнгө хүүлэлт гэж юу вэ. Эрх зүйн толь бичигт "Мөнгө хүүлэлт гэж зах зээлийн хувь хэмжээнээс маш өндөр хүүтэй зээл олгож үүрэг гүйцэтгэгчийг үгүйрүүлэх, хоосруулахад чиглэсэн хэлцэл байгуулан хүүлэхийг хэлнэ” гэж томьёолжээ. Өөр нэгэн тайлбар тольд "Санхүүгийн үйл ажиллагааг хууль бусаар, мөлжлөг маягаар явуулж байгааг хүүлэлт гэнэ” гэсэн байв. Тэгэхээр хүмүүсийг хөгжүүлж, дэвжүүлэх биш, үгүйрүүлж, ядууруулах нөхцөлтэй зээлийг мөнгө хүүлэлт гэж ойлгож болох нь.
Монголд мөнгө хүүлэлт бий юү? С.Эрдэнэ гишүүний санаачилсан хууль Монголд анх удаа мөнгө хүүлэлт гэж юуг хэлэхийг тодорхойлох оролдлого юм. Иргэд өндөр хөгжилтэй орнуудын жишгээс хавьгүй өндөр хүүтэй зээл олгож буй банкуудыг хүртэл мөнгө хүүлэгч гэж дургүйцлээ илэрхийлдэг. Манай банкууд Япон, Солонгос гэх мэт өндөр хөгжсөн, эдийн засаг нь тогтворжсон орнуудынх шиг жилийн 2-4 хувийн хүүтэй зээл олгож чадахгүй. Учир нь манай улсын эдийн засаг хөгжөөгүй, тогтворжоогүй учраас өндөр эрсдэлтэй байдаг.
Тэгэхээр өндөр хөгжилтэй орныхтой харьцуулчихаад, "Манайхан мөнгө хүүлээд байна” гэж буруутгаж боломгүй. Мөнгө хүүлэлтийн хувь хэмжээг тогтоохдоо эдийн засгийн нөхцөлтэйгөө "уяж” үнэлж, дүгнэвэл бодитой тоо гарна. Одоогоор банкуудын зээлийн дундаж хүү (жилийн) ойролцоогоор 20, банк бус санхүүгийн байгууллагуудынх 40, ломбардуудынх 100 хувь байгаа. Иргэд, бичил санхүүгийн зарим байгууллага "Өдрийн зээл” гэх нэртэй хүүг нь өдөр бүр тооцдог зээлийг авч, өгөлцөх болсон. Энэ төрлийн зээлийн хүү сарын 10 хувь байгаа аж. Өөрөөр хэлбэл, жилд 120 хувийн хүүтэй зээл гэсэн үг. Банктай харьцуулбал банк санхүүгийн байгууллага хоёр, ломбард тав, иргэд зургаа дахин өндөр хүүтэй зээл олгож байгаа биз. Тэгэхээр эрх зүйн толь бичиг дэх томьёоллоор авч үзвэл манайд мөнгө хүүлэлт байгаа нь тодорхой юм.
Мөнгө хүүлэлтийн эсрэг хуулийг анх санаачлахдаа банкны зээлийн хүүгийн дээд хязгаарыг 18, банк бус санхүүгийн байгууллагынхыг 35 хувиар тогтоохоор тусгасан. Өнөөгийн дунджаас нь доогуур тогтоож, түүнээс дээш хувийн хүүтэй зээл олговол мөнгө хүүлэлт гэж үзэн, хариуцлага тооцно гэхээр хэн ч эсэргүүцнэ. Толгойноос нь 18, 35 хувь гэсэн тоо гарсан С.Эрдэнийг банк болон банк бус санхүүгийн байгууллагын эзэд "эргүү тэнэг” гэж дуудав. Зөвхөн банк, банк бус санхүүгийн байгууллагын хүүгийн дээд хязгаарыг тогтоох гэж оролдсон нь ч тэдний эгдүүцлийг улам төрүүлсэн байх. Тэд "Биднээс илүү ломбард, "Өдрийн зээл” олгодог иргэдийг мөнгө хүүлэгч гэж үзэх ёстой” гэж барьцсан удаатай.
Мөнгө хүүлэлтийн эсрэг хуулийн төсөл боловсруулж байгаа ажлын хэсгийнхэнтэй өнгөрсөн долоо хоногт уулзлаа. Тэд "24-өөс дээш хувийн хүүтэй зээл олгосон тохиолдолд мөнгө хүүлэлт гэж үзэхээр болсон” гэв. Өмнө нь санхүүгийн байгууллага бүрээр нь зээлийн хүүгийн дээд хязгаарыг ялгаатай тогтоох гэж байсан бол 24 гэсэн ганц тоо тавихаар болжээ. Энэ тоог тэд яаж бодож олсон юм бол. Хас банкны зээлийн хүүгийн дээд хэмжээ 24 хувь байгаа аж. Тиймээс 24 хувиас дээш хүүтэй зээл олговол хүүлэлт гэж үзэхээр шийдсэн гэнэ.
Санхүүгийн зах зээлд хамгийн бага хүүтэй зээл олгож буй банк бол Хас банк. Тэдний зээлийн хүүгийн дундаж өнгөрсөн онд 17 хувь болсон нь хамгийн доод түвшинд хүрсэн үзүүлэлт юм. Хамгийн бага хүүтэй зээл олгож буйг нь жишиг болгосон нь бүх банкны нь хүүг бууруулах гэсэн далд санаа агуулж байх магадлалтай. Хэрэв энэ саналыг УИХ дэмжвэл бүх банкны зээлийн хүү буурах нь дамжиггүй. Үүгээр зогсохгүй банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, ломбардууд сарын хоёр хувиас дээшгүй хүүтэй зээл олгодог болно. Иргэдийн өөр хоорондоо зээлэх мөнгөний хүү ч сарын хоёр хувиас хэтрэх учиргүй болно гэсэн үг.
Банкнаас бусад санхүүгийн байгууллагуудын зээлийн хүүгээ өндөр тогтоодог шалтгааныг эрсдэлтэй холбон тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, нийгмийн эрсдэл ихтэй хэсэгт зээл олгодог учраас өндөр хүү тогтоодог гэсэн үг. Тэгэхээр эндээс эрсдэл өндөртэй хэсэгт зээл олгодог санхүүгийн байгууллагыг банктай адилтгаж үзэх боломжтой юу гэсэн асуулт "ургана”. Ажлын хэсгийнхэн "Банкууд 13 хувийн хүүтэй хадгаламж татаад, эрсдэлээ үүрээд, дунджаар жилийн 20 хувийн хүүтэй зээл олгож байгаа. Тэгвэл банк бус санхүүгийн байгууллага, ломбардууд өөрийн мөнгийг зээлдэг, хэнд ч хадгаламжийн хүү төлдөггүй.
Тэгэхээр эрсдэлээ шингээх орон зайг нь 13-15 хувь гэж үзэх үндэстэй” хэмээн ярив. Ялангуяа банк бус санхүүгийн байгууллагууд гадаадаас 20 хувийн хүүтэй мөнгө зээлж, бичил бизнесийг санхүүжүүлэх тохиолдол түгээмэл. Үүнийг ажлын хэсгийнхэн гадаадынхан Монголын зах зээлээс мөнгө хүүлж байгаагийн тод хэлбэр гэж тайлбарлаж байлаа.
Юутай ч "24 хувь” гэсэн хязгаар тогтоох санал гарчээ. Мэдээж үүнийг УИХ-ын байнгын хороо, нэгдсэн чуулганы хуралдаанаар нухацтай хэлэлцэх нь ойлгомжтой. Мөнгө хүүлэлтийг зогсоох арга хэмжээ авч буй нь зөв. Гэхдээ хэдэн хувиас дээш хүүтэй зээлийг мөнгө хүүлэлт гэж үзэхийг сайтар хэлэлцэх ёстой. Магадгүй 24 хувь өнөөгийн эдийн засгийн нөхцөлд хэт хатуудсан байж мэдэх юм. Мөнгө хүүлэлтийг зогсоохын тулд зээлийн хүүд дээд хязгаар тогтоосон туршлага олон бий. Тухайлбал, АНУ жилийн 12, Япон 20 хувиас дээш хүүтэй зээл олговол мөнгө хүүлэлт гэж үздэг.