Монголчууд 5-10 хувийн зээл, зээлийн хүүнд сөхөрч, туйлдаж байна

1360
Монголчууд 5-10 хувийн зээл, зээлийн хүүнд сөхөрч, туйлдаж байнаЭдийн засгийн хямралын шуурганд навс цохиулсан монголчууд өндийж чад­даггүй ээ, чаддаггүй. Уг нь дэлхий нийтийг элгээр нь мөлхүүлсэн энэ шуурганд сөхөрсөн бусад улс хөл дээ­рээ босох нь босчихоод л байгаа. Гэтэл манайхан сө­хөр­чихөөд эргэн босох нь бүү хэл, иргэд нь элгээ­рээ мөлхсөөр л байна.

Тод­руул­бал, иргэд нь аалзны тор шиг сүлжилдэх өрөнд орчи­хоод, түүнийхээ хүүнд дарлуулан туйлдаж байна. Энэ нь Монголын эмгэнэл болж байна гэхэд дэгсдэхгүй биз.

Ядуу ард иргэдийн зов­лонг хөнгөлөх нэрийд­лээр тэдэнд илүү их да­рамт үүсгэдэг хувь хүн, бай­гуул­­­лага, аж ахуйн нэгж төрөл бүрээр гарч ирсэн. Тухайлбал, банкнаас гадна барьцаалан зээлдүүлэх үйл­­­чилгээ буюу ломбард, банк бус санхүүгийн бай­гуул­лага, мөнгө зээлүүлдэг хувь хүн гээд өрийн сүл­жээг бүрдүүлэгчид ёоз ёозоо­роо бий. Энэ нь нэг та­лаараа мөнгө яаралтай шаард­лага­тай байгаа хү­мүүст хэрэг­тэй мэт боловч эргээд тэдэнд дааж давшгүй өр болдог.

Үүний нэгэн жишээ нь "Нарантуул” олон улсын худалдааны төвийн най­маачид. Энэ захын лангуунуудад өмнө нь эзэн мунддаггүй. Үнэ хаялцан байж лангууг өөрийн болгодог байсан цаг саяхан гэнэ. Гэтэл одоо хоосон лангуу мэр сэр харагдах болсон. Хажуугийн лан­гуу­ны түрээслэгчид нь "Гүйлгээ муутай байна. Хү­мүүсийн худалдан авалт буурсан. Эхнээсээ ингээд лангуугаа хаяад, жижиг гэлтгүй бизнесээ орхиж байна” хэмээж байх юм.

Арга ч үгүй биз. Үнэ цэнэтэй эдлэл барьцаалан зээл олгодог ломбардын хүү 5-9 хувь. За тэгээд банкны бизнесийн зээл, авто­машины ломбардын хүү бол бүр талийж одно. Эдгээр зээлийн дээд тал нь 15 ху­вийн хүүтэй.

Хувь хүн, хувь хүндээ зээлэхэд ямар нэг барьцаа энэ тэр гэхгүйгээр 10 ху­вийн хүүтэй зээлдүүлдэг. Яаралтай хэрэгцээ гарч, арван хувийн хүүтэй зээлэхээр таван сая төгрөг авсан хүн зөвхөн хүүнд нь сар бүр 500 мянган төгрөг төлөх жишээтэй. Авто­машин барьцаалан зээл олгодог зарим аж ахуйн нэгж энэ хүүгээ бүр 14-21 хоног тутамд төлөхийг шаар­дана. Энэ мэтээр өндөр хувьтай зээлийн хүүнд иргэд сөхөрч байна.

Тухайлбал, таван сая төг­рөгийг дээрх газруудаас хэдэн хувийн хүүтэй зээлж, хэдэн төгрөг хүүнд нь төлөхийг доорх хүснэгтээс харж болно. Банкуудыг тө­лөө­лөн "Хас”, Банк бус санхүүгийн байгууллагыг төлөөлж "Алтан давалгаа”, ломбардуудыг төлөөлүүлж "На­чин заан”, хувь хүнээс хэрхэн зээлэхийг харуулъя.

Энэ удаа иргэдэд ийм төрлийн үйлчилгээ үзүүлдэг барьцаалан зээлдүүлэх үйл­чилгээний газар буюу ломбардын талаарх мэдээл­лийг хүргэхээр зорив. Хэд хэдэн ломбардаар ороход, доод тал нь л 3-4 хүн үйлчлүүлэхээр дугаарлаж байгаа харагдлаа. Ломбард­ны ажилтнаас өдөрт хэч­нээн хүн үйлчлүүлдгийг асуухад, "Хэдэн зуугаараа л үйлчлүүлж байгаа шүү дээ. Яг нарийн хэлэх бо­ломжгүй. Яагаад гэвэл ком­панийн нууц” гэв.

Үйлчлүүлж байгаа хү­мүүсийг хэсэг ажиглангаа тэнд хэсэг хугацаанд байхад, олонх нь л барьцаанд тавь­сан зүйлийнхээ хугацааг сунгуулж байлаа. Мөнгөө төлөөд эд зүйлээ авч байгаа нь тун ховор. Энэ бол "Сайн” ломбардын хотын төв дэх нэг салбарын хэсэгхэн хуга­цааны л дүр зураг.

Тус ломбардад "төмөр хүлэг”-ээ барьцаалж мөнгө зээлчихээд түүнийгээ ху­га­­цаанд нь төлж бараг­дуулж чадаагүйгээс, тус ломбардын өмч болгосон олон хүн байгаа бололтой. Үйлчлүүлэгчдэд зориулан гаргасан мэдээллийн сам­барт "зарна” гэсэн буланд авто­машины уртаас урт жагсаалт гаргасан байлаа.

Энэ нь иргэд хүүтэй мөнгөний хүүнд дарлуулж байгаагийн нэг илрэл юм. Хүмүүсийн хамгийн их үйлчлүүлдэг, өөрөөр хэл­бэл итгэлийг нь хүлээсэн "Начин заан”, "Сайн” лом­бардаар ороход яг л ижил дүр төрх биднийг уртав. Зээлийн хүүний хувьд ч нэг түвшнийх.

Тодруулбал, эдгээр лом­бард нэг сая төг­рөгөөс давсан мөнгө зээлбэл хүүгээ бууруулж таван хувь болгодог. Түүнээс доош хэмжээний мөнгийг сарын долоон хувийн хүүтэй зээ­лүүлдэг аж. Голчлон алт, монетон эдлэл, хуучны нарийн хийцтэй мөнгөн эдлэл, сүүлийн үеийн ухаалаг гар утас зэргийг барь­­цаалан зээл олгодог юм байна.

Гэхдээ сүүлийн үед засвар орсон гар утас барь­цаанд тавьж, мөнгө зээл­чихээд ирж авдаггүйгээс гар утас авахаа больсон гэх ломбард олонтаа таарсан.

Ядуу иргэдийнхээ эрэл­тэд дөрөөлөн сүүхээтэй нэг нь пүүз, гар утас, компьютерийн төрөлжсөн ломбард хүртэл нээн ажил­луулж, тэр нь багагүй ашигтай байдаг бололтой. Энэ төрлийн ломбардын гол үйлчлүүлэгчид нь оюутан залуус аж. Яагаад гэвэл томчууд буюу эцэг эхчүүдийн ядуурал шууд утгаараа багачуудад нь нө­лөөлдөг. Аргаа барсан хүн л өмсч байсан пүүзээ барьцаанд өгч, мөнгө авах дээрээ тулна байлгүй дээ. Энэ мэтээр иргэд ядуурч, элгээрээ мөлхөж байна. Юутай ч жирийн ир­гэдийн боргилхон амьдрал зээлээс зээл, лизингээс лизингийн хооронд өрнөж, тэд түүндээ туйлдаж байгааг элдэв нэмэр хачиргүйгээр хүргэхийг зорилоо.

Да­раагийн сурвалжлага маань автомашин барь­цаалан мөнгө зээлүүлэх үйлчилгээ, банк, банк бус санхүүгийн байгууллага, мөнгө зээл­дүүлэгч хувь хүний үйл­чилгээгээр үр­­гэлжлэн ун­шигч танд хүрэх болно.

Өглөөний сонин
М.Уянга

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>