Монгол бөхөнг аврах ажлууд эхэллээ
Х.Бөртэ
Монгол орны ихэнх нутгаар өнгөрсөн зун бороо багатай байснаас шалтгаалж өвс муу ургасан билээ. Сүүлийн өдрүүдэд нутгийн баруун хэсэгт орших Алтай Соёны бүс нутагт цас их орсон нь байдлыг улам хүндрүүлж өвсөн тэжээлт зэрлэг амьтад идэш тэжээлийн дутагдалд ороод байгаа юм. Тиймээс Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд цаг алдалгүй ажиллаж биотехникийн арга хэмжээ авч эхэллээ.
Эхлээд монгол бөхөнгийн тусгаар популяци байршдаг Шарга-Манханы байгалийн
нөөц газарт өвс тавьсан бөгөөд дараа нь Шаргын говьд зэрлэг амьтдад зориулж
өвс, хужир, тэжээл тавилаа. Бөхөн хамгаалах сүлжээ багийн ахлагч Б.Батсайхан”
Бөхөнгийн тархац нутгуудаар цас их оржээ. Зарим газартаа 15-20 см зузаан цас
орсон байна. Зун өвс бага ургасан болохоор зэрлэг амьтад, ялангуяа монгол бөхөн
идэш тэжээл олж идэхэд их хэцүү боллоо. Тиймээс монгол бөхөн, хар сүүлтий зэрэг
амьтдад зориулж өвс, тэжээл тавих ажлыг эхлүүлээд байна. Биотехникийн энэ арга
хэмжээ зэрлэг амьтдад бага ч гэсэн тус болно гэдэгт найдаж байна” хэмээн
ярилаа.
|
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд өнгөрсөн намраас нөхцөл байдлын судалгаа хийж монгол бөхөнг авран хамгаалах талаар тодорхой ажлууд хийхээр төлөвлөсөн байсны нэг нь энэхүү биотехникийн арга хэмжээ юм. Цас их орж байгаа тул тул биотехникийн арга хэмжээг шаардлагатай газруудад үргэлжлүүлэн хийнэ. Түүнчлэн монгол бөхөнгийн үнэ цэнийг нутгийн иргэдэд сурталчилах, хүн бөхөн хоорондын зөрчлийг бууруулах зорилготой явуулын кампанит ажлыг эхлүүлээд байгаа аж. Хавар байдал улам хүндрэх төлөвтэй байгаа тул тодорхой ажлуудыг урьдчилан хийхээр төлөвлөсөн талаар тус байгууллагын удирдлага мэдэгдлээ.
Байгаль цаг уурын таагүй нөхцөл, халдварт өвчний дэгдэлт, хууль бус агнуур нь монгол бөхөнгийн тоо толгойг бууруулж байсан баримтууд бий. Тухайлбал, 2001 оны зун гантай байж, улмаар 2002 оны өвөл тохиосон зуднаар Монгол бөхөнгийн тоо толгой 750 болтлоо буурч байсан гашуун түүх бий. Харин Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар болон бусад талуудын хамтын хичээл зүтгэлээр Монгол бөхөнгийн тоо, нөөц, байршил нутаг мэдэгдэхүйц нэмэгдэж 2014 оны байдлаар тоо толгой 14,000-д хүрч, тархац нутаг 13 хувиар нэмэгдсэн. Харамсалтай нь, 2016 оны сүүлээр бог малын мялзан өвчний улмаас тоо толгой нь эрс буурч 2017 оны гуравдугаар сарын байдлаар ердөө 5000 хүрэхгүй бөхөн үлдээд байсан тоон мэдээлэл бий.