А.Камю "ЭТГЭЭД ХҮН"

973

А.Камю "ЭТГЭЭД ХҮН"

 

Абусурд-дүрийн бэлгэдэл хэмээн Мерсог шүүмжлэгчид тодорхойлсон байдаг. Ер нь АБСУРД гэдэг нь юу гэсэн үг юм бэ?
Хамгийн түрүүнд утга учиргүй л гэж санаанд буух байх. Хорвоо ертөнц өөрөө хаос шинжтэй. Ирээдүйг нь урьдчилан мэдэх боломжгүй гэдгийг Германы суут физикч Хайзенберг тодорхойгүйн зарчим гэдэг онолоороо хэлж өгсөн. Амьдралыг нарийн төлөвлөнө энэ тэр гэдэг бол прагматик үзэлтэй барууныхны гэнэн санаа байх. Дорно дахины философид амьдралыг зүүд зэрэглээ мэт хуурмаг үзэгдэл гэдгийг эртнээс тайлбарласаар ирсэн. Утга учиргүй амьдралд утга учиртай амьдрах гэж зүтгэх нь ёстой жинхэнэ утгагүй учиргүй хэрэг шүү!

"Сизифийн домог" эсээндээ тулгуурлаж "Этгээд хүн"-ийг бичсэн хэмээн судлаачид үздэг. Нэг л юмаа дахин давтсаар үрж дуусдаг амьдралд юунд нь хүн татагддаг вэ? гэж үү! Таашаал авдаг тэр үйл явц олон давтагдахыг аз жаргал гэж нэрлэнэ. Амттай хоол, сэтгэл баясгах үзвэр үйлчилгээ, хайрын мэдрэмж, сексээс авах хүсэл тачаалын ханамж, санасан бодсон нь бүтэж байна гэж бодох сэтгэлийн баясал...гэх мэт тоочивч баршгүй амьдралын олон талт үзэгдлүүдийн нийлбэр юм.

Мерсо амьдралд цөхөрч бууж өгсөн сул дорой хүн биш, харин амьдрал утга учиргүйг ухаарсан гэгээлэг хүн юм.Тиймээс хүн өөрийгөө аргацаахын тулд бодож олсон олон янзын хуурамч дүрэм журамыг эсэргүүцэж байна. Нийгэм хэмээн нэрлэх гоё үгсээр дүүрэн "шорон"-д хүн өөрийгөө хорьжээ. Морал, ёс суртахуун ярих хүн гэгч яг цаагуураа бол өрөвдөлтэй ганцаардмал амьтан. Бул хар чулууг уулын оройд гаргах "Сизиф"-ээс ялгаагүй зовлонтой нэгэн. Гагцхүү өнхөрсөн чулууныхаа араас уул руу уруудах тэр агшин хоромд сэтгэлийн жаргал цэнгэл эдэлдэг байх.

Буддизмыг онцгойлон үздэг Камю өөрөө гэгээрсэн хүн байжээ. Утга учиргүй амьдралыг утга учиртай болгох гэж тэмцдэг хүний зовлонг өөр өнцгөөс харсан байна. Мерсо шиг байж яагаад болохгүй гэж? Үхэл биднийг амьдралаас чөлөөлнө. Харин нөгөө "чулуу" өнхрүүлдэг зовлон маань үргэлжилсээр байх уу гүй юу гэдгийг мэдэхгүй дээ л гачлан нь оршиж байна. Тиймээс энэ насанд олдсон амьдралдаа "чулуу"--гаа өнхрүүлэхдээ баяр хөөртэй байцгаая! Дахин давтагдах үйл явц хүний оршихуйн мөн чанар юм. Зугтаах арга байхгүй.

Камюгийн "Этгээд хүн"-ий санааг орчин үед уран зохиолоор дахин нэг нухацтай эргэцүүлж үзсэн хүн нь постмодернизмын сод төлөөлөгч Милан Кундера юм даа. ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ ХӨНГӨН ОРШИХУЙ -н талаар би нэг эргэцүүлэл бичсэн. Эргэцүүлэх, бодох юмтай ном л хамгийн сайхан.
2018-02-19


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>