120 хүүхдийн цэцэрлэгийг гурван жил хүлээж байна
М.БААСАНДЭЛГЭР
Нийслэлийн захын дүүргүүдэд цэцэрлэг хүрэлцэхгүй, азын сугалаанд хожоогүй олон хүүхэд гэртээ өдрийг өнгөрүүлж байна. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 2017 онд 252753 хүүхэд нийт 1422 цэцэрлэгт элсэн оржээ. Нийслэлийн хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчийн 216 цэцэрлэг дээр 13 цэцэрлэг нэмж ашиглалтад орсон ч нийт цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 20 хувь нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа юм. Цэцэрлэгийн тоо дутмаг байгаа энэ үед Сонгинохайрхан дүүргийн ХХ хороонд 2015 оноос баригдаж эхэлсэн 11 мянган ам метр талбайтай, 120 хүүхдийн багтаамжтай 228 дугаар цэцэрлэг одоог хүртэл ашиглалтад ороогүй байгаа нь анхаарал татав. Ингээд СХД–ийн Нефть баазын дэргэд баригдсан 228 дугаар цэцэрлэгийг зорьлоо.
Цэцэрлэгийн барилгын ажил бүрэн дууссан байсан ч эзэнгүй хоосон байв. Тэр хавийнхны хэлж буйгаар барилга нь дууссан ч тоггүй гэнэ. Цэцэрлэгийн эрхлэгч болон нягтлан нь хааяаахан ирээд явдаг хэмээн оршин суугчид хэлэв. СХД–ийн ХХ хорооны Засаг дарга Х.Нэмэхбаяр "Цэцэрлэгийн барилгыг БСШУСЯ–ны захиалгаар 2014 оноос эхэлж, 2015 онд хүлээлгэж өгөх ёстой байсан. Гэсэн ч цахилгаан, дулааны асуудлаас болоод барилгын ажил удааширсан. Энэ асуудлыг нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар шийдэж, зураг төсөл бүх зүйлийг нь хийж өгсөн. Тиймээс энэ барилга ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс ашиглалтад гацах зүйлгүй орно. Бас нэг хойшилсон ажил нь гадна тохижилт байсан. Үүнийг өвөл хийвэл чанаргүй болох учраас газар гэсэхээр хийхээр болсон. Манай хороонд 200 гаруй хүүхэд энэ цэцэрлэгт орно гэж бүртгүүлсэн” гэв. 1992 оны Үндсэн хуулиар XX хороо гэж бий болсноосоо хойш одоог хүртэл нэг ч сургууль цэцэрлэггүй байгаа юм. Энэ хороонд 2-5 насны 600 орчим хүүхэд бий. Тэр хүүхдүүд бусад хорооны цэцэрлэгт хуваарилагдан суралцдаг байна. Гэтэл 2015 онд ашиглалтад орж, 200 хүүхэд хорооныхоо цэцэрлэгт явах боломж байсаар атал яагаад өдий хүртэл гацаад байна вэ гэдэг асуултад дорвитой хариу өгөх эзэн алга байна.
БСШУСЯ–наас 2015 оны гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 20-ны хооронд 1.1 тэрбум төгрөгийн төсөвтэй барилгын тендерийг зарласан байна. Үүнийг "Хайрхан бар” компани нэг тэрбум 48 сая төгрөгийн саналаар авч мөн оны тавдугаар сарын 25-ны өдөр гэрээгээ хийж, газар чөлөөлөх ажил эхэлжээ. Ажил эхлэх үед хорооны иргэд барилга барих гэлээ хэмээн эсэргүүцсэний эцэст барилгын ажил эхлэх болж. Гэсэн ч "Архитектур төлөвлөгөөний даалгавар” байхгүй, дэд бүтцээ шийдээгүй, зөвшөөрөлгүй гэж 2015 оны аравдугаар сард МХЕГ–аас үйл ажиллагааг нь зогсоожээ. Энэ асуудлаа шийдээгүй явсаар 2016 оны УИХ–ын сонгуультай золгож барилгын ажил "нам” зогссон байна. Түүний дараа өнгөрсөн оны гуравдугаар сард барилгын ажил эхэлсэн ч төсөвт мөнгө байхгүй гэсэн шалтгаанаар удааширчээ. Ер нь анхнаасаа төсөв мөнгөний асуудал ярвигтай байсаар өдий хүрсэн байна. Бас нэг асуудал нь дэд бүтэц. Цэцэрлэгийн дулаан, цахилгаан, усны асуудлыг хэрхэн шийдэх техникийн нөхцлийн зургийг холбогдох байгууллага нь гаргаж өгөлгүй уджээ. Уг нь анх энэ бүх ажлыг хамтад нь хийх тендер зарлах байсан ч захиалагч болох салбарын яамнаас зөвхөн барилгын тендер зарласан гүйцэтгэгч компани ажлаа үргэлжлүүлэхэд хүндрэлтэй болсон байна. Энэ талаар тус барилгыг хариуцан ажилласан менежер О.Гармаа "Манайх зөвхөн барилга барих тендер авсан. Хийх ажлаа цаг тухай бүрт нь хийсэн. Цахилгаан, бохирын асуудлыг шийдэх техникийн нөхцлийн зураг нэхээд хүлээгдсэн. Саяхан Эрчим хүчний яамнаас цахилгаан дэд бүтцийг шийдэх зөвшөөрөл авсан болохоор цахилгаанаа тавина. Ирэх долоо хоногт улсын комисст хүлээлгэж өгнө. Мөн төсөв шийдэгдээгүй байсан ч энэ оны төсвийн тодотголд суулгаж байгаа учраас ажил дуусах тийшээ хандаж байна. Бид өөрсдийн хөрөнгөөр хийсэн багагүй ажил бий. Улсын комисст хүлээлгэж өгөөд мөнгөө авна. 2016 онд улсын комисс ирж үзээд дэд бүтцээ шийдээгүй гээд хүлээж аваагүй. Манай талаас хийх ажил биш учраас Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраар техникийн нөхцлийн зургийг гаргуулсан. Энэ цэцэрлэг бүрэн ашиглалтад ороход бэлэн” гэсэн юм.
Тэгэхээр анх яамнаас захиалга өгөхдөө барилгын тендер зарласан ч, дулаан цахилгаан, ус, бохирын асуудлыг шийдэж өгөөгүй учраас ганцхан хорооны цэцэрлэгийг гурван жил царцаажээ. Чухам хэний хариуцлагагүй үйлдлээс ийм зүйл болсныг БСШУСЯ–ны Сургуулийн өмнөх, дээд боловсролын салбарын барилга, засварын төлөвлөлт, гүйцэтгэл хариуцсан мэргэжилтэн Л.Отгонжаргалаас асуухад "Төсвөөс болж удааширсан. Одоо удахгүй ашиглалтад орно. Энэ олон жил тоохгүй байсан асуудлыг одоо гэнэт сонирхох болсон чинь ямар учиртай вэ. Хэнд хариуцлага тооцох гэсэн юм. Албан бичгээр асуултаа явуул. Манай даргаас асуу” гэв.Захиалагч болох салбарын яамнаас тодорхой мэдээлэл өгсөнгүй.
СХД-т манай улсын хүн амын 10 гаруй хувь нь амьдардаг нийслэлийн хамгийн том дүүрэг. Энэ дүүрэг нь хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаас бусад дүүргээсээ хоцорч яваа. Гэтэл ямар ч цэцэрлэггүй хороонд нь хоёр давхар цэцэрлэгийг гурван жил барьсан нь харамсалтай. Юутай ч ирэх сарын 1-нээс тус дүүрэг шинэ цэцэрлэгээ хүлээн авах юм гэнэ. Гэхдээ гурван жилийн турш царцсан цэцэрлэг хэзээ ашиглалтад орох вэ гэсэн хүлээлт иргэдийн дунд байсаар.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин