НОГООН ЭДИЙН ЗАСГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ ЭРЭЛХИЙЛЭВ
Ногоон эдийн засаг нь уул уурхайн олборлолт хийсэн ч байгальд ээлтэй, нөхөн сэргээлт хийх, барилга байгууламж барьсан ч хог хаягдал нь байгальд хор нөлөөгүй байх, хувь хүн байгаль орчноо хайрлан хамгаалах гээд олон зүйл багтдаг байна.
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн ерөнхий захирал Б.Лакшми хэлэхдээ, "Өнөөдрийн арга хэмжээгээр ногоон эдийн засгийг илүү үр дүнтэй болгохын тулд ямар ажил шаардлагатай талаар санал солилцлоо. Өнөөдрийн хувьд агаарын бохирдол нэн тэргүүнд тулгамдсан асуудал болоод байна. Хэлэлцүүлгээс агаарын бохирдолтой холбоотой урт хугацааны тогтвортой бодлого хэрэгтэй гэдэгт төвлөрлөө. Агаарын бохирдлыг бууруулахад хөрөнгө мөнгө шаардлагатай. Өнгөрсөн хугацаанд УИХ-аас агаарын бохирдолд өндөр хэмжээний төсвийг баталдаг байсан нь агаарын бохирдлыг бууруулахад тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлж байсан. Харин сүүлийн хоёр жил санхүүжилтийн хэмжээг бууруулсан. Энэ нь агаарын бохирдлыг нэмэгдүүлж байна гэж үзэж байна. Тиймээс Монгол Улс олон улсын алдааг давтахгүйгээр сургамж авч, шинэ техник технологи нэвтрүүлэх замаар агаарын бохирдлыг бууруулах боломжтой" гэв.