Дэлхий татгалзаад эхэлсэн “Snickers”-ийг Монголд хэн хориглох вэ

641

Дэлхий татгалзаад эхэлсэн “Snickers”-ийг Монголд хэн хориглох вэБидний идэх дуртай "Snickers” шоколад хорт хавдар үүсгэгч агуулж байна хэмээн үзэж дэлхийн 65 оронд үйлдвэрлэх, борлуулахыг хориглож, устгалд оруулж эхэллээ.

Тэгвэл манай энэхүү бүтээгдэхүүнд ямар хяналт тавьж байна вэ. Энэ талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл ахуйн халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатараас тодруулахад "Манай улсад "Snickers” шоколадыг Шоко трейд компани албан ёсоор оруулж ирдэг. Бид "Snickers”-тэй холбоотой хориглосон мэдээллийг үзсэн. Гэхдээ Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Хүний эрх зүйн хорооны INFOSAN албан ёсны мэдээлэл хүргэдэг сүлжээ байгууллага албан ёсны мэдээлэл дээр үндэслэн ДЭМБ-аас холбогдох арга хэмжээг ав гэсэн шийдвэр гардаг. Энэ тохиолдолд бидний зүгээс холбогдох арга хэмжээг авч ажиллана. Гэхдээ бид энэ асуудлыг судалж байгаа. "Snickers”, "Mars” зэрэг бүтээгдэхүүний орц найрлагад  хүнсний нэмэлтүүд орсон байдаг. Харин худалдаалахад нэмэлтүүд нь зөвшөөрөгдөх хэмжээнд гэж үзээд худалдахыг зөвшөөрч  импортоор оруулж ирсэн байгаа. Хэрвээ импортоор оруулж ирэхийг хоригло гэсэн мэдээлэл Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, INFOSAN-аас гарсан тохиолдолд бид хориг арга хэмжээг зохион байгуулах боломжтой. Харин одоогийн нөхцөлд энэ асуудлыг судалж байна” гэсэн тайлбарыг өглөө.

Монголд "Snickers” зэрэг бүтээгдэхүүнийг оруулж ирдэг гэх Шоко трейд компанийн борлуулалт хариуцсан албан тушаалтантай холбогдож "Хэрвээ хориг тавигдсан тохиолдолд энэхүү бүтээгдэхүүнийг оруулж ирэхгүй байх боломжтой юу” гэсэн ганц асуултанд хариулт хүссэн юм. Бид аль нэг байгууллагын нэр хүнд, эрхэлж буй үйл ажиллагаанд нь халдахыг хүссэнгүй. Дэлхийн улс орнууд татгалзаж байгаа бүтээгдэхүүнийг оруулж ирж байгаа компани хэрвээ хориг тавигдвал ямар арга хэмжээ авах вэ гэсэн ганц л асуултанд хариулт авахыг хүссэн юм. Гэвч "наадахыг чинь хэн хориглох юм. Хориг тавигдахгүй” гэх тайлбарыг өгч байна. "Snickers”-ийн найрлагад хүнсний нэмэлт ордог гэдгийг мэргэжлийн хүн хэлсэн. Гэхдээ зөвшөөрөгдөх түвшинд байгааг онцолсон. Харин дэлхий нийт хүнсний нэмэлтээс татгалзаад эхэлсэн байгаа. Монголд харин "хэн хориг тавих юм бэ” гэсэн "дээрэнгүй” үгсээр хүнсний нэмэлт агуулсан бүтээгдэхүүн худалдсаар байх  нь. Ийм байж болох уу…

Бид Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас албан ёсны тайлбар хүссэн байгаа. Гэхдээ "Snickers”-т агуулж буй самар нь хүний биед харшилдаг, мөн хүнсний нэмэлтүүд хүний биед сөргөөр нөлөөлдөг байхыг үгүйсгэхгүй гэсэн албан бус мэдээлэл байна. Дэлхий нийт татгалзаад байгаа "Snickers”-ийн асуудлаар бид эргэн мэдээллэх болно.

 
Ugluu.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>