ИРГЭД ГАДААД ПАСПОРТЫН ҮЙЛЧИЛГЭЭГ 10 ЦЭГЭЭС ХАРЬЯАЛАЛ ХАРГАЛЗАХГҮЙ АВНА

677

ИРГЭД ГАДААД ПАСПОРТЫН ҮЙЛЧИЛГЭЭГ 10 ЦЭГЭЭС ХАРЬЯАЛАЛ ХАРГАЛЗАХГҮЙ АВНА

 

Гадаад паспортын үйлчилгээг төвийн зургаан дүүрэг рүү шилжүүлэхээр болсон талаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас өнөөдөр хэвлэл бага хурал хийлээ. Хуралд ОӨУБЕГ-ын дэд дарга Д.Дэлгэрсайхан, Нийслэлийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Г.Анхныбаяр, Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэг, Тамгын газрын дарга Б.Бадамцэцэг нар оролцов.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь нэг цэгт төвлөрч байсан гадаад паспортын үйлчилгээг сааруулж, 10 цэгээр дамжуулан иргэдэд үйлчлэхээр ажиллаж байна. Гадаадад зорчих эрхийн бүртгэлийн үйлчилгээний ачааллыг бууруулах, төвлөрлийг сааруулах, төрийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор 2018 оны дөрөвсарын 09-ний өдрөөс эхлэн Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн 4 төвд гадаад паспортын энгийн, яаралтай үйлчилгээг шилжүүлэхээр болжээ. Өөрөөр хэлбэл, иргэд харьяалал харгалзахгүйгээр төвийн зургаан дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд гадаад паспортаа захиалж, авдаг болох юм.

Тус байгууллага нь Зуун айлд байрлах үйлчилгээний 1 дүгээр байранд гадаад паспортын энгийн, яаралтай үйлчилгээ, Дүнжингарав, Драгон, Мишээл, Оргил төвд байрлах нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд гадаад паспортын энгийн үйлчилгээг үзүүлдэг билээ. Гэсэн хэдий ч иргэний гадаадад зорчих эрэлт хэрэгцээ жил ирэх тусам нэмэгдэж, тэр хэрээр ачаалал ихэсч байгаа учир ийн дүүргүүд рүү шилжүүлсэн байна.

Улсын бүртгэлийн байгууллага нь 2015 онд 286862, 2016 онд 298464, 2017 онд 350421, 2018 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн байдлаар 70489 иргэнд гадаадад зорчих эрхийн бүртгэлийн үйлчилгээ үзүүлжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>