АШУҮИС-Д ХИЙСЭН АУДИТЫН ШАЛГАЛТЫГ “ДАХИУЛЪЯ”

825

АШУҮИС-Д ХИЙСЭН АУДИТЫН ШАЛГАЛТЫГ “ДАХИУЛЪЯ”

 

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирал Г.Батбаатар нь төв сургуульдаа "Эко цогцолбор”-ыг санаачилж, бүтээн байгуулсан гавьяатай хүн гэж өөрийгөө сурталчилдаг. Бас хотын зүүн захад ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эзэмшлээс дуулиан шуугиантайгаар газар таслан авч эмнэлэг, сургуулийн цогцолборын барилга сүндэрлүүлэхээр нойр, хоолгүй зүтгэж яваа гэдэг. Гэтэл одоо тус сургуульд ашиглаж байгаа "Эко цогцолбор”-ыг нь улсын комисс хүлээж аваагүй, галын болон газар хөдлөлтийн дүгнэлт нь ч гараагүй байхад дур мэдэн ашиглаж, олон мянган оюутныг эрсдэлтэй нөхцөлд байлгаж, сурч боловсрох эрхийг нь зөрчсөн гэсэн яриа гараад удлаа.


Мөн тус сургуулийн 2016 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаа, худалдан авалтад БСШУСЯ-наас хийсэн аудитаар цөөнгүй зөрчил, дутагдал илэрчээ. Аудитын тайлангийн эхэнд албан томилолтын тооцоог тухай бүр хийж хэвшээгүй талаар дурдсан байна.

Түүнчлэн санхүүгийн баримтад зөвхөн төсвийг нь л хавсаргасан байжээ. Ажил гүйлгээний үр дүнг тооцдоггүй. Гүйцэтгэлийн баримтууд санхүүгийн баримтад байхгүй байсан. 2016 оны 1-7 дугаар сард зургаан удаагийн үйлдпээр 525,962,000 төгрөгийн ажил, үйлчилгээ гүйцэтгэлийн баримтгүй, тухайн ажлуудыг хийж гүйцэтгэсэн эсэх нь тодорхой бус байсан гэсэн зөрчил илэрчээ.

Ингээд зогсохгүй бүтэн өнчин оюутнаас сургалтын төлбөрийн зөрүү гэх нэрээр 2015-2016, 2016-2017 оны хичээлийн жилд 1,502,000 төгрөг авсан гэх мэдээлэл байна. Хугацаандаа сургалтын төлбөрөө төлөөгүй оюутныг анги дэвшин суралцах тушаалд оруулахгүй гэсэн нь суралцагчийн сурах эрхийг зөрчсөн байж болзошгүй юм. Үүнээс гадна тус сургуулийн хувийн хэргийн бүрдэл дутуу, зарим апбан хаагч нартай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Хөдөлмөрийн гэрээ байгуулсан хэдий ч огноо байхгүй, гэрэний хугацаа тодорхойгүй байжээ.

Тендерийн Үнэлгээний хорооны гишүүд нь гишүүнээр ажиллахыг зөвшөөрсөн мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэх тухай мэдэгдэл, тайлбар гаргаагүй үнэлгээнд оролцсон байна. Энэ нь нэлээд ноцтой бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг баримтлаагүй нь худалдан авах ажиллагаанд ил тод өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчим алдагдсан гэдгийг харуулж байгаа юм. Энэ хууль бас нэг зүйл дээр зөрчигдсөн нь Үнэлгээний хороны хурлын тэмдэглэлд гишүүд нь гарын үсэг зураагуй тохиолдлууд нэг бус байжээ. Мөн тендерийн үнэлгээ болон Үнэлгээний хороо байгуулсан, үнэлгээний хороонд өөрчлөлт оруулсан тушаал, шийдвэрийн үндэслэл тодорхой бус, тендерийн Үнэлгээний хорооны даргыг ямар үндэслэлээр чөлөөлсөн нь тодорхойгүй. Шалгарсан компанийг ямар үндэслэлээр шалгаруулсан нь тодорхойгүй, зарим тендерт оролцогчийг үнэлээгүй байна. АШУҮИС-ийн нэгдсэн эмнэлэгт бараа, ажил, үйлчилгээний гүйлгээг үндсэн чиг үүрэгт тусгагдаагүй ажлын хүрээнд авч, төлбөрийг бөөнд нь хувийн харилцах дансаар гаргасан байна. Энэ нь хууль, журам хэрэгжихгүй байх, төсвийн хөрөнгө эзэнгүйдэх, буруутай этгээд хариуцлагаас бултах, нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүний засвар, үйлчилгээг хэн хариуцах нь тодорхой бус болох, ашиг сонирхлын зөрчил үүсэх үндсэн шалтгаан болдог. Энэ мэтээр зөвхөн 2016 оны эхний найман сарын үйл ажилагааг нь шалгахад л олон зөрчил, дутагдал илэрчээ.

Гэвч тухайн үед БСШУСЯ-ны газрын дарга З.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг энэ шалгалтыг хийхдээ санаатай, санамсаргүй алиныг нь бүү мэд, дутуу дулимаг хийсэн тус сургуулийн багш, ажилтнууд үзэж байгаа ажээ. Удахгүй хийгдэх тус сургуулийн 2017 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагааны шалгалтаар үүнээс ноцтой олон зөрчил илэрч болзошгүй гэж тэд үзэж байгаа юм байна.

Өмнө хийсэн шалгалтад АШУҮИС-ийн нийт есөн салбар сургуулийг бүгдийг нь хамруулаагүй, зөвхөн Анагаах ухааны сургуульд хэсэгчилсэн байдлаар шалгалт хийсэн нь аль сургуульд санхүүгийн зөрчил их байгааг ил болгох боломжийг хаасан, хангалтгүй шалгалт байсан гэж тэд бас хэлж байна.

Ер нь АШУҮИС-ийн хувьд нийт 10,088 оюутантай. 2031 оюутан нь Анагаах ухааны сургуульд суралцдаг тул оюутны тооны хувьд хамрах хүрээний ердөө 20 хувийг л хамруулсан гэсэн үг юм. Тиймээс тус сургуулийн 2017 оны аудитын шалгалтыг хийхдээ үлдсэн найман салбар сургуулийн санхүүгийн үйл ажиллагааг ч бас шалгах шаардлагатай. Ингэвэл аудитын дүгнэлт үнэн зөв, бодитой гарна гэсэн үг. Гэхдээ оргүйгээс охинтой гэдэг шиг дээрх "өнгөцхөн” шалгалтаар ганцхан сургуулиас багагүй зөрчил илрүүлжээ. Аудитын дүгнэлтээр илэрсэн асуудлууд нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай, Хөдөлмөрийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай Монгол Улсын хуулиуд болон холбогдох бусад журам, тогтоолыг зөрчсөн аж.

Гэтэл БСШУСЯ-ны газрын дарга З.Энхболдын ахалсан ажлын хэсгийн аудитын шалгалтын нэгдсэн дүгнэлтэд АШУҮИС-ийг санхүүгийнхувьд "Хангалттай" гэж үнэлсэн байгаа нь хэн хүний хөх инээдийг хүргэж гайхшруулна. Ашиг сонирхлын зөрчил энд байж болох уу. Хаанаас нь ч харсан ажилдаа тэнцэх эсэх нь эргэлзээтэй Г.Батбаатар захирал АШУҮИС-ийн 2017 оны төсвийн орлогыг нь 32 тэрбумаар, зарлагыг 37 тэрбумаар төлөвлөсөн байгаа нь тус сургуулийг, хамгийн гол нь төрийн өмчийг ашигтай ажиллуулах сонирхолгүй болохоос тодорхой харагдаж байгаа юм.

2016 оны эхний хагас жилийн санхүүгийн тайланд нарийвчилсан шалгалт хийгдээгүйгээс Г.Батбаатарт хариуцлага тооцох боломж хумигдсан байна. Хэрэв нарийн шалгасан бол олон зөрчил илрэх байсан гэж тус сургуулийнхан үзэж байгаа нь оргүй зүйл биш бололтой. 2016 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэлээс харахад л сургуулийн орлого хэд хэдэн төрлөөр тасарсан байж. Гэвч аудитаар энэ нь ил болоогүй. Эсвэл ил болгоогүй. Ялангуяа бакалавр, магистрант, докторантын орлого ихээр тасарсан нь сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд хүчтэй дарамт болсон ч энэ талаар огт дурдаагүй байх жишээтэй. Мөн 2016 оны төсөвт тусгагдсан хөрөнгө оруулалтын ажлын төсөв бараг 2,4 дахин огцом нэмэгдсэн хүндрэлийг аудит хийсэн ажпын хэсэг олж хараагүй. 2015-2016 оны хичээлийн жилд нийт сургуулийн хэмжээнд төлбөрөө төлөөгүй, эсхүл дутуу төлсөн оюутны тоо 20 хувьд хүрч улмаар сургалтын төлбөрийн орлого 4,7 тэрбум төгрөгөөр тасарсныг ажлын хэсэг бас л олж "хараагүй” юм.

Тиймээс Г.Батбаатар захирал ажилдаа хариуцлагагүй хандсан эсэхийг, төсвөөс мөнгө "хуссан” үгүйг сайтар нягталж өгөхийг АШУҮИС-ийн багш, оюутнууд салбарын сайдаасаа хүсч байгаа юм.

Үргэлжлэл бий...

Өглөөний сонин
Р.Саруул

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>