Арбитрын торгуулийг татвар төлөгчдийн мөнгөөр төлөхийг иргэд зөвшөөрөхгүй

692

 

Арбитрын торгуулийг татвар төлөгчдийн мөнгөөр төлөхийг иргэд зөвшөөрөхгүй"Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувиар "Жаст” группийн "Стандарт” банкнаас авсан зээлд баталгаа гаргаж, улмаар олон улсын Арбитрын шүүхээс торгууль төлөх шийдвэр гардаж аваад байгаа. Өдөрт 75 сая төгрөгөөр нэмэгдэж, 100 сая ам.доллар даваад байгаа энэ өрийг "Эрдэнэт үйлдвэр”- ийн Эрсдэлийн сангаас төлөхөөр судалж байгаа гэх мэдээллийг эх сурвалжууд өглөө. "Эрдэнэт үйлдвэр” ашигтай байгаа учраас төлбөрийг төлсөн ч хотойхгүй гэж төрийн сайд нь ярьж яваа.

Гэтэл хэргийн гол эзэн Ш.Батхүү саатуулагдахаасаа хоёр хоногийн өмнө телевизэд өгсөн ярилцлагадаа "Арбитрын шүүхэд Монголыг ялуулахгүй байх сонирхол байсан юм билээ” гэж хээв нэг ярьж суух. Хэн нэгэнд ийм сонирхол байсан бол төрийн мөнгөөр төлчихье гээд ярьж яваа этгээдүүдэд л ийм сонирхол байсан байх. Төрийн эрх бүхий этгээдүүдийн алдаатай шийдвэрийн төлөөсийг иргэдийн мөнгөөр, тодруулбал, иргэдийн төвлөрүүлсэн татварын мөнгөөр ийнхүү төлөх нь шударга ёсонд үл нийцэх тул иргэд эсэргүүцэж байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар "51 сая ам.долларыг "Стандарт” банкинд төллөө гэхэд "Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувьд шууд нөлөөлөхгүй.

Тус үйлдвэрийн жилийн ашиг 150 сая орчим ам.доллар. Хамгийн муугаар бодоод эрсдэл хүлээлээ гэхэд ашиг буурна. Аливаа байгууллагад "Эрсдэлийн сан” байдаг. Тэр сангаас даатгалаар ч юм уу ашигт нөлөөлөхгүйгээр төлөх боломжийг судалж байна” гэсэн удаатай. Өчигдрийн байдлаар "Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувьтай холбоотой арбитрын шүүхийн торгууль 110-аад сая ам.долларт хүрэв.

Уг хэргийг үйлдсэн эзэн, улсын өмчийг барьцаанд тавих боломжийг тухайн үед хуйвалдан олгосон эрх мэдэлтнүүд нь амьд сэрүүн, өндөр албан тушаал, халдашгүй дархан эрх эдлээд байж байна. Тэдгээр хүмүүстэй хариуцлага тооцож, улсын үйлдвэрт учруулсан хохирлыг төлүүлэх нь шударга ёсонд нийцнэ.

Өөрсдийнхөө хариуцлагагүй шийдвэр, үүрэгт ажилдаа хайхрамжгүй хандсанаасаа болж улсыг хохироож, төсвийн цоорхойг нэмэгдүүлчихээд, бас болоогүй өөрийнхөө халааснаас гаргаж байгаа аятай төрийн мөнгийг үрэн таран хийж, энэ хохирлоо иргэдийн татварыг нэмэх байдлаар нөхнө гэж бодож байвал санасны гарз.

Ийм оролдлого гарч байсныг хэтэвчээрээ мэдэрсний хувьд төрийн толгойд суусан эрхмүүдэд зориудаар хандаж анхааруулъя. Арбитрт ялагдаж, торгуульд унана гэдэг төрийн эрхэнд байгаа та бүхний чадваргүйнх болохоос ард түмний муугийнх бус.

Арбитрын торгуулийг татвар төлөгчдийн мөнгөөр барагдуулахыг иргэд хэрхэвч зөвшөөрөхгүйг дахин сануулж байна.

Б.Сэлэнгэ

Засгийн газрын мэдээ


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>