Сүүлийн 4 жилд цалин хөлсийг огт нэмэгдүүлээгүй тул энэ удаад цалин нэмтэл төв талбайд суултаа үргэлжлүүлнэ гэв

23

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төв талбайд суулт зарласан эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарынхныг өчигдөр хүлээн авч уулзжээ. 

 

Сүүлийн 4 жилд цалин хөлсийг огт нэмэгдүүлээгүй тул энэ удаад цалин нэмтэл төв талбайд суултаа үргэлжлүүлнэ гэв

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын ажиллагсдын эрхийг хамгаалах түр хороо, Багшийн цалинг нэмэгдүүлэх түр хороо, Шинжлэх ухааны байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн холбоо зэрэг салбарын төлөөллүүд цалин нэмэхийг шаардаж төв талбайд суулт зарлаад дөрөв хонож байна.

Тэдний төлөөлөлтэй өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзаж, өөрт нь ирүүлсэн "Санал хүргүүлэх тухай”, "Зарлиг гаргаж өгөхийг хүсэх тухай” гэсэн хоёр асуудлынх нь хүрээнд ярилцав.

"Зарлиг гаргаж өгөхийг хүсэх тухай” тэдний саналд цалин хөлсний үнэлэмж доройтсоноос иргэдийн амьжиргаанд нөлөөлж төрийн зарим албан хаагч хөдөлмөртөө тохирохгүй цалин авч, хөдөлмөрийн мөлжлөгт өртөж, ажилтай ядуус болж хөдөлмөрлөх эрх ашиг ноцтойгоор зөрчигдөх болсон талаар тусгагдсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас Хөдөлмөрийн мөлжлөг, албадан хөдөлмөрийн аливаа хандлагыг таслан зогсоох тухай зарлиг гаргаж өгөхийг хүсч байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэдний саналыг хүлээн авч байгаагаа хэлж, юун түрүүнд дээрх төслийг олон талын байр суурь, санаа бодлыг тусган, мэргэжлийн түвшинд хэлэлцүүлэх хэрэгтэй гэсэн юм. Улмаар ойрын хугацаанд салбарынхан өргөн хүрээний хэлэлцүүлэг хийхээр санал нэгдэв.

Мөн "Ажил хаялтаас өмнөх суулт” зарлаж байгаа эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарынхныг төлөөлж ирсэн эмч, сувилагч, багш нар Монгол Улсад цалин хөлсний бодлого алдагдаж, төрийн албан хаагчдын цалингийн сүлжээ, жишиг, итгэлцүүрийг дур мэдэн шүүх зэрэг байгууллагаас өөрсдөө тогтоон олон арав дахин их цалин авч байхад ялангуяа эрүүл мэнд, боловсрол, төрийн үйлчилгээний салбарын цалин хөлс доод түвшинд үлдсэн талаар дэлгэрэнгүй ярилаа.

Мөн үнийн өсөлт, амьжиргааны түвшний өөрчлөлт болон хувийн хэвшлийн салбарын цалин хөлс таваас доошгүй хувь өсөхөд түүнтэй уялдуулан төрийн албаны цалин хөлсийг нэмэгдүүлж байхаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд хуульчилсан байсаар атал сүүлийн дөрвөн жилд цалин хөлсийг огт нэмэгдүүлээгүй тул энэ удаад цалин нэмтэл төв талбайд суултаа үргэлжлүүлнэ гэсэн юм. Харин цаашид хуулийн хүрээнд цалингийн итгэлцлүүрийг сайжруулж, дээд доод хязгаарыг тогтоох хуулийн өөрчлөлт оруулах асуудалд түлхүү анхаарлаа хандуулна гэлээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.