Хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ

813

Хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ

 

УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганы 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нарын нэр бүхий таван гишүүн санаачилж, энэ сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд -ийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхлэв. Хуулийн төслийн үзэл баримтлалын талаар төсөл санаачлагч гишүүн Ж.Ганбаатар танилцуулсан юм.

Татварын ерөнхий газрын статистик мэдээгээр 2017 оны байдлаар манай улсад бүртгэлтэй 155065 аж ахуйн нэгжээс 78585 нь үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн 86 хувь буюу 67612 нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт хамаардаг. Энэ салбарт 800 гаруй мянган хүн ажиллаж байгаа нь манай улсын нийт ажиллах хүчний 57 хувийг эзэлж байгаа аж.

Улсын хэмжээнд 2009-2017 оны хооронд Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих санд 3 их наяд 850.5 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 26,454 төсөл ирүүлсний 18 хувьд буюу 7536 төсөлд 835.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосноор 40628 ажлын байр шинээр бий болж, 25417 ажлын байр хадгалагдсан бол Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн хүрээнд барьцаа баталгаа шаардлагатай 463 жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн 102.2 тэрбум төгрөгийн зээлд 42.4 тэрбум төгрөгийн батлан даалт гаргажээ. Мөн жижиг, дунд үйлдвэрийг дэмжиж ажлын байрыг нэмэгдүүлэх, импортыг орлох, экспортыг дэмжсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор импортолж буй жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зэрэг арга хэмжээг Улсын Их Хурал, Засгийн газраас удаа дараа авч хэрэгжүүлж ирсэн байна.

Гэвч улс орны эдийн засаг эрчимтэй хөгжиж, зах зээлийн харилцаа гүнзгийрэх тусам Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийг шинэчлэх, зохицуулалтыг өөрчлөх шаардлага үүссэн учраас нэр бүхий гишүүд уг хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.

Төсөлд хуулийн зорилгыг жижиг, дунд үйлдвэрийг төрөлжүүлэн хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн улс орны эдийн засагт эзлэх хувийг дээшлүүлэх зэрэг хэмжиж болохуйц байдлаар томъёолсон. Мөн тэдгээрийн ангиллыг тодорхой болгож, иргэд хөдөлмөр эрхлэлтээ өргөжүүлэн компани, хоршоо байгуулах замаар жижиг, дунд бизнесийн дэмжлэгт хамрагддаг байх зарчмын шинжтэй өөрчлөлтийг тусгасан гэдгийг төсөл санаачлагч танилцуулгадаа дурдлаа.

Эдийн засгийн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа уг хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж дэмжжээ.

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, М.Билэгт, Х.Болорчулуун, Л.Энх-Амгалан, Н.Учрал, Ё.Баатарбилэг, Б.Энх-Амгалан нар асуулт асууж тодруулан уг хуулийн төсөл нь цаг үеэ олсон, ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийг бодит орлогын эх үүсвэртэй, тогтсон ажлын байртай болгох, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжихэд чиглэсэн чухал зохицуулалтыг тусгасан учраас хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлж байлаа.

Төсөл санаачлагч гишүүн Ж.Ганбаатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, одоо хэрэгжиж байгаа хуульд байгаа тунхаглалын шинжтэй жижиг, дунд үйлдвэрийн дэмжлэгийн талаарх бодлого, үндсэн чиглэлийн талаарх заалтуудыг өөрчлөн найруулж, хуулийн үйлчлэх хүрээг нарийвчлан тогтоож, ажил олгогч нарын ажлын байр шинээр бий болгох сонирхлыг эдийн засгийн хөшүүрэг ашиглан нэмэгдүүлэх зохицуулалтыг тусгасан. Статистик мэдээллээс үзэхэд жижиг, дунд үйлдвэрийн салбарт ажиллагсдыг тооны бүлгээр авч үзвэл нийт жижиг, дунд үйлдвэрийн 88.6 хувь нь 1-9, 6 хувь нь 10-19, 3,6 хувь нь 20-49, 1.8 хувь нь 199 хүртэл ажиллагсадтай байна. Харин борлуулалтын орлогын ангиллаар авч үзвэл 1.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдээс 50 хүртэл сая төгрөгийн борлуулалттай нь 59 хувь буюу жижиг, дунд үйлдвэрийн талаас илүү хувь нь бичил үйлдвэрлэл эрхлэгч байгаа юм.

Иймээс жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн ангилалд хамаарах аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг салбар харгалзахгүйгээр 1 хувь болгох, уг хуулийн үйлчлэлд хамаарч буй аж ахуйн нэгжүүд санхүүгийн тайлангаа жилд 1 удаа хялбаршуулсан байдлаар гаргадаг байхаар төсөлд тусгасан. Мөн жил бүрийн улсын төсвийн нийт хөрөнгө оруулалтын 10-аас доошгүй хувьтай тэнцэх мөнгөн хөрөнгийг жижиг, дунд бизнес эрхлэхэд зориулахаар төвлөрүүлэх, эцсийн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжихтэй холбоотой зохицуулалтыг тусгаж өгсөн.

Түүнчлэн хуулийн үйлчлэх хүрээнээс иргэнийг гаргаж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуулиар иргэнийг хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх, улмаар үйл ажиллагаагаа өргөжүүлэн компани, хоршоо байгуулах замаар Жижиг, дунд бизнесийн дэмжлэгт хамрагддаг байх зарчмын шинжтэй өөрчлөлтийг тусгасан. Хуулийн үйлчлэх хүрээг илүү нарийвчлан тогтоож, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжихэд зориулагдах ёстой санхүүжилтийг өөр зорилгоор зориулалт бусаар ашигладаг байдлыг хязгаарлах; ажил олгогч нарын ажлын байр шинээр бий болгох сонирхлыг эдийн засгийн хөшүүрэг ашиглан нэмэгдүүлж, ажилчдын тоо өсөх тусам Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас болон банкаар дамжуулж олгох зээлийн хэмжээ нэмэгддэг байх зохицуулалтыг тусгасан.

Хууль тогтоомжийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу хуулийн төслийн үзэл баримтлал, төслийн эх бичвэрийн төслийг боловсруулан төслийн үр нөлөөний үнэлгээ, зардлын тооцоог хийж, 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 800 гаруй жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд тусгасан гэдгээ хэллээ. Мөн Хуулийн тогтоомжийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасны дагуу УИХ-ын албан ёсны (http://forum.parliament.mn/projects/299) сайтад 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хуулийн төслийг холбогдох бусад материалын хамт байршуулж, 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар 3463 удаагийн хандалт хийгдсэнийг дурдлаа.

Ингээд ажлын цаг дууссан тул чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан өндөрлөж, хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг маргаашийн нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэхээр болов.

Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай зэрэг хуулийн төслүүд, мөн болон Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>