Тулгарч байгаа саад бэрхшээл бүхнийг "намайг шалгаж байгаа шалгуур" хэмээн тооц Онцлох мэдээ, Нийтлэл 26-06-2018, 00:31 814 Хуваалцах Ажил хийж байхдаа заримдаа залхуураад оромдох тѳдий гүйцэтгэх тохиолдол бий. Дараа нь чанаргүй хийсэн ажлынхаа тѳлѳѳ гомдол сонсож, яах ч аргагүй дахин хийх болохдоо гэнэт ѳѳртѳѳ харамсана. Сайн ч хийсэн, муу ч хийсэн зарцуулсан цаг хугацаа нь адилхан гэдгийг бид тооцдоггүй аж. Яг тэр л хугацаанд сэтгэлээ шингээгээд сайн хийхийн оронд чанаргүй муу хийснээс болж дахиад тэр хэмжээний цаг хугацаа зарцуулдаг. Хийлгэсэн хүний гомдол, муу хийсэн ѳѳрийнхѳѳ бухимдал, уцаар, ичингүйрлийг нэмэх юм бол ямар их алдагдал байдаг гээч. "Муу хүнийг зар, зарсан хойноо ѳр" хэмээн монголчууд ийм үйлдлийг сэрэмжлүүлэн сануулж байж. Нэгэнт цаг хугацаа зарцуулж л байгаа бол хийж байгаа ажлаа чин сэтгэлээсээ хуудуугүй хийж гүйцэтгэх нь таны сэтгэлийн амар амгалан, хийлгэж байгаа хүний сэтгэлийн ханамж, таашаалын баталгаа болдог аж. Бид заримдаа хэн нэгэнд тус болох гэж зүгээр л "нэр хичээдэг" тохиолдол бий. Тэр хүн рүүгээ харж инээх атлаа цаашаа харж тѳвѳгшѳѳсѳн үйлдэл хэзээ ч сайн сайхан болдоггүй. "Хүн гуйсан болохоор л..." хэмээн ѳр тѳлѳѳс шиг хандах хандлага нѳгѳѳ хүний сэтгэлд жиндэж мэдрэгдээд байдаг юм. Тэр л жиндүү байдал нь салахдаа бие биенээ чангаар тэвэрч талархах хүсэлд хүрдэггүй. Хэн нэгэнд тус болохдоо чин сэтгэлээсээ хандаж, ѳѳртѳѳ байгаа боломж бүхнээ дуртайяа зориулах нь нѳгѳѳ хүний сэтгэлд ямар их халуун дулаан мэдрэмж ѳгдѳг гээч. Ѳѳрийн эрхгүй баярлаад л, тэр хүнийг харах бүрдээ хүндлэх сэтгэл тѳрѳѳд л, хэзээ хойно дахиад уулзахдаа хүртэл алгаа дэлгэж чин сэтгэлээсээ тэвэрдэг юм. Хүмүүсийн зүрх сэтгэл халуун дулаан хандлагыг маш сайн мэдэрдэг болохоор хэн нэгэнд туслахдаа ѳѳрийнхѳѳ сэтгэлийг мэдрүүлж, ѳрѳѳийн сэтгэлийг мэдэрч байх нь ямар сайхан гээч. "Аяганы хариу ѳдѳртѳѳ, агтны хариу жилдээ" хэмээн монголчууд бэлэгшээдэг. Заримдаа бид зорьж яваа зорилгоосоо ухрах, хийж байгаа ажлаа дутуу орхих, хэн нэгэнд туслахаасаа татгалзах тохиолдол бий. Хэрвээ сэтгэлдээ багтаагаад хийх гэж хүсч зорьсон л бол, хичнээн хэцүү байсан ч заавал хийж дуусгаж байвал сайн сан. Амархан бүтдэг зүйл гэж энэ амьдралд үгүй л дээ. Тулгарч байгаа саад бэрхшээл бүхнийг "намайг шалгаж байгаа шалгуур" хэмээн тооцож тэр шалгуурыг заавал давах гэж хичээх нь сэтгэлд их л хүч ѳгдѳг. Аливаа зүйлийг бүтээх амаргүй, бүр ч хэцүү. Харин нураахад ердѳѳ л хэдхэн хором зарцуулна. Дутуу ухаад орхисон нүхэнд хүмүүс ѳѳрсдѳѳ бүдэрч унадаг, сэглээд орхисон сэтгэлд хүн ѳѳрѳѳ л шаналж зовдог, хийж дуусгаагүй орхисон бүхэн хэнд ч бас чамд ч хэрэг болдоггүй, харин гай болдог. Зорьж зүтгэсэн бүхнийхээ ард гараад хѳлсѳѳ арчиж, чин сэтгэлээсээ инээмсэглэх шиг сайхан мѳч хаана буй гэж. Сэтгэлд дүүрээд л ѳѳртѳѳ итгэх итгэл тань улам нэмэгдээд, тэр хэрээ амьдрал дэндүү сайхан санагддаг. Аливаа үйлдэлд эхлэл байгаа бол тѳгсгѳл гэж заавал байх учиртай юм билээ. Яг л хүмүүс бид тѳрѳѳд үхдэгтэй адил. Үйлдэл болгон ингэж л үйлдэгддэг. Харин чанартай сайн, чанаргүй муу гэж ялгагдах байх. Харин чанартай, чанаргүй гэдэг хэмжүүр нь хүний дотоод сэтгэлийн илрэл юм шүү дээ. Амьдрал сайхаан гэж... Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах 814 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 11-06-2018, 01:53 Гомдохгүй бол уурлахгүй… 22-11-2017, 13:50 Хичнээн муудалцаж байвч сэтгэлдээ эвлэрэх зай заавал үлдээж бай, хүмүүс ээ… 2-10-2017, 11:21 ЦАГ ХУГАЦАА болон МѲНГѲНИЙ БООЛ болсон АМЬДРАЛ… 8-11-2014, 21:32 Амьдралыг хялбарчлах 35 арга… 17-10-2014, 09:40 Хайр дагуулсан харц… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.