ШАТАХУУНЫ ҮНЭ НЭМСЭН АСУУДАЛД ХЭН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ВЭ
Өнгөрсөн шөнөөс эхэлж шатахууны үнэ 90-120 төгрөгөөр нэмэгдлээ гэсэн мэдээлэл өнөө өглөө цахим орчноор тарсан. Худлаа үнэн гэж маргаж мэтгэлзэх байх хойгуур ШТС-иуд үнээ нэмж өөрчилж бичсэн байв. Тухайлбал, 10 дугаар хороололд байрлах МТ ШТС үнээ өөрчилж бичиж байхтай таарав.
Мөн зуслангууд руу явдаг зам дагуух ШТС-иуд бүгд үнээ нэмсэн байна гэдгийг эх сурвалж хэлж байгаа юм.
Зарим нэг эх сурвалжийн хэлж буйгаар импортлогчид Засгийн газар, Үнийн зөвлөлд 14 хоног дарамт үзүүлж байгаад үнээ нэмлээ гэх мэдээлэл ч гарч байна.
Харин Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос хуурамч шатахуун худалдагчид иргэдийг хохироож, үнэ нэмж байгааг эсэргүүцэж байгаа талаар өөрсдийнхөө байр суурийг илэрхийлж, өнөөдөр мэдээлэл хийлээ.
Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны тэргүүн О.Бямбадэлгэр "400-500 ААН хуурамч шатахуун худалдаалж байна. Энэ хэргийг шалгуулах талаар төрийн байгууллагуудаар явж байгаа.
Хуурамч шатахууны хэргийг хоёр жилийн өмнө шалгасан. Хоёр жилийн өмнөөс хуурамч шатахуун худалдаалагдаж байгааг төрийн байгууллагууд мэднэ. Бид энэ асуудлыг сонирхож, эрдэмтэдтэйгээ хамтран судалсан. Шинжилгээгээр ч нотоллоо.
УУХҮЯ, Газрын тосны газар, МХЕГ хуурамч шатахуун байгааг хүлээн зөвшөөрдөг ч НМХГ л хуурамч шатахуун байхгүй гэдэг. Тус газраас А80 бензинд октан нэмж АИ92 болгодог гэж тайлбарладаг. Гэтэл Монгол Улсын стандартад шатахуунд нэмэлт, чанар сайжруулагч нэмж болохгүй гээд заасан байгаа.
Биднийг энэ талаар яриад явахад "2017 онд энэ асуудлыг шалгах ажлын хэсэг гарчихсан. Та нар чимээгүй байж бай. Удахгүй холбогдох байгууллагууд энэ асуудлыг гаргаж тавина" гэдэг ч чимээгүй байсаар байна. Хуурамч шатахуун зарж байж дээр нь яагаад үнээ нэмээд байдаг юм бэ. Бид мөнгөө төлөөд шатахуун авч байгаа. Бид чанаргүй зүйлийг яагаад өндөр үнээр авах ёстой гэж.
Шатахууны нэмэлт бүтээгдэхүүнүүдийг татваргүй оруулж ирээд октан багатай шатахуун дээрээ нэмж хутгаад холимог хуурга шиг зүйл л худалдаалж байна. 2017 онд 55 мянган тонн, 2018 онд 58 мянган тонн шатахууны нэмэлт бүтээгдэхүүн/ керосин, конденсатын нэрмэл, дистиллят/ гаалиар орж ирсэн байна.
Бидний зүгээс Сангийн яаманд шатахууны нэмэлт бүтээгдэхүүнд татвар ногдуулах замаар хуурамч шатахууныг байхгүй болгох санал тавьсан. Сангийн сайд бидний саналыг "зарчмын хувьд дэмжихгүй байна” гэсэн хариу ирүүлсэн. УУХҮ-ийн яамнаас ч шатахууны нэмэлт бүтээгдэхүүнд татвар ногдуулах саналыг гаргасан байдаг. Харин Сангийн сайд энэ асуудлыг Засгийн газарт оруулж ирэхгүй байгаа нь хардлага төрүүлж байна” гэв.
Ингээд Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны тэргүүн О.Бямбадэлгэрээс дараах асуултад хариулт авлаа.
-Танайхаас хуурамч шатахуун болон шатахууны үнийн асуудал албаны хүмүүстэй уулзсан уу?
-Шатахууны үнэ 1000 төгрөг байхаас эхлээд л үнэ нэмэгдэх бүрт чимээгүй байсан. Одоо тэвчихгүй ээ. Бидний зүгээс шатахууны үнийн зөвлөлийг тэргүүлдэг УУХҮ-ийн дэд сайд Д.Загджавтай уулзахаар хоёр удаа очсон ч "Энэ асуудлаар уулзахгүй” гээд гаргасан.
-Хуурамч шатахуун худалдаалж байгааг шинжилгээгээр нотолсон гэсэн. Аль лабораторт хийсэн вэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-ИНЕГ-ын лабораторид хэрэглэж байгаа .Тус лабораторийн дүгнэлтээр октан нь 92 байхаас их эсвэл бага байх тохиолдлууд гарсан. Мөн бензинд марганцын агууламж огт байх ёсгүй. Гэтэл 22 хувьтай марганц гараад ирсэн. Бидэнд байгаа баримтаар "Магнай трейд”, "М-Ойл”, "Зам зуур” гэсэн гурван компанийн худалдаалж буй шатахуун хуурамч байна. Мөн "Amber” гээд хөндлөнгийн хяналт хийдэг лабораториор АИ92 шатахууныг шинжлүүлэхэд октаны хэмжээ байх ёстой хэмжээнээс өндөр гарсан тохиолдол байна. Олон Улсын лабораториудад өгсөн хариу факсаар ирж байгаа. Ер нь ижил хариу ирж байгаа.
Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос 80470303 дугаарын утсанд иргэдээс мэдээлэл авч, хуурамч шатахуунаас болоод автомашин нь эвдэрч гэмтсэн тохиолдлын баримтаа ирүүлэхийг уриаллаа.
Хуурамч шатахууны талаар жолооч С.Цогтгэрэл "Хуурамч бензин ихэнхдээ Багахангай, Мааньт хавиас түгээгддэг. Хоёр жилийн өмнөөс Багахангай хавиас шатахуун авахад харьцангуй хямд зарагдаж эхэлсэн. Тиймээс хол газар явах жолоочид хямд шатахуун авч эхэлсэн.Хуурамч шатахуунаас шалтгаалан хөдөлгүүр доголдож, бензин насос байнга эвдэрнэ. Машинд ямар ямар эвдрэл гардгийг жолооч нар андахгүй мэднэ дээ” гэлээ.
О.Сайхан