Ерөнхий сайд аа, “Нинжа” нар гаарч байна

70

Ерөнхий сайд аа, “Нинжа” нар гаарч байна

"Нинжа” нарыг зохицуулахад төр, засаг юу хийж байна вэ. Өөрөөр хэлбэл, Монголын төр засаг тэднийг хараа хяналтаасаа алдснаас болж өдгөө маш олон аймаг сумд "Нинжа” нарын хөлд талхилагдаж байгаль орчин сүйдэж малчид ч малын бэлчээргүй болчихлоо.

Уг нь УИХ, Засгийн газраас "Нинжа” нарт алт олборлох газар тусад нь олгож ажлын байраар хангах, өөрийн эрх зүй, амьдрах орчинг бүрдүүлж тэднийг ашиглалтгүй болсон, зөвшөөрөл нь дууссан талбай руу орж болно гэсэн тогтоолыг гаргасан.  Гэтэл ямар ч хараа хяналт байхгүйн улмаас тэд өнөөдөр гадны хөрөнгө оруулалттай  компани болон дотоодынхоо компаниуд руу дайрч ажлыг нь гацааж байгаль орчин сүйтгэж, байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаа захиалгат бүлгүүд болон хувирчихлаа.

Тиймээс л даварсан "Нинжа” нарыг зохицуулах чадвар энэ төр, засагт байхгүй гэж үү хэмээн олонтаа асуусан ч хариулт өгөх хүн олдоогүй юм. Хэрвээ уншигчид санаж буй бол 2006 онд Төв аймгийн Заамар сумын нутагт алт олборлодог дотоодын "Монполимет” компанийн уурхай руу наадмын өдрүүдэд "Нинжа” нар бүлэглэн дайрч хүний амь намыг эрсдэж байсан гашуун түүх бий. Мөн одооггос гурван жилийн өмнө Говь-Алтай аймгийн Бигэр суманд алт гарснаас үүдэж Хөвсгөл, Улаанбаатар, Баянхонгор, Заамар гээд бүх газрын 1000 гаруй  "Нинжа” нар цуглаж алтны төлөө нүхээ булаацалдсан болж нэгнийхээ аминд хүрсэн.

Тухайлбал, Говь-Алтайн Бигэр, Ноён уул, Өмнөговьт байгаа нинжа нарыг ангилж үзвэл амьдралын шаардлагаар, арав таван төгрөг олох гэж газар ухаж байгаа хүн байхгүй. Тэд бол цэвэр зохион байгуулж буй хүмүүсийн цалин, мөнгийг авч орон нутагт очиж, газар нутаг сүйтгэж зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдэж байна гэсэн үг.

Хамгийн сүүлийн нэгэн жишээг дурдахад өнгөрсөн гуравдугаар сарын 07-ны өдөр Ховд аймгийн Булган сум Байтаг баг Цагаантолгойн гэх газарт хууль бусаар алт олборлосон "Нинжа” нар бас л алтны нүхээ булаацалдан иргэн Б-гийн амь насыг хөнөөж түүнийг хэрцгийгээр хороож байсан  маш олон аймшигтай хэргүүд бүгд "Нинжа” нараас үүдэн гарч байсан удаатай.

Түүнчлэн  "Нинжа” нар Завхан аймгийн нэг сумын орлогын эх үүсвэрийг юу ч үгүй сүйтгэж байсан удаатай.