АТГ-ын шалгаж байгаа болон шийдвэрлэсэн хэргүүд
АТГ-аас энэ долоодугаар сард хийсэн ажлаа тайлагнаж байна.
Нийтийн албан тушаалтны ХАСХОМ-тэй холбоотой зарим мэдээллийг товч байдлаар хүргэе.
- Энэ сард АТГ нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 824 этгээдийн ХАСУМ-ийг хянан шийдвэрлээд байна. Энэ хугацаанд Цагдаагийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс ирүүлсэн ХАСУМ бусад байгууллагатай харьцуулахад өндөр дүнтэй байна.
- Тус газарт ирүүлсэн өргөдөл гомдол, мэдээллийн дагуу ХАСХОМ-ийн хяналт шалгалтыг явуулж өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогыг үнэн зөв мэдүүлэх үүргээ биелүүлээгүй Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Х.Энхтуяа, Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Зам, тээврийн хяналтын хэлтсийн дарга С.Дорждагва нарт албан тушаалын цалингийн хэмжээг бууруулах сахилгын шийтгэлийг тус тус ногдуулсан байна.
- 2018 оны 7 дугаар сард иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 37 өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд хянан шийдвэрлэсэн, одоо ажиллагаанд 48 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Өргөдөл, гомдол, мэдээллийг агуулгын хэлбэрээр нь авч үзвэл, албан тушаалын байдлаа ашиглан өөртөө болон бусдад давуу байдал олгосон, албан үүргээ гүйцэтгэхдээ ашиг сонирхлын зөрчил гаргаж, албан тушаалтанд тавигдах хориглолт хязгаарлалтыг зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй хууль бус томилгоотой холбоотой гомдол мэдээлэл дийлэнх хувийг эзэлж байна.
-
Хянан шийдвэрлэсэн өргөдөл, гомдлоор зөрчил гаргасан дараахь албан тушаалтанд хариуцлага тооцуулсан байна. Тухайлбал:
- Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн албаны дарга Б.Баярмандах нь томилогдсоноос хойш ХАСХОМ-ээ хуулийн хугацаанд гаргаж бүртгүүлээгүй нь тогтоогдсон тул тус аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын тушаалаар сануулах сахилгын шийтгэл тооцуулсан.
- Нийслэлийн БЗД-ийн 92 дугаар сургуулийн захирал Д.Октябрь нь сургуулийн зарим засварын хөрөнгийн асуудлыг эцэг эхийн хандив, санхүүгийн дэмжлэгийг авч гүйцэтгэж байгаа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 "Албан тушаалтан .., иргэн, хуулийн этгээдээс бэлэг бусад санхүүгийн туслалцаа авах хүсэхийг хориглоно", 17.3 "Албан тушаалтан хандив, санхүүгийн туслалцааг авахын өмнө өөрийн удирдлага, эсхүл эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан байна" гэж заасныг тус тус зөрчсөн. Түүнчлэн Д.Октябрь нь сургуулийн захирлын хувьд бэлнээр мөнгө хураах, хандив цуглуулах ажлыг зогсоогоогүй болох нь тогтоогдсон тул Нийслэлийн Засаг даргын захирамжаар сануулах сахилгын шийтгэл тооцуулсан.
- Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг дарга Ц.Сундуй нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсгийг зөрчсөн, мөн тухайн албан тушаалд томилогдсоноос хойш ХАСХОМ-ээ хуулийн хугацаанд гаргаж бүртгүүлээгүй, мэдүүлгээ зөрүүтэй буюу худал мэдүүлсэн нь тогтоогдсон тул тус аймгийн Засаг даргын захирамжаар сахилгын шийтгэл тооцуулсан.
Мөрдөн шалгах ажлын чиглэлээрх мэдээллийг танилцуулъя.
- Мөрдөн шалгах хэлтсээс 2018 оны эхний 6 сарын байдлаар гэмт хэргийн шинжтэй 552 гомдол, мэдээлэл хянан үзсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 342-оор их буюу 2.6 дахин өссөн үзүүлэлттэй байна. Хүлээн авсан 552 гомдол, мэдээллээс 287 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх санал гаргасан, 209 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гаргасан, 45 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн. Одоо 31 гомдол ажиллагаанд шалгагдаж байна.
- Мөрдөн шалгах хэлтсийн хэмжээнд 2018 оны эхний хагас жилийн байдлаар 753 холбогдогчтой 602 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 432 хэргээр буюу 3,5 дахин өссөн байна. Үүнээс 84 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт, 175 хэргийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтайгаар прокурорт, 21 хэргийг харьяаллын дагуу шилжүүлж, 2 хэргийг түдгэлзүүлж, одоо 320 эрүүгийн хэрэг шалгаж байна. Эдгээр 320 хэргийн 289 нь хэрэг бүртгэлтийн хэрэг, 31 нь мөрдөн байцаалтын хэрэг байна. Энэ сард мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн 47 хувийг шийдвэрлэсэн.
Хэрэг бүртгэлтийн шинээр нээсэн зарим хэргийн товч мэдээлэл:
- МУИС-ийн эрх бүхий албан тушаалтан нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж санхүүгийн дүрэм, журам зөрчиж цалин урамшуулал олгосон, гадаад томилолт, сургалтын төлбөр зардлыг үндэслэлгүйгээр гаргаж өөртөө болон бусдад давуу байдал олгосон;
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд ажиллаж байсан эрх бүхий албан тушаалтан нь ажиллах хугацаандаа тендер сонгон шалгаруулалтгүйгээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 43.6 сая төгрөгийг шилжүүлсэн, мөн төсөвт тусгагдаагүй зардал гарган 23.1 сая төгрөгийн тавилга, эд хогшлыг худалдан авах дүрэм журмыг зөрчин шууд худалдаа хийж өөртөө болон бусдад давуу байдал олгосон;
- Хууль Сахиулах их сургуулийн Сургалт хариуцсан чанарын албаны эрх бүхий албан тушаалтан нь 2018-2019 оны хичээлийн жилийн бакалаврын элсэлтийн шалгалтын оноо хүрээгүй элсэгчээс хахууль авсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь байгууллагын дотоод хяналтаар илэрснийг мөрдөн шалгах ажиллагаа явуулахад удаа дараагийн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал хүргүүлсэн зарим хэргийн товч мэдээлэл:
- Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламж хяналтын удирдах албан тушаалтан хот төлөвлөлтөнд тусгагдаагүй барилга, байгууламжийн "Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ”-г гаргахдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд хээл хахууль авсан;
- Ховд аймгийн Цэцэг сумын нутаг дэвсгэрт орших Мянган угалзат нурууны тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт Цагаан-Эрэг нэртэй газарт нөхөн сэргээлтийн ажил хийх нэрийдлээр хууль бусаар ашигт малтмал олборлох, тээвэрлэх үйл ажиллагааг явуулахдаа орон нутгийн болон хууль хяналтын эрх бүхий албан тушаалтныг татан оролцуулсан зохион байгуулалтай гэмт бүлэглэлийн шинжтэй хэрэгт;
- Орхон аймгийн Өмчийн харилцааны удирдах албан тушаалд ажиллаж байсан албан тушаалтан нь нийтийн албан тушаалд ажиллах явцдаа өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, улмаар албан тушаалаасаа огцорсоны дараа онц их хэмжээний хөрөнгөөр орон сууцны зориулалттай барилга барьж, өөрийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан авсан хөрөнгийн эх үүсвэр нь хууль ёсны болох нь тогтоогдохгүй байгаа үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүллээ.
Шүүхэд шилжүүлэх саналтай санал хүргүүлсэн зарим хэргийн товч мэдээлэл:
- ННҮГ-ын дарга Д.Одончимэг, ерөнхий нягтлан бодогч Д.Энхжаргал нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглан үндэслэлгүй хөрөнгөжсөн, 2012-2017 онд өөрсдийн хамаарал бүхий 9 компаниар дамжуулан 1,5 тэрбум төгрөг завшсан;
- "Өсвөр үе хүнс" ОНӨААТҮГ-ын дарга Б.Наранчулуун, ерөнхий ня-бо Н.Ариунболд, менежер Б.Хулан, түгээлтийн нярав Т.Энхтуяа нар нь албан тушаалын байдлаа ашиглан нэр бүхий аж ахуйн нэгжүүдээс төмс хүнсний ногоо, мах махан бүтээгдэхүүн худалдан авахдаа сонгон шалгаруулалт явуулалгүйгээр гэрээ байгуулан авч, бусдаас хээл хахууль авсан;
- Дорнод аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын албан тушаалтнууд нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус аймгийн Гурванзагал суманд хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн "Мах сүү, сүүний чиглэлийн үржлийн хээлтэгч, хээлтүүлэгч олгох” төслийг сонгон шалгаруулалтгүйгээр тус сумын Засаг дарга Ч.Батдэлгэр, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Дамдинсүрэн нарын төрсөн дүү ах дүү нар болох Ч.Дамдиндорж, Ч.Батчадраа нарт давуу байдал бий болгосон;
- Улсын дээд шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтанд буцаж ирүүлсэн Г.Дэнзэн нь Монгол Улсын тэргүүн шадар сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байхдаа Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн хил, гаалийн шалган нэвтрүүлэх боомтод автотээврийн хэрэгслийн жинлэх 150 тонны даацтай хэмжилтийн пүүг худалдан авах сонгон шалгаруулах үнэлгээний хорооны ажлын хэсгийн даргаар томилогдож албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт дахин шилжүүлээд байна.