Э.Хонгор: Google биш Facebook компанид ажиллахаар болсон нь ийм шалтгаантай
Э.Хонгор нь дунд болон ахлах сургууль, Их сургуулиа Монголдоо төгссөн юм байна. Тэрээр Ерөнхий боловсролын сургуулиа улсын тэргүүний 84, 24 дүгээр сургуулийг дүүргэсэн юм байна. Бакалаврын зэргээ МУИС-ийн Математик компьютерийн сургуулийг программ хангамжийн инженер мэргэжлээр хамгаалсан аж. Их сургуулиа төгсөөд "Мобиком” корпорацид хэсэг ажиллаж байгаад хүсэл зорилгоо биелүүлэхээр "Цахиурын хөндий”-г зорьжээ. Ингээд IT-гийн чиглэлээр суралцаж байгаа болон суралцах хүсэлтэй залууст зориулан Э.Хонгорын зөвлөгөөг хүргэе.
IT чиглэлээр сурахад гадаад хэлний мэдлэг чухал уу
Технологи, программ хангамжийн чиглэлээр сурч байгаа залуусын хувьд энэ асуултыг өөрөөсөө байнга асуудаг болов уу. Хэрвээ та дэлхийн хэмжээний программын код бичиж, дэлхийн хэмжээнд ажиллахыг хүсч байгаа бол таны номер нэг чадвар гадаад хэл байх болно гэдгийг Э.Хонгор онцолсон.
Тэрээр "Би англи хэлний сургалтад сууж байгаагүй. Англи хэлийг их сургуульд суралцаж байх хугацаандаа бие дааж сурсан. Программ хангамжийн олон уралдаан тэмцээнд ордог учраас бусдаас хоцрохгүйн тулд шаардлагатай материалуудыг монгол хэл дээр олддоггүй байсан. Тиймээс англи хэлийг зайлшгүй суралцаж, шинэ мэдээ мэдээлэл олж авах шаардлага үүссэн. Энэ хэрэгцээгээ дагаад англи хэлний мэдлэг нэлээд дээшилсэн. Мэдээж дэлхийн төвшинд, том компанид ажиллах гэж байгаа бол англи хэлтэй байх ёстой. Программ хангамжийн инженерүүд код бичих учраас хэл шаардлагагүй санагдаж магадгүй. Гэхдээ ажил дээр гараад хүн хоорондын харилцаа үүсэх учраас хэлний чадвар сайтай байх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Та бүхэн IT чиглэлээр явъя гэж байгаа бол англи хэлийг сурахаас өөр арга байхгүй. Учир нь, шинэ технологи, аргачлал бүгд англи хэл дээр байгаа учраас сурахаас өөр арга байхгүй” гэж зөвлөв.
Цагийг хэрхэн үр ашигтай өнгөрүүлдэг вэ
Э.Хонгорын хувьд ажил дээрээ цагаа үр дүнтэй өнгөрөөх нь маш чухал гэдгийг тодотгосон. Тэрээр цагаа үр дүнтэй ашиглахын тулд хэрэггүй уулзалтуудад очдоггүй. Олон хүмүүстэй харьцаж ажилладаг учраас хүн бүртээ очиж, уулзаж ярилцах зав хангалтгүй байдаг учраас и-мэйлээр харилцаа үүсгэж ажилладаг. Ихэнх цагаа код бичихэд зарцуулж, сууж ажилладаг учраас чөлөөт цагаараа эрүүл мэндээ анхаарч, спортоор хичээлэхийг эрмэлздэг байна.
Дэлхийн том компанид ажилд орохоор шийдсэн бол ярилцлагадаа ингэж бэлдээрэй
Э.Хонгорын хувьд дэлхийд нэр хүндтэй "Google”, "Facebook”, "Palantir зэрэг компанийн ажлын ярилцлагад орж, бүгдээс нь ажиллах санал авч байсан туршлагатай нэгэн. Тэрээр ярилцлагад хэрхэн бэлтгэх талаар ингэж зөвлөлөө. "Google”, "Facebook” компанийн ярицлагын асуулт жил бүр өөрчлөгддөг бөгөөд тухайн компанийн цахим хуудсаас харж болох юм байна.
Ярилцлагад ороход хамгийн гол нь хувь хүний зан араншинг маш их судалдаг. Хүнд, бэрхшээлтэй асуудал тулгарахад асуудлыг хэрхэн зөв шийдвэрлэж чадах, эсэх чадварыг хардаг. Жишээ нь, мэдээллийн технологийн компанид ажлын ярилцлагад ороход программчиллын асуудал шийдвэрлэх, багаар ажиллах чадварт илүү анхаардаг юм. Бодлого сайн бодно гэдэг чинь сайн ажиллах баталгаа бас биш юм. Багаар ажиллах чадвар чухал. Баг дээр өөрийн санаа бодлоо хэрхэн илэрхийлэх чадвар, бусадтай хэрхэн ойлголцож хамтран ажиллах чадвар зэргүүдээс гадна хувь хүний зан чанар их нөлөөлдөг юм. Аль нэгэн төсөл дээр асуудлыг хэсэгчилж хувааж аваад хийхдээ багаараа байнга уулзан мэдээлэл солилцон зөвлөлдөж байдаг юм. "Миний хийж байгаа ажил ийм түвшинд явж байна, чинийх яаж холбогдож яаж хийх хэрэгтэй вэ” гэхчилэн байнга л санал солилцоно. Учир нь хүн бүрийн хийж байгаа ажлууд нөгөөгөөсөө заавал хамааралтай байдаг болохоор. Эцэст нь энэ бүхнийг нэгтгээд харахад нэг л том төсөл босч ирдэг юм. Ер нь ийм том төслүүдийг нэг хүн дангаараа хийнэ гэж байхгүй, тийм боломж ч байхгүй. Өөрийн техникийн чадвар маш чухал.
Яагаад фэйсбүүкийг сонгосон бэ
Залуусын хувьд Э.Хонгорыгг Google-д орохгүй яагаад фэйсбүүк компанийг сонгосон талаар илүү сонирхож байлаа. Тэрээр энэ асуултад "Компанийн үнэт зүйл болон зорилгыг нь харсан. Өнөөдөр би аав, ээж, хамаатан садан гээд ойр дотнын бүх хүнийхээ мэдээллийг фэйсбүүкээс авч байна. Улс орон, тив алгасан хүн хоорондын харилцааг илүү ойртуулсан. Би энэ компанийн зорилгод илүү итгэдэг учраас цаашдаа маш олон зүйлийг эндээс суралцана.
Хяналтгүй сошиал орчинд хувь хүн бүр нууцлалын тохироогоо сайн хийх ёстой
Сошиал орчин сүүлийн арван жил тасралттай хөгжиж, энэ хэрээр үнэн, худал нь мэдэгдэхгүй хяналтгүй мэдээлэл дунд амьдарч байна. Тиймээс хувь хүн бүр Сошиал медиаг зөв ашиглаж, ялангуяа Фэйсбүүкийнхээ мэдээллийн аюулгүй байдлаа хангаж нууцлалын тохироогоо маш сайн хийж байх хэрэгтэй.
Өнөөдөр Фейсбүүк хэрэглэж байгаа тэрбум хүн байна. Энэ дунд мэдээллийг үүсгэдэг, мэдээллүүдийг уншиж өөртөө ашигладаг, зарим нь хэрэгтэй хэрэггүй мэдээллүүд дунд маш их цагийг өнгөрөөдөг хүмүүс байна. Яаж ашиглах нь хувь хүмүүсийн л асуудал. Хэрвээ Фейсбүүкийг үр дүнтэй ашиглая гэвэл өөрийн сонирхол хүслээрээ сонголт хийх боломжууд байгаа. Хүн хэрэгтэй мэдээлэл өгөх олон группууд байдаг. Ууланд аялах сонирхолтой бол тийм группууд байна, математик сонирхдог бол тийм групп бас байна. Тиймээс өөртөө хэрэгтэй сонирхолтой мэдээлэл болон группуудээ сонгож, зөв ашиглах нь чухал болов уу.
Эцэст нь хэлэхэд, монгол хүн болохоор нь онцгой, оюуны өндөр потенциалтай гэж бодох хэрэггүй. Учир нь, хэн ч байсан зорилго, мөрөөдөлтэй, түүнийхээ төлөө хичээж зүтгэх л юм бол үр дүнд заавал хүрдэг. Харин багахан гаргасан амжилтандаа ханаж, онгирч болохгүй. Даруу байгаарай. Хамгийн чухал нь өөрийн хийж чадах, үнэн сэтгэлээсээ дурлах зөв л мэргэжлээ сонгох хэрэгтэй гэж зөвлөсөн юм.