У.Хүрэлсүх “ТҮГЖИЛ” ажиллагааны бай болов уу?!
Манай ард түмэн улс төрийн өндөр мэдрэмжтэй. Захын хүн улс төр ярьдаг гэж муулаад ч юу, сайлаад ч юм уу ярьдаг юм. Үүний муу нь яахав. Бас тийм сайн зүйл ч биш л байх. Гэхдээ манай улстөрчид байнга ард түмнээрээ "оролдсоор” байгаад та бидний хэн нь ч улс төрийн талаар тодорхой ойлголттой болчихсон хэрэг. Наад зах нь л сайд яаж огцордог вэ гэдгийг хууль харалгүйгээр мэддэг хүмүүс олон бий. Гэтэл яг үүн дээр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх алдаа хийлээ.
Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль, Засгийн газрын тухай хуульд нарийн тодорхой зааснаар ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ Ерөнхий сайдад өргөдлөө өгчихөөд УИХ-ын шийдвэр гарч, дараагийн сайд томилогдтол Сайдын үүрэг гүйцэтгэгчээр албан үүргээ гүйцэтгэж, хариуцлага сэлтээ хүлээх учиртай юм. Гэтэл Зсгийн газар түүнийг явуулчихаад оронд нь Шадар сайдаараа үүрэг гүйцэтгүүлэхээр томилсон УИХ-ын онцгой бүрэн эрхэнд халдсан явдал болжээ.
Дээрээс нь Засгийн газар Төрийн нарийн бичгийн даргын ажил руу харайж ороод ЗТХЯ-ны долоон Газрын даргыг нэг дор "нухчихсан” байгаа юм. Бас л хууль зөрчинө. Энэ юу ч биш.
Хариуцлага хүлээлгэсэн Газрын дарга нарын нэг Р.Мэргэнийг Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч болгов. Ойлгохын аргагүй томилгоо.
Бас хаа сайгүй хариуцлага яригдаж байхад МАН удирдах зөвлөлөөрөө УБТЗ-ын орлогч даргаар ажиллаж байгаа Л.Халтарыг дэд сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилно гээд шийдэж байх юм. УИХ-ын гишүүн, УБТЗ-ын дарга болох гэж насаараа зүтгэсэн Л.Халтар ингэж дэд сайд ч болтугай болж мөрөөдлийнхөө 80 хувийг биелүүлж байх шиг байна. Уг нь хүмүүс УБТЗ-ын удирдлагуудыг ЗТХЯ шиг бүгдийг нь зайлуул гэж шахаад байдаг. Яг бодит байдал бол энэ юм.
Яагаад ийм юм болчихов гэдэг маш сонин. У.Хүрэлсүх гэдэг хүн ганцаараа ажиллаад байдаг юм биш. Хуулийн дагуу маш том, олон хүнтэй аппарат дор нь ажиллаж байна. Хамгийн түрүүнд ЗГХЭГ нь үүнд буруутай. Засгийн газрын гал тогоо, тэндээс гарах тогтоол шийдвэр бүгдийг боловсруулж, бүх талын, түүн дотор эрх зүйн туслдалцаа, зөвлөгөөг үзүүлж ажиллах үндсэн үүрэгтэй бүтэц юм. ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар нь хамт суугаад л мэдээлэл хийж байсан. Энэ хүн л ийм зүйлийг харж, хянаж байх ёстой. За яахав, Г.Занданшатар бас улс төр, энээ тэрээ бужигнаан бодоод У.Хүрэлсүхтэй адил мэдээгүй юм байж бодъё.
Тэгвэл ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар томилогдоод удаагүй байгаа Г.Баясгалангийн хаагуур энэ шийдвэр гараад явчихав аа. Тэр бас л Ерөнхий сайдтай хамт суугаад мэдээлэл хийж байсан хүн. Г.Баясгалан бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх, Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргаар олон жил ажилласан. Хуулиар бол "толгой хоосон” байх боломжгүй нөхөр.
Түүнээс гадна ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын даргаар Б.Доньжчимбуу гэж чекист хуульч ажилладаг. АТГ, ТЕГ-т ажиллаж байсан айхавтар сайн хуульч, ялангуяа иймэрхүү хууль бус юмыг дээгүүр, доогуураа яасан ч өнгөрөөхөөргүй хүн байх ёстой.
Хамгийн сүүлд, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг өндөрт өргөж явдаг ганц сайд Ц.Нямдорж нь байгаа. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж бол Монголын хуулийг би мэднэ, би зохиосон юм гэж цээжээ дэлддэг хүн байгаа юм. Ц.Нямдоржгүй шийдвэр энэ Засгийн газраас гарна гэдэг эргэлзээтэй. Тэгээд бас Засгийн газрын бүрэлдэхүүн нь хөндөгдөж байгаа ийм нөхцөлд Ц.Нямдорж амаа хамхиад сууж байсан гэвэл хэн ч итгэхгүй.
Ийм л байна. Ийм олон "банхар”-ын хаагуур нь гараад гурван том хуулийн зөрчил үүссэн нь маш ойлгомжгүй. Тэд мэдэж байсан байж таарна. Тиймээс эндээс цорын ганц л дүгнэлт хийж болохоор байгаа юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Түгжил” ажиллагааны бай болчихов уу гэж л харагдаад байна?!
Зууны мэдээ