Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах шатрын тэмцээн эхэллээ
УИХ-ын дэд дарга Я.Санжмятавын ивээлд манай оронд анх удаагаа болж буй Ази тивийн залуучуудын шатрын аварга шалгаруулах тэмцээний нээлт өчигдөр боллоо.
Тэмцээнд БНХАУ, Энэтхэг, БНСУ, Индонез, Хонконг, Киргизтан, Казакстан, Узбек, Непал, Сингапур, Бангладеш, Иран, Тимур зэрэг Ази тивийн 11 орны 70 гаруй тамирчин оролцож байгаа юм.
МҮЭ-ийн СТО-ы их танхимд болсон тэмцээний нээлтэд уг тэмцээнийг зохион байгуулах хорооны дарга буюу Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Я.Санжмятав, Дэлхийн шатрын холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Ц.Сайнбаяр, Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигч Аркади Владиморвич Дворкович, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Б.Саранчимэг нар оролцлоо.
Тус тэмцээнийг шүүхээр манай улсад хүрэлцэн ирээд байгаа Дэлхийн шатрын холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн шүүгчид мөн нээлтэд оролцов.
Энэ сарын 26-ныг хүртэл үргэлжлэх энэхүү тэмцээний хүрээнд мөн "Mongolian open-2018”, өсвөрийн шатарчдын "Ирээдүйн олимп-2018”, "Ахмадын аварга шалгаруулах шатрын тэмцээн-2018” зэрэг тэмцээнийг зохион байгуулах юм.
Ази тивийн залуучуудын шатрын аварга шалгаруулах тэмцээн нь манай улсад болж буй тив дэлхийн чанартай дөрөв дэх тэмцээн гэдгийг Я.Санжмятав нээлтийн үеэр хэлсэн үгэндээ тэмдэглэлээ.