Нэгдүгээр ангид бүртгүүлэхэд яагаад байрны ордер нотариатаар баталгаажуулахыг шаардав
Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн орох хүүхдүүдийг энэ сарын 20-ноос эхлэн бүртгэж, 30-ныг хүртэл явагдах юм. Нэгдүгээр ангид зөвхөн зургаан настнууд буюу 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүдийг элсүүлнэ.
Нэгдүгээр ангид элсэгчдийн эцэг, эх болон асран хамгаалагч нь хүүхдээ дагуулан өөрийн биеэр хамран сургах тойргийн сургууль дээр ирж бүртгүүлэх бөгөөд дараахь материалыг бүрдүүлж ирэх шаардлагатай. Үүнд:
1. Төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар
2. Эцэг эх асран хамгаалагчийн цахим үнэмлэхийн эх хувь болон хуулбар
3. 3х4 хэмжээтэй нэг хувь цээж зураг
4. Шаардлагатай тохиолдолд Засгийн газын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа болон байрны оршин суух гэрээг үзнэ хэмээн Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамнаас мэдээлсэн юм.
Өнөөдөр Хан-Уул дүүргийн иргэн Г.Дэнсмаа гэх бүсгүй 52-р сургуулийн бүртгэлийн талаарх зарлалыг олон нийтийн сүлжээнд дэлгэсэн юм. Тус зарлалд нэгдүгээр ангид орох гэж буй хүүхдийн бүрдүүлэх материалыг бичсэн байлаа. Үүнд:
-Хүүхдийн төрсний гэрчилгээ хуулбарын хамт
-Эцэг, эхийн цахим үнэмлэх хуулбарын хамт
-Өргөдөл
-Оршин суугаа байрны ордер/нотариатаар баталгаажуулсан хувь/
-Элсэгчдийн цээж зураг хоёр хувь гэж бичжээ.
Та бүхний харж байгаачлан шаардлагатай тохиолдолд Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа болон байрны оршин суух гэрээг үзнэ гэж байхад Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуулийн гаднах зарлал дээр байрны ордерийг бүр нотариатаар баталгаажуулахыг шаардсан байна.
Хан-Уул дүүргийн иргэн Г.Дэнсмаа "Хан-Уул дүүрэгт шилжиж очсон гэх цагаан хуудастай хүнийг хялайж ч харахгүй байна лээ. Би нэгдүгээр хорооноосоо тодорхойлолт авч очсон. Хүүгийн маань хамран сургах тойрог 52-р сургууль байсан юм. Байрны ордероо энэ сард багтааж нотариатаар баталгаажуулсан байх шаардлага тавьсан. Би заавал яагаад нотариатаар баталгаажуулах ёстойг ойлгохгүй байна. Тэнд байсан ихэнх хүмүүс мөн миний адил бухимдалтай байсан” гэв.
-БҮХ ХҮМҮҮСЭЭС ЗААВАЛ ОРДЕРОО АВЧРАХЫГ ШААРДААГҮЙ ГЭВ-
Хан-Уул дүүргийн Боловсролын газрын мэргэжилтэн Д.Чинбаатар "Энэ асуудлаар яг ярьж байлаа. Яагаад байрны ордерыг нотариатаар баталгаажуулахыг шаардсаныг тайлбарлая. Жишээ нь: Нэг иргэн хоёр өрөө байртай байлаа гэж бодоход тэр хүнээс гадна дөрөв, таван айл бүртгэлтэй байх тохиолдол гарч байгаа юм.
Тэр таван өрхийн таван хүүхэд, бүгдээрээ энэ сургуульд орохыг хүсээд байна. Тиймээс шаардлагатай тохиолдолд орон сууцны ордерын хуулбаыг нотариатаар баталгаажуулахыг шаардаж байгаа юм. Түүнээс биш бүх хүмүүсээс заавал ордероо авчрахыг шаардаагүй.
Бид иргэдээс Боловсролын яамнаас гаргасан шаардлагатай бүртгэл материалуудыг аваад явахад болохгүй юм байхгүй. Гэвч "ТҮЦ машин”-аас авсан тодорхойлолт энэ тохиолдолд шаардлага хангахгүй байна. Тиймээс 52-р сургуулиас дээрх зүйлсийг зөрчил илэрсэн хүмүүст, байрны ордероо нотариатаар баталгаажуулах шаардлага тавьж байгаа юм байна.
Мөн тэр цагаан хуудасны тухайд нэг айл дээр бас л дөрөв, таван хүн цагаан хуудас бариад ороод ирсэн тохиолдол гарсан байна. Иргэний бүртгэл нь хуурамч эсэхийг шалгах эрх манай байгууллагад байхгүй юм. Тиймээс тухайн сургуулийн захирал, комиссын ахлагчийн хувьд дээрх шийдвэрийг гаргажээ” гэв.