С.Чинзориг: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг 80 мянган хүн байна
ХНХЯ, Ажил олгогч эздийн хэмжээг даган өөрчлөгддөг нэгдсэн холбоо, МҮЭ хамтран ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчилж, 320 мянган төгрөг болгон тогтоосныг зарлалаа. Ингэснээр нэг цагийн хөдөлмөрийн хөлс хамгийн багадаа 1904, өдрийнх нь 15020 төгрөг байх юм. Түүнээс гадна гурван талт зөвшилцлийн хүрээнд гарсан бусад шийдвэрийг энэ үеэр танилцуулсан юм. Тухайлбал, 2017 онд УИХ-ын 29 дүгээр тогтоолоор төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2017- 2018 онд одоогийн түвшинд хэвээр хадгалах буюу царцаах, цалин хөлсийг цаашид нэмэгдүүлэх асуудлыг 2019 оноос төсвийн боломжтой уялдуулан шийдвэрлэнэ хэмээн заасан. Тэгвэл энэхүү заалтыг хүчингүй болгоход талууд санал нэгджээ. Мөн төрийн албан хаагчдын зэрэг дэв, цалингийн шатлалаар ахиулахыг дээрх тогтоолоор хориглосон байсан. Түүнчлэн эрүүл мэнд, боловсрол, цагдаа, онцгой байдлын салбараас 2017-2019 онд өндөр насны тэтгэвэрт гарах хоёр төрийн албан хаагч тутамд нэг албан хаагчийг нөхөн томилох, энэ хугацаанд бусад салбарт төрийн албанаас өндөр насны тэтгэвэр тогтоолгох болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдсөн албан хаагчийн орон тоонд нөхөн томилгоо хийхгүй байхыг заасан байсан юм. Харин гурван тал эдгээр заалтыг хүчингүй болгох саналаа Засгийн газарт өгч, улмаар УИХ-аар шийдвэрлүүлнэ гэж ХНХ-ын сайд С. Чинзориг хэлэв. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь дунд сургууль дөнгөж төгссөн, цэргээс халагдсан, мэргэжилгүй хүнд олгох цалингийн хамгийн доод хэмжээ. Энэ хэмжээг тогтоохын тулд гурван тал тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа 80 гаруй мянган аж ахуйн нэгжээс судалгаа авсан гэдгийг Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны тэргүүн хэлэв.
Энэ үеэр ХНХ-ын сайд С.Чинзоригоос дараах зүйлийг тодруулсан юм.
-Цалингийн доод хэмжээг үйлчилж эхлэхээс өмнө зарлах нь бараа материалын үнэ өсөхөд сөргөөр нөлөөлөхгүй юу?
-2019 оны төсвийн төслийг яг одоо боловсруулж байна. Үүнээс өмнө цалингийн доод хэмжээтэй холбоотой шийдвэр гарсан байх ёстой юм. Төрийн албан хаагчдын цалин хөлсний асуудал тусдаа. Төрийн албаны хамгийн доод цалингийн хэмжээ 380 мянган төгрөг байгаа. Энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан төрийн албан хаагчдын цалин нэмэх талаар ОУВС-тай хэлэлцээр хийнэ. Мөн өнөөдөр энэ асуудлаар улсын хэлэлцээр үргэлжилнэ.
-Цалингийн доод хэмжээг нэмэхээр зарим торгууль шийтгэлийн хэмжээ дагаад өсдөг гэж олон нийт бухимддаг..
-Торгууль шийтгэлийг тодорхой нэгжээр заадаг болсон. Өнгөрсөн жил хуульд өөрчлөлт ороод торгуулийн хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг даган өөрчлөгддөг асуудал байхгүй болсон.
-Яг өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин авдаг хэдэн хүн байдаг вэ?
-Улсын хэмжээнд 1.1 сая хөдөлмөр эрхлэгч байна. Эдгээрийн найман хувь нь л хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг. Энэ нь 80 орчим мянган хүний асуудал юм. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэхэд жижиг дунд үйлдвэрлэл, хөдөө аж ахуй зэрэг орлого багатай салбаруудын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө гэдгээ илэрхийлсэн. Улмаар зөвшилцсөний хүрээнд 320 мянган төгрөг болгож нэмээд байна.
-Төрийн албан хаагчид цалингаа нэмүүлэх шаардлагыг тавиад буй. Саяхан "Цалин нэмэх түр хороо”-ноос хэвлэлийн бага хурал хийж, багш нарын цалинг нэмэхгүй бол есдүгээр сарын 1-нээс ажил хаяна гэдгээ мэдэгдсэн. Энэ талаар ямар тайлбар өгөх вэ?
-Монгол улс хуультай орон. "Цалин нэмэх түр хороо” гэж гарч ирээд улсын хэмжээгээр ажил хаялт зохион байгуулах эрх байхгүй. Дуртай хэн нэгэн нь зоргоороо ийм асуудлыг ярих нь буруу. Цалин хөлс нэмэх шаардлага бий. Гэхдээ нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг. Тиймээс ажил хаялт гэх мэт зүйл болохгүй болов уу гэж бодож байна. Төрийн албан хаагчдын цалинг нэмэх талаар гурван тал яг одоо үргэлжлүүлэн хуралдана.