Хүүхэд хамгааллын бодлогоо 217 сая, санамж бичгийг 525 саяар "үнэлэв"
Авто осол, үер, ус, гал түймэр, хүчирхийлэл, гэмт хэрэг, ахуйн осол гээд дурдаад байвал монгол хүүхдүүд ямар эрсдэл, аюул дунд амьдарч байгаа нь дэндүү тодорхой. Зарим нэгэнд нь өдөр бүр, цаг мөч болгонд хамгаалал шаардлагатай байгаа ч бодлого шийдвэр хангалтгүй, тэрийг нь хэрэгжүүлэгчид байгаа онохгүй байгаагаас хүүхдийн эрх, эрүүл, аюулгүй амьдрах нөхцөл ямар хэмжээнд байгааг хэдхэн тоо баримтаас харж болно.
Түүнчлэн эрсдэлтэй орчинд амьдарч байгаа хүүхдүүдийн бүртгэлийн сан одоо хүртэл бүрдээгүй, туйлын хангалтгүй байгааг энд онцлох ёстой. Хамгийн харамсалтай нь хүүхдийг хамгаалах үүрэгтэй төрийн байгууллагуудын уялдаа холбоо хангалтгүй. Хэдийгээр хүүхэд хамгаалалд зарцуулах мөнгө төдийлөн хангалттай бус ч төсөвлөсөн багахан мөнгийг нь оновчгүй зарцуулж байгаа нь харамсалтай юм. Хүүхэд хамгаалах чиг үүрэгтэй яам, агентлагууд нь хүүхдийн эрхийг хангах, эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх чиглэлээр ямар үр дүнтэй ажил хийснээ ил тод тайлагнадаггүй.
Тайлагнасан нь зорилтот бүлэгтээ хүрдэггүй, бодлого шийдвэрээ дорвитой хэрэгжүүлээгүй байгаа юм. Үүний нэг жишээ бол Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2018 оны төсөвт хүүхэд хөгжил, хамгааллын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр 5.8 тэрбум төгрөг тусгасан. Үүнээс эхний хагас жилд 2.2 тэрбум төгрөгийг хүүхэд хамгаалахад зарцуулжээ. Хүүхэд хамгаалах зориулалттай 2.2 тэрбум төгрөгийн задаргааг харвал хамгаалал хүссэн хүүхэд бүрт анхаарч, хүрч ажиллах үүрэгтэй төрийн агентлагийн ажлын үзүүлэлтийг харж болно.
Тодруулбал, хүүхэд хамгааллын чиглэлээр төсөвт суулгасан таван тэрбум төгрөгийн тэн хагас болох 2.2 тэрбум төгрөгөөс бодлого, төлөвлөлт, зохицуулалт, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулахад – 9.9 хувь- 217.8 сая. Хууль, тогтоомж, бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зохион байгуулалтад-12.6 хувь буюу 277.2 сая. Хүүхэд хамгааллын үйлчилгээний төвүүдийг бэхжүүлэхэд-13.7 хувь буюу 301.4 сая. Олон нийтийн ойлголт, хандлагыг дээшлүүлэх, нөлөөлөл, сурталчилгаанд-гурван хувь буюу 66 сая. Харин төрийн бус байгууллагуудтай гэрээ, санамж бичгийн хүрээнд зарцуулсан зардал-23.9 хувь буюу 525.8 сая, орон нутаг, нийслэл, дүүргийн хүүхдийн хөгжил, хамгааллын үйлчилгээнд-36.5 хувь буюу 803 сая төгрөг зарцуулжээ.
Эндээс хүүхэд хамгааллын хамгийн чухал хэсэг буюу бодлого, төлөвлөлт, хэрэгжилтэд 277 сая төгрөг зарцуулсан мөртлөө төрийн бус байгууллагуудтай санамж бичиг байгуулахад хоёр дахин илүү 525 сая төгрөг өгсөн байгаа юм. Гэтэл хүүхэд хамгаалалд хамгийн чухал нөлөөтэй олон нийтийн ойлголт, хандлагыг дээшлүүлэх, нөлөөлөл, сурталчилгааны ажилд гуравхан хувь буюу 66 сая төгрөг зарцуулжээ.
Энэ бүхний эцэст хүүхэд хамгааллын нөхцөл байдал сайжирсан уу гэвэл, үгүй байгаа юм. Тухайлбал, хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэрэг өнгөрсөн онд 1286, хүүхдийн эрхийг зөрчсөн захиргааны зөрчил 4369 бүртгэгдэж 1.3 дахин өссөн байна. 90 хүүхэд гэмт хэргийн, 122 хүүхэд захиргааны зөрчлийн хохирогч болжээ. Энэ үзүүлэлт 2018 онд огт сайжраагүй бөгөөд эхний зургаан сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн 584 гэмт хэрэг бүртгэгдэж 17 420 хүн хохирсны 29 нь буюу 7.8 хувь нь хүүхэд байна.
Сүүлийн 4-5 жилд улсын хэмжээнд Эрүүгийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн тоог харахад зөвхөн энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон 65, түүнээс 16 нь насанд хүрээгүй хүүхэд байгаа юм. Энэ нь гэмт хэрэг, зөрчил гэж зөвхөн бүртгэгдсэн тоо баримт. Гэтэл бүртгэгдээгүй гэмт хэрэг, зөрчлийн золиос болж байгаа хэдэн хүүхэд байгааг мэдэхгүй.
С.УЯНГА
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин