Бид хүүхэд хамгаалах талаар ярьдаг ч хэрхэн хийхээ ойлгодоггүй

1331

Бид хүүхэд хамгаалах талаар ярьдаг ч хэрхэн хийхээ ойлгодоггүй

 

"Эрсдэлт бүлгийн, хэрэг зөрчилд холбогдож, албадлагын арга хэмжээ авахуулсан 20 хүүхэдтэй уулзахад бүгд сэтгэл зүйн хувьд маш тавгүй байв. Тэдний 80 орчим хувь нь байнга хар дарж зүүдэлдэг, 70 хувь нь байцаан шийтгэх ажиллагааны явцад бие махбодийн хүчирхийлэл, зүй бус хандахын зовлонг амссан гэж ярьсан. Тэд цагдаагаас айчихсан, прокуророор хамгаалуулахаа мэддэггүй, өмгөөлөгчдөө үгээ хэлж чаддаггүй, нийгмийн ажилтнаас үнэн байдлаа нуучихсан байсан. Аав, ээж нь хүүхдийг нь хамгаалах хууль байгааг мэддэггүй, хэн нэг нь тусална гэдгийг огт ойлгодоггүй. Зарим нь хүүхдээ гутааж доромжилдог, бүр алга болоосой гэж хүсдэг гэж хэлж байв. Тиймээс л миний уулзсан 20 хүүхдийн 12 нь амиа хорлох оролдлого хийж үзсэн, гурав нь удаа дараа амиа хорлохыг оролдсон байсан. Хүүхдийн сэтгэл зүй ийм байхад томчууд тэдэнд ял өгснөөр асуудлыг шийдвэрлэчихсэн гээд сууж байх нь "харгис” гэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилт ямар байгаа талаарх хэлэлцүүлгийн үеэр нэгэн оролцогч ярьсан юм.
 

Хүүхдийг хайрлах, хамгаалах, эрхийг нь зөрчихгүй байх ёстой гэж бид ярьж, бичээд л байдаг. Гэтэл үнэн хэрэгтээ үүнийгээ яаж хийх ээ, хүүхдээ хэрхэн хамгаалах ёстойгоо ойлгодоггүйн жишээ энэ. Хэдэн жилийн өмнө, бүр тодруулбал 2006 онд Хүүхдийг ивээх сангийнхан манай улсад ирээдүйн иргэдээ хамгаалах тогтолцоо туйлын хангалтгүй, бараг байхгүйтэй адил байгааг хөндсөн нь тухайн үедээ тун ч содон сонсогдож байв. Түүнээс хойш 12 жил өнгөрчээ. Энэ асуудал одоо ч хэвээр байна.

 

Хүүхдийн эрхийн тухай амаа цуцтал ярих хэрнээ эрхийг нь зөрчих явдал огт буурахгүй газар авсаар, хүүхдийн эсрэг гэмт үйлдэл, хэргүүд улам бүр хүндэрч, хүүхэд хамгаалах ажил өдий олон жилд хэлбэрийн төдий, хий хоосон уриа лоозонгоос хэтрэхгүй явж ирсний шалтгаан нь тогтолцоо, бүтэц байхгүйтэй холбоотой. Өмнө нь төрийн болон олон улсын бүх шатны байгууллага хүүхэд хамгааллын асуудлыг гал унтраах байдлаар шийдэж, дахин гарах эрсдэлийг ойлгуулан, залруулахгүй, бусдад сэрэмжлүүлэхгүй, нийгэмд нөлөөлөх ажил хийхгүй орхидог байсан. Үүнийг өөрчилж, хүүхэд хамгаалах тогтолцоог системтэйгээр бий болгох, хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэн, холбогдох албаныхныг чадавхжуулах хэрэгтэй гэж Хүүхдийг ивээх сан зорьсон нь өдгөө багагүй үр дүнд хүрээд буй.

 

Хүүхэд хамгааллын асуудал бол маш өргөн сэдэв. Үүнд боловсрол, эрүүл мэнд, халамж, хууль эрх зүйн таатай орчин гээд бүх зүйл орно. Эдгээрийг цогцоор нь шийдсэн цагт хүүхэд бүрэн хамгаалагдана гэсэн үг. Энэ бол нэг хүний, бас нэг салбарын асуудал биш. Гэтэл тусламж хамгийн их хэрэгтэй хүмүүстэй тулж ажиллах үүрэгтэй хорооны ганц нийгмийн ажилтан дэмжлэг хүссэн хүүхэд бүрийн асуудлыг шийдэж өгч чадах уу. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ шаардахад яах вэ, хүчирхийлэлд өртсөн хүүхэдтэй хэрхэн харилцаж, хууль эрх зүйн ямар үйлчилгээ үзүүлэх вэ, халамжийн асуудал, сургуулийн орчинд хэрхэн анхаарал тавих вэ. Ганц хүн энэ бүх асуудлыг шийдвэрлэж, зохицуулахад хүндрэлтэй. Чухам иймээс шийдэл хайж, шаардлагатай мэргэжилтнүүдийг нэгтгэн, баг болгож ажиллуулан туршсан нь 2003 он. Хүүхэд хамгааллын олон асуудлыг нэг дор шийдвэрлэдэг олон улсын сайн туршлагыг Монголд анх нэвтрүүлсэн нь энэ.

 

Хамтарсан багийг анхнаас нь байгуулж, туршсан, арга зүйг боловсруулж, төдийгөөс өдий хүртэл авч явж байгаа Хүүхдийг ивээх сангийн оруулж буй хувь нэмрийг үнэлэх хэрэгтэй. Тэд 2015-2018 онд "Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж, нийслэлд зургаа, орон нутагт гурван хамтарсан багийн үйл ажиллагааг арга зүйгээр дэмжиж ажиллажээ. Хүүхэд хамгааллын болоод Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд хамтарсан баг байгуулж ажиллахыг хуульчилахад ч тэд зохих хэмжээгээр нөлөөлсөн.

 

Хуулийн дагуу Монгол Улсын бүх баг, сум, хороонд хамтарсан баг ажиллаж, хамгаалал шаардлагатай хүүхэд, гэр бүлд үйлчилэх ёстой. Хуультай болох нэг асуудал. Хуулийг хэрэгжүүлэх, үйлчилгээг чанар, хүртээмжтэй байлгах хамгийн чухал. Өнгөрсөн оны төсөвт хүүхэд хамгааллын үйлчилгээнд таван тэрбум төгрөг төсөвлөсөн ч очих ёстой газраа очоогүй тухай яригдаж байгаа. Төсөв санхүү, боловсон хүчнээс эхлээд цөөнгүй асуудалтай тулгарч, ажил нь алаг цоогтой байгаа ч ийм бүтэцтэй, Хүүхэд хамгааллын тухай болон Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуультай болсон нь өнөөдөртөө дэвшил юм.

Хүүхдүүдэд тулгараад байгаа асуудлыг томчууд ерөнхийд нь ойлгодог ч хэрхэн, ямар арга замаар, мэргэжлийн түвшинд туслахаа мэддэггүй, өөрөө эсхүл хөрш нь хүүхдээ зодоход хүчирхийлэл гэж ойлгодоггүй, хуулийн хүрээнд хэрхэн таслан зогсоох, илүү ноцтой зүйлээс урьдчилан сэргийлэхээ мэддэггүй байв. Олонх нь хүүхдийн хүчирхийллийг гэр бүлийн хүмүүжил олгох үйл явц, арга барил, хүний хувийн асуудал гэж боддог байлаа. Харин хүүхдийн хүчирхийллийн талаар хуулийн байгууллагад мэдээлэл өгөх, хүчирхийллийг таслан зогсоох, хамгаалах нь иргэн бүрийн үүрэг болж, хуульчлагдсан нь хүүхэд хамгааллын хүрээг тэлсэн. Хамтарсан баг байгуулж, гишүүдийг нь мэдлэг, мэдээллээр хангаж, үүргийг нь тодорхой хуваарилж, зөвлөснөөр хүүхдүүдийн хамгаалуулахыг хүсдэг зүйлсийг мэддэг, ил гаргадаг болж байгаа. Энэ мэтээр хэдэн жилийн өмнөхийг бодвол хүүхэд хамгааллын ойлголт харьцангуй өөрчлөгдөж буй ч хангалттай түвшинд хараахан хүрээгүй байна. Үүнийг илүү үр дүнд хүргэхийн тулд хамтарсан багийн гишүүд мэдлэгтэй, чадвартай байх ёстой.

 

Хүүхдийг ивээх сангийн төсөлд хамрагдсан болон хамрагдаагүй хамтарсан багийн үйлчилгээний чанар, хүртээмжээрээ эрс ялгардаг талаар төрийн болон төрийн бус байгууллагынхан, үйлчлүүлэгчид хэлж байсан. Өөрөөр хэлбэл, хуульд зааснаар орон даяар, засаг захиргааны анхан шатны нэгжүүдэд байгуулсан хамтарсан багийнханд чадвараа сайжруулах, үйлчлүүлэгчидтэй хэрхэн харилцах арга зүйг зааж өгөх шаардлага бий.

 

"Төрийн анхан шатны нэгжид ажиллаж байгаа нийгмийн ажилтан маш олон удирдлагатай. Шат шатны төрийн байгууллага, яам, тамгын газраас сар тутам нэхдэг ямар ч уялдаа холбоогүй тайлангууд нийгмийн ажилтанд үндсэн ажлаа хийх цаг, боломж олгохгүй байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг Хууль зүй, дотоод хэргийн яам, Хүүхэд хамгааллын тухай хуулийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хариуцдаг нь нэг зоосны хоёр тал болсон асуудлыг салгаж, уялдаа холбоогүй болгосон. Анхан шатны нэгж дээр хамтарсан баг ажиллаж байхад бодлого барьж буй төрийн түшээд ажлаа уялдуулах хэрэгтэй байна гэж” гэж Хүүхдийг ивээх сангийн мэргэжилтэн ярьж байна.

 

Дөнгөж "төрөөд”, хөл дээрээ бүрэн зогсож чадаагүй, тэнцэж ядан буй хамтарсан багт төрийн албаны халаа сэлгээ, намчирхах байдал, халаа солио нь том цохилт болж буйг ч холбогдох хүмүүс хэлж байгаа. Сонгуулийн дүнгээр хорооны Засаг дарга солигдоход дагаад бүх албан тушаалтан нь сэлгэгдэнэ. Хоёр жилийн хугацаанд олон удаагийн сургалтад хамруулж, мэргэшүүлсэн, ажлаа мэддэг хүмүүс нь энэ талын ямар ч мэдэгдэхүүнгүй нэгнээр солигдож, бүхнийг шинээр эхлэх болдог. Бүхий л салбарт буй, бидний байнга харсаар дасал болсон энэ дүр зураг шинэ тутам, онцгой үүрэгтэй хамтарсан багийг туйлдуулах нэг шалтгаан болж байгааг бодууштай.

 

Х.Уянга

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>