Хуулийн хугацаа дууслаа, ЗТХ-ийн сайдыг хэзээ томилох вэ?

789

 

Төрийн аллага гэсэн автор зүүгээд буй Зам тээврийн яамны газрын дарга нарын хэргээс үүдэлтэйгээр тус салбарын сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга нарыг огцруулаад яг нэг сар болж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх зам тээврийн салбарын удирдлагын багийг бүрэн бүрэлдэхүүнээр нь чөлөөлж буйгаа өнгөрсөн сарын 14-нд мэдэгдсэн.

 

Тухайн өдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдан хоёр шийдвэр гаргасны нэг нь дээрх хариуцлага тооцох тухай байв. Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэхээс өмнө Зам тээвэр хөгжлийн сайд асан Ж.Бат-Эрдэнэ цахим хуудастаа "Сайдын ажлаа өгье. Ёс зүйн хариуцлагаа хүлээе” гэж мэдэгдээд байсан юм. Сайд, дэд сайд өөрийн хүсэлтээр өргөдлөө өгсөн бол тус яамны бусад албан тушаалтныг огцруулах шийдвэрийг танхимаараа гаргажээ.

Харин өнөөдөр Зам тээвэр хөгжлийн сайдын үүргийг шадар сайд Ө.Энхтүвшин түр орлон гүйцэтгэж байгаа бол Засгийн газраас дэд сайдаар Л.Халтарыг томилсон. Төрийн нарийн бичгийн даргаар мөн л түр үүрэг гүйцэтгэгч тавиад буй нь Р.Мэргэн. Улмаар ЗТХЯ-ны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтын захиалгыг төрийн албаны зөвлөлд өгөөд байгаа аж. Төрийн нарийн бичгийн дарга болон газрын дарга нарыг нээлттэй шалгаруулалтаар сонгон шалгаруулах юм.

ЗГ-ын гишүүнийг УИХ 30 хоногийн дотор нөхөн томилох хуулийн заалттай

Харин тус салбарын сайд хэн болохыг улс төрийн томилгоогоор шийднэ. Тодруулбал, намын удирдах зөвлөлөөс дэмжлэг авсан хүнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-д өргөн барина гэсэн үг. Ялагдсан намын эрх мэдэл УИХ дахь бүлэгтээ хадгалагддаг бол ялсан намынх удирдах зөвлөлд байдаг улс төрийн тогтсон жишиг Монголд бий. Гэхдээ сайдыг улс төрийн шийдвэрээр тодруулах ч, томилох хугацаа нь хуулийн дагуу байх ёстой. Монгол улсын Засгийн газрын гишүүнийг томилох тухай хуульд ...Засгийн газрын гишүүн орон гарсан тохиолдолд улсын их хурал 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно…. хэмээн тусгасан.

Өөрөөр хэлбэл, Зам тээвэр хөгжлийн сайдыг томилох асуудлыг хэлэлцэх хуулийн хоёр хоног УИХ, Засгийн газарт үлдээд байна гэсэн үг. Гэвч өнөөдөр уих завсарласан хэвээр, намрын чуулганыг ирэх сарын 1-нд нээхээр бэлтгэж байна. УИХ-ын ээлжит бус чуулган зарлагдах сураг байсан ч гишүүдийн ирц хүрэхгүй гэсэн шалтгаанаар хуралдахгүй байсаар өнөөдрийг хүрэв. Хэрэв ээлжит бус чуулган зарласан тохиолдолд Зам тээвэр, хөгжлийн сайдыг томилох боломжтой.

Гэхдээ намрын чуулган хаяанд ирсэн учраас ийнхүү сайдын томилгоо намрын чуулганы эхний асуудал болох төлөвтэй. Хөшигний ар дахь улс төрийн хүрээнд Ерөнхий сайд барьцаа ахиулж, нэг сайдынхаа суудлыг авна, нэр дэвшигчээ ч тодорхой болгосон гэх яриа гарч эхэлсэн. гэхдээ 32-ын тал буюу УИХ-ын дарга М.Энхболдын фракцынхан ч мөн адил өөрт хамаарах нэг суудлаа алдахгүйн тулд хэд хэдэн хүнийг нэр дэвшүүлэх боломжтой гэсэн хувилбаруудыг ярьж буй аж. Урьдчилан гарсан хар зургийг шинэчлэх эсэх нь эргэлзээтэй ч сайдад горилогчдын нэр улс төрийн хүрээнд яригдаад эхэлсэн нь үнэн. Энд эргэлзээтэй бас нэгэн асуудал үүссэн нь мөн л Монгол улсын Засгийн газрын тухай хуультай холбоотой.

Тус хуулийн 22.3-т ….Засгийн газрын гишүүн хуульд заасан бусад үндэслэл байна гэж үзвэл албан тушаалаасаа огцрох хүсэлтээ Ерөнхий сайдад хэдийд ч гаргаж болно. Харин энэ тухай эцсийн шийдвэр гартал үүрэгт ажлаа гүйцэтгэж, хариуцлагыг хүлээнэ… гэж бий. Өөрөөр хэлбэл, сайд асан Ж.Бат-Эрдэнэ ёс зүйн хариуцлага хүлээн, сайдаас огцрох өргөдлөө өгсөн ч түүнийг УИХ-аар чөлөөлж дараагийн хүнийг томилох хүртэл тэрбээр үүрэгт ажлаа гүйцэтгэх учиртай. Гэвч тэрбээр аль хэдийнэ "ноосоо тушаасан”, сул гишүүний хувиар сонгогдсон тойрогтоо ажиллаж буйгаа цахим хуудсаараа зарласаар яваа билээ.

Хуулийн хугацаа дууслаа, ЗТХ-ийн сайдыг хэзээ томилох вэ?Хуулийн хугацаа дууслаа, ЗТХ-ийн сайдыг хэзээ томилох вэ?


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>