JP Morgan: 2020 онд санхүүгийн хямрал болно

257

JP Morgan: 2020 онд санхүүгийн хямрал болно 

"Дэлхийн санхүүгийн ээлжит хямрал 2020 онд болно” гэж "JPMorgan Chase” таамаглаж байна. Хэдий өнгөрсөн удаагийнх шиг хүнд, өргөн цар хүрээг хамарсан хямрал болохгүй ч 2008 оноос хойш санхүүгийн зах зээлийн хөрвөх чадвар суларсан тул эрсдэл өндөр гэдгийг шинжээчид онцолжээ. Улмаар дараагийн хямралыг "Хөрвөх чадварын их хямрал" гэж тодорхойлсон байна. "JPMorgan Chase”-ийн тооцоолсноор АНУ-ын хөрөнгийн зах зээл 20 хувиар агшиж, тус улсын компаниудын бондын өгөөж 1.15 хувиар нэмэгдэх төлөвтэй байгаа аж. Мөн эрчим хүчний үнэ 35 хувиар огцом буурч, гол металлуудын үнэ 29 хувиар унах тооцоо гарчээ. Түүнчлэн хөгжиж буй орнуудын Засгийн газрын өр 2.7 хувиар нэмэгдэж, хөрөнгийн зах зээл нь 48 хувиар агшихын зэрэгцээ валютын ханш 14.4 хувиар суларна гэж "JPMorgan Chase”-ийн шинжээчид анхааруулж байгаа юм.

ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙГ ЧИГЛЭСЭН ХЯМРАЛ АЙСУЙ

Дэлхийн зах зээлд 2008 оны зун болсон үйл явдал давтагдаж болзошгүй. Эдийн засгийн өсөлт болон зээлжилт удааширч, дэлхийн санхүүгийн тогтолцоонд хямралын аюул нүүрлээд байгаа талаар шинжээчид анхааруулсаар байна. Өнөөгийн дэлхийн санхүүгийн тогтолцоо нь эрсдэл, өр болоод хөрөнгийн маш тэнцвэртэй пирамид босгож чадсан боловч энэ "байгууламжид" итгэх итгэл, тогтвортой байдал зайлшгүй чухал бөгөөд энэ бүхэн үгүй болмогц уг пирамид хэдийд ч нурж болзошгүй цаасан байшин болж хувирна. "The Bank for International Settlements" компаниас зээлжилтийн түвшин 2008 оны санхүүгийн хямралын түвшинд хүртэл унаж болзошгүйг анхааруулсан байна. Еврогийн бүс дэх ажилгүйдэл Европын түүхэн дэх хамгийн өндөр түвшинд хүрснийг дурдах хэрэгтэй. Америкийн компаниудын хувьцааны ханшийн уналт, Испани, Италийн зээлийн өрийн хүү хямралын хэмжээнд хүрчээ. Түүнчлэн "Wells Fargo Economics" байгууллагын эдийн засагч Марк Витнер "Хүмүүс маш их болгоомжлох болсны улмаас облигаци 1.46 хувьд хүртэл унасан" гэж "USA Today" сонинд бичсэн байна. АНУ-д сүүлийн дөрвөн сарын хугацаанд үйлдвэрлэлийн шинэ захиалгын хэмжээ гурав дахин буурчээ. Энэ нь эдийн засгийг эрүүлжүүлэх үйл явц илт удааширсны шинж тэмдэг аж. Мөн АНУ-д ажлын байрны үзүүлэлт урьд нь тооцоолж байснаас хамаагүй доогуур байгаа бол ажилгүйдлийн түвшин 8.2 хувьд хүрчээ. Улмаар дэлхийн хөгжингүй эдийн засгийн хурдац удааширч эхэлжээ."Бразилын эдийн засаг энэ оны эхний хагаст "хий эргэж" эхэлсэн бол Энэтхэгийн эдийн засгийн өсөлтийн үзүүлэлт сүүлийн есөн жилийн хугацаанд хамгийн бага байна. Харин тавдугаар сард шинэ захиалга буурч, агуулахын нөөц нэмэгдсэний улмаас Хятадын үйлдвэрлэлийн HSBC индекс эрс унасан" гэж "Daily Telegraph" сонины редактор Амброз Эванс Притчард бичжээ. Дэлхийн хямралын нөхцөлд бүх улс орон худалдаа, санхүү, эдийн засгийн хохирол амсдаг. Олон улсын эдийн засагт илүү их хэмжээгээр нэгдсэн оронд хямралын сөрөг үр дагавар хүнд тусдаг аж.

ЕВРОПЫН ХОЛБОО ЗАДАРЧ МАГАДГҮЙ

Сүүлийн таван жилийн хугацаанд Грек, Испани, Итали, Португал, Ирланд болон Кипр улсын хөрөнгийн бирж дээр хувьцааны ханш 50 гаруй хувиар унасан байна. Грекийн эдийн засаг өрийн хямралын улмаас үндсэндээ зогссон бөгөөд улсын мэдлийн "LAGIE" компанийн асар их хэмжээний өр нь эрчим хүч үйлдвэрлэгчид цахилгаан, эрчим хүч дамжуулалтаа зогсоох шалтгаан болжээ. Испанийн банкуудын хугацаа хэтэрсэн ипотекийн зээлийн хэмжээ 273 тэрбум ам.долларт хүрч, гадагш урсах мөнгөний урсгал дээд хэмжээнд хүрсэн тохиолдол Грек, Францад бүртгэгджээ. Испанид ажилгүйдлийн түвшин 24.4 хувьд хүрсэн бол залуучуудын дунд энэ үзүүлэлт 50 хувьтай байна. Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлускони хэрвээ байдал өөрчлөгдөхгүй бол шийдвэртэй алхам хийхээс аргагүйд хүрч болзошгүй гэж анхааруулсан байна. "Хүмүүс сандралд орж, итгэл найдвараа алдаж байна. Бидний ирээдүй хэзээ ч ийм бүрхэг байгаагүй" гэж тэрбээр хэлжээ. Түүний хэлсэн нь бодит байдал дээр үнэн юм. Италийн залуучуудын дунд сүүлийн нэг жилийн хугацаанд ажилгүйдлийн түвшин 27-гоос 35 хувь хүртэл өссөн байна. Санхүүгийн яаралтай тусламж зайлшгүй авах орнуудын тоонд Кипр улс орж магадгүй. Швейцарь улс Европ даяар явагдаж байгаа асар их хэмжээний мөнгөний урсгалыг зогсоохын тулд хөрөнгөд хяналт тавихаас аргагүйд хүрсэн юм. 2008 оных шиг санхүүгийн хямрал давтагдаж болзошгүйг Дэлхийн банкны тэргүүн асан Роберт Зеллик анхааруулжээ. Тэрбээр "Грекийн үйл явдал Испани, Итали гээд еврогийн бүсийн бүх орныг санхүүгийн хямрал руу түлхэж магадгүй бөгөөд энэ зун 2008 оныхоос ч аюултай хямрал дэгдэж болзошгүй" гэж дүгнэв. Хямралын улмаас Европын холбоо задарч магадгүй гэж Германы дэд ерөнхийлөгч асан Йошка Фишер анхааруулжээ. "Хэрвээ еврогийн ханш унавал Европын холбоог задрахад хүргэх бөгөөд үүний улмаас хүн төрөлхтөн урд өмнө нь хэзээ ч тохиож байгаагүй дэлхий нийтийг хамарсан санхүүгийн гүн хямралд нэрвэгдэж болзошгүй" гэж тэрбээр хэлсэн байна.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.