Хүүхдийнхээ зургийг “tag” хийх зэргээр хохирогч болгож байна гэв
Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Г.Арсланхуягийн мэдээлснээр, манай улсад 2017 онд цахим орчноос үүдэлтэй 299 гэмт хэрэг бүртгэгдсэн бол энэ оны эхний зургаан сарын байдлаар 279 гэмт хэрэг бүртгэгдэн, шалгагдаж буй юм байна.
Дэлхийн банк, БСШУСЯ-ны хамтарсан судалгаагаар нийт сурагчдын 94 хувь нь фэйсбүүк ашиглаж, эцэг, эхээсээ илүү технологийн болон сошиал хэрэглээний мэдлэгтэй гэсэн судалгаа гарсан байдаг аж. Тиймээс эцэг, эх, асран хамгаалагчдын хувьд хүүхдүүдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавих, сошиал платформуудын тохиргоог эзэмших, тэднийг зөв хэрэглээнд сургаж ухуулан таниулах нь чухал болжээ.
Цагдаагийн дэд хурандаа Г.Арсланхуяг "Эцэг, эхчүүд өөрсдөө хүүхдийнхээ зураг, мэдээллийг олон нийтийн сүлжээнд тавих, "tag” хийх зэргээр санамсаргүйгээр гэмт хэргийн хохирогч болгож байна. Таны сошиал найзуудын дунд таны хүүхдийг онилох, таниар дамжуулан мэдээллийг нь цуглуулах, таны хүүхэд рүү өөр нэр зураг ашиглан шууд харилцаа тогтоох үйлдлүүд ихээр үйлдэгдэж байна. Тиймээс эцэг, эхчүүд өөрсдийн сошиал орон зайд гэр бүлийнхээ мэдээллийг оруулахгүй байх, бусдад өгөөш болж болох аливаа мэдээллийг оруулахгүй байхыг анхааруулж байна” гэжээ.