Томуугийн вакциныг арваннэгдүгээр сараас эхлэн өрхийн эмнэлгүүдэд хийнэ
Удахгүй хүйтний улирал эхэлж ханиад, томууны өвчлөл ихэсч байгаатай холбогдуулан энэ жил томуугийн вакцин хийж байгаа эмнэлгүүдийн талаарх мэдээллийг хүргэж байна. Одоогоор томуугийн вакциныг зөвхөн хувийн эмнэлэгүүдэд хийж байгаа бөгөөд ирэх арваннэгдүгээр сараас эхлэн өрхийн эмнэлэгүүдэд хийх юм байна.
Тодруулбал, Аравдугаар сарын сүүлээр өрхийн эмнэлэгүүдэд томуугийн вакцин ирэхээр, арваннэгдүгээр сараас эхлэн ханиад томуу тусах магадлалтай өндөр настан, хүүхэд зэрэг зорилтод бүлгийн хүмүүст хийж эхлэх юм байна.
Томуугийн вакциныг хийлгэснээс хойш хоёр долоо хоногийн дараа дархлаа тогтож, нэг жилийн туршид ханиад томуунаас хамгаалдаг аж.
Вакцин хийлгэх зайлшгүй шаардлагатай хүмүүс
- Ясли, цэцэрлэгт явдаг бага насны хүүхдүүд
- Хүн ам бөөнөөр цугладаг байгууллага, газарт ажиллаж, амьдардаг хүмүүс
- Эрүүл мэндийн болон үйлчилгээний байгууллагын ажиллагсад
- Чихрийн шижин, бөөрний үйл ажиллагааны алдагдал зэрэг янз бүрийн архаг өвчний улмаас эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүн
- Уушгины багтраа зэрэг амьсгал болон зүрх судасны тогтолцооны архаг эмгэгтэй, өөрөөр хэлбэл ханиад томуугаар өвчилбөл уг өвчин хүндрэх эрсдэлтэй хүмүүс
Томуугийн вакцин хийлгэж болохгүй хүмүүс
- Урьд өмнө томуугийн вакцинд эсвэл түүний найрлагад харшил өгч байсан хүмүүс
- Өндөг, тахианы маханд харшилтай хүмүүс
- Зургаагаас доош сартай хүүхэд