Валютын нөөцөө ихэсгээд байгаа мөртлөө ханшаа барьж чаддаггүй Төв банк
Төв банкнаас зарласан ханшаар өчигдөр нэг ам.доллар 2511 төгрөгтэй тэнцэж байв. Энэ нь сар хүрэхгүй хугацаанд 60 төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Төв банкнаас "Гадаад худалдаа ихэссэн, үр тариа хураалтын үе учир богино хугацааны өсөлт ажиглагдлаа. Үнэ цаашдаа тогтворжино” гэсэн ерөнхий тайлбар өгч байна.
Эдийн засагчид болон мэргэжлийн хүрээнийхэн "Төв банкны валютын нөөц нэмэгдээд байхад ханш дагаад өсч буй нь буруу үзэгдэл. Ханш өсвөл нөөц багасдаг. Нөөц багасвал ханш өсөх замаар явж ирсэн” гэсэн үндэслэл хэлж байгаа юм. Хар ухаанаар бодоход ч нөөц, ханш хоёр харилцан нэгнээ нөхөж явдаг ойлголтууд.
Нэг талд Төв банк "Валютын нөөц 3 тэрбум ам.долларт хүрлээ” гээд шоу хийгээд байдаг. Нөгөө талд Төв банкны тухай хуульд зааж өгсөнчлөн төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах үүргээ ор тас мартаж орхиод байгаа юм. Өөрөөр хэлбэл, Төв банкны валютын нөөц нэмэгдээд, Ерөнхийлөгч нь гоё харагдаад байхад л болно. Олон нийтийн амьдралд ханшийн нөлөөлөл дарамт авчрах нь бидэнд хамаагүй гэсэн байдлаар асуудалд хандаж буй юм.
Ам.долларын ханш 1700 төгрөг байхад тухайн үеийн сөрөг хүчин МАН-ынхан баахан нэгтийн дэвсгэрт барьж байгаад мэдээлэл хийдэг байв. Хуучин Монголбанкны Ерөнхийлөгч Г.Золжаргал ам.долларын ханшийг 1400 төгрөгт барих боломжтой гэж дуугарч байсан ч дөрвөн жилийн хугацаанд 400 гаруй төгрөгөөр өсгөсөн. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ элгээрээ хэвтчихсэн, бүх үзүүлэлтүүд сөрөг байх үед Төв банк төгрөгийн ханшийг тогтвортой барих үүднээс хөтөлбөрүүд хэрэгжүүлж чадсанаараа ингэж барьсан байдаг.
Түүнээс биш ноён ногооны ханш талийж өгөх байлаа. 2016 оны сонгуулийн дүнгээр шинэ засаг бүрдээд хоёр жил орчим болоход ам.долларын өсөлт 600 төгрөгөөс хол даваад явчихлаа. Харин одоо бол байдал харьцангуй өөр. Эдийн засаг нь 6 хувиар өсч, экспорт 20 хувиар нэмэгдэж, валютын нөөц нь 3 тэрбум ам.долларт хүрчихээд байна. Гэтэл ханшаа огт барьж чадахгүй. Төгрөгийн тогтвортой байдлаа хадгалахгүй, Төв банк нь морь унасан толгойгүй хүн шиг болчихоод байгаа нь харамсалтай.
Хамгийн сүүлд л гэхэд 2019.09.18-ны өдөр Төв банк гадаад валютын дуудлага худалдаанд оролцоогүй байх жишээтэй.Тус банк"Ханшийн онцом савлагаа үүсэхээс сэргийлэх хангалттай нөөц бий” гэж мэдэгдсэн хэрнээ дуудлага худалдаанд оролцохгүй байгаа үйлдлийг чухам юу гэж тайлбарлах вэ. Төв банкны Ерөнхийлөгч бүр валютын ханшийг барихын тулд янз бүрийн санаачлага гаргаж, өөр дээрээ "гал дуудсан” нь ч олон.
Энэ удаад Н.Баяртсайхан ерөнхийлөгч ийм үйлдэл огт хийхгүй байгаа нь хачирхалтай. Зах зээлийн амин судсыг тэлэх ганц шинэ санаачлага гаргахгүй, Засгийн газраа энэ чиглэлд лоббидож чадахгүй, зөвхөн ОУВС-гийн ард нуугдсан байдалтайгаар Төв банкийг удирдаж байна. Удахгүй ОХУ-ын шатахууны хилийн үнэ нэмэгдэнэ. Тиймээс бид дотооддоо ханшийн хөөрөгдөлд өртөх нь шууд шатахууны үнэ өсөх том шалтгаан болж өгнө.
Шатахууны үнийн өсөлт энгийн иргэдийн халаасыг сэгсэрсээр байгаа энэ үед Төв банк ам.долларын ханшийн эсрэг дорвитой арга хэмжээ авч чадахгүй бол валютын нөөц нэмэгдүүлсний хэрэг ч гарахгүй билээ.