Иргэд “Бид ханшинд дарамтлуулж, хямралд өртөж байна”

1430

Рублийн ханш сүүлийн хэдэн сар дараалан унасан. Тухайлбал, өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 25-нд 41 төгрөг 30 мөнгө байсан бол тус ханш 10 хоногийн дотор 26 төгрөг болж урууджээ. Тус валютын ханшийн уналт иргэдэд тэр дундаа хойд хөршид худалдаа наймаа эрхэлдэг иргэдэд хүндхэн цохилж болсон байна.

 

Тухайлбал, хувиараа бизнес эрхэлж буй Б.Эрдэнэ-Оюун өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сүүлээр БНХАУ-ын Эрээн хотоос 1.2 сая төгрөгөөр бараа худалдан авч, Тува улсад борлуулсан ч ханшийн уналтаас үүдэн 600 гаруй мянган төгрөгөөр "шатжээ". Тухайн үед ханш 63 хувиар суларч иргэд энэ хэмжээний мөнгийг валютын зөрүүгээс алдсан гэсэн үг юм. Өнгөрсөн онд ам.долларын эсрэг рублийн ханш 41 хувиар буурсан нь сүүлийн 16 жилд байгаагүй хамгийн доод үзүүлэлт болсон. Түүнчлэн тус дэвсгэртийн бусад гол мөнгөн тэмдэгтийн эсрэг ханш 9 хувиар суларчээ. 

 

Шинжээчид ханшийн уналтыг ОХУ-ын эдийн засгийн байдалтай холбон тайлбарлаж буй. "Найман шарга" захын ченжүүд ч дээрх тайлбартай санал нэг байгаа бөгөөд ханшийн уналтад нефтийн үнийн бууралт нөлөөлсөн байж магад гэлээ. Олон улсын эдийн засагчдын мэдэгдэж байгаагаар рублийн ханш унахад улс төр, зах зээлийн байдал болон Оросын худалдааны хориг ч нөлөөлсөн аж. Өнөөдрийн байдлаар ченж нарын гар дээр арилжаалж буй рублийн ханш 33.5 төгрөг байна.

 

Тус валютын ханш гэнэт нэг өдрийн дотор 5 мөнгөөр нэмэгджээ. Учир нь Оросын Төвбанкаас өчигдөр бодлогын хүүгээ 10.5-17 хувь болтол нэмэхээр болсноо зарласан. Энэ нь рублийн үнэ сэргэхэд нөлөөлсөн. Блүүмберг агентлагийн мэдээлж байгаагаар сүүлийн гурван сарын хугацаанд рублийн ханш хамгийн ихээр буюу 35.5 хувиар суларчээ.

 

Харин иен 9.1 хувь, евро 5.3, төгрөг 2.8 хувиар тус тус суларчээ.                        

Харин бусад валютын тухайд, Төвбанкны зарласан ам.долларын ханш өчигдрийн байдлаар 1926 төгрөг байна. "Найман шарга" зах дээр ногооныг 1934 төгрөгөөр худалдан авч байгаа бол 1937 төгрөгөөр худалдаалж байна. Энэ нь ам.долларын ханш сарын өмнөхөөс 34-35 төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг. Ам.долларын үнийн өсөлтийг дагаад иен, юань болон воны ханш өсч буйг валютын захын ченжүүд учирлаж байна. Юань нэг өдрийн дотор 1 төгрөг 5 мөнгөөр огцом өсч, 311.5 төгрөгөөр худалдан авч, 312 төгрөг 5 мөнгөөр худалдаалж байна. Валютуудын өсөлтөд ам.долларын өсөлт нөлөөлсөн гэх ч ам.долларын үнэ яагаад өсч буйд валютын ченжүүд тодорхой хариултгүй сууна.

 

Тэдний зарим нь үнийн өсөлтийг эрэлтээс үүдэлтэй гэж үзэж байна.   Энэ мэт ханшийн хэлбэлзэл, тэр дундаа өсөлт худалдаа, наймаа эрхэлдэг иргэдэд дарамт болж байгаа аж. "Ам.долларын ханш чангарч Монгол мөнгөн дэвсгэрт "чихрийн цаас" шиг үнэгүйдлээ" гэж Урт цагааны гадна саравчинд бизнес эрхэлж буй Т.Баянмөнх хэллээ. Түүний адил энэ асарт худалдаа эрхэлж буй иргэдийн зарим нь бараагаа "таталгүй" сар гаруй болж байгаа аж. Үүнийг тэд "Бид хямралд өртөж, ханшинд дарагдаж байна" гэж учирлав.      

Г.Орхон 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>