Монгол Улсын Засгийн газраас АНУ-ын иргэдэд 100 мянган ам.долларын эд материалын тусламж үзүүлэв

620

 

 

Монгол Улсын Засгийн газраас АНУ-ын иргэдэд 100 мянган ам.долларын эд материалын тусламж үзүүлэв

 Америкийн Нэгдсэн Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус улсын Дэд Ерөнхийлөгч М.Пэнстэй 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Цагаан ордонд уулзаж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцож, ярилцжээ.

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол, Америк хоёр нь ардчилал, хууль ёсыг дээдлэх, хүний эрхийг хүндэтгэх, эрх чөлөө, шударга ёс, тэгш байдлыг эрхэмлэх зэрэг нийтлэг үнэт зүйлтэйг онцолж, дипломат харилцаа тогтоосноос хойшхи 30 гаруй жилд Монгол, Америкийн харилцаа улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн зэрэг бүхий л салбарт амжилттай хөгжиж ирсэнд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлсэн байна.

Ерөнхий сайд Монгол оронд өрнөсөн ардчилал, эрх, эрх чөлөөний төлөөх ард түмний хүсэл эрмэлзлийг АНУ-ын үе үеийн засаг захиргаа, ард түмэн тууштай дэмжиж, чөлөөт зах зээлийн харилцаанд шилжих хүнд үеийг даван туулахад дэмжиж, тусалж байсан ачийг монголын ард түмэн ямагт санаж явдгийг Дэд Ерөнхийлөгчид хэлжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ нь Монгол Улсын чухал гуравдагч хөрш, дотны түнш орон болохыг нотлохын сацуу манай хоёр орны цэрэг, энхийг сахиулагчид дэлхий дахин, бүс нутгийн аюулгүй байдлын төлөө мөр зэрэгцэн хамтдаа зүтгэж байгааг тэмдэглэжээ.

Уулзалтаар талууд Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, харилцааг стратегийн түвшинд хүргэхийг зорьж байгаагаа нотолж, энэ зорилгын хүрээнд хоёр талын хамтын ажиллагааг "Өргөтгөсөн иж бүрэн түншлэл”-ийн түвшин рүү ахиулж байгааг нотолж, "Монгол, Америкийн эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай замын зураглал”-ыг тохиролцсон байна.

Замын зураглалыг хэрэгжүүлэх нь манай улсын эдийн засгаа төрөлжүүлэх зорилтын чухал хэсэг бөгөөд АНУ-тай хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх юм. Мөн Монголын ноолууран болон оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй нийлүүлэх боломжийг эрэлхийлэн, АНУ-ын Конгрессын зарим гишүүн энэ тухай хуулийн төслийг санаачлан Конгресст өргөн бариад байгаа билээ.

Монгол Улсын Засгийн газрын АНУ-ын Мянганы сорилтын корпорацитай байгуулсан Компакт гэрээ нь монголын ард түмний аж амьдрал, эдийн засгийн өсөлт, улмаар хүрээлэн буй орчин, экологийн тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтойг Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцолж, АНУ-ын Засгийн газарт чин сэтгэлийн талархал илэрхийлсэн байна.

Ерөнхий сайд Америкийн Өмнөд хэсгийн зарим муж далайн хар шуурганд өртөж, хүний амь эрсдэн, эд материалын хохирол учирсан явдалд Засгийн газар, Монголын ард түмний нэрийн өмнөөс эмгэнэл илэрхийлж, тусламж үзүүлэхээр болсноо мэдэгджээ.

Дэд Ерөнхийлөгч М.Пэнс Флоренс хар шуурганд өртөгсдөд Монголын Засгийн газар, ард түмнээс сэтгэлийн дэм үзүүлж байгаад талархал илэрхийлж, Монголтой байгуулсан Мянганы сорилтын корпорацийн компакт гэрээ нь АНУ-ын Засаг захиргаа Монгол Улстай явуулж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгч буйн илрэл болохыг онцолсон байна.

М.Пэнс Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Афганистан дахь үүргээ нэр хүндтэй гүйцэтгэж байгаад баяр хүргэв. Мөн Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгахын төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтыг Монгол Улс дэмжиж ирснийг тэмдэглэжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дэд Ерөнхийлөгч М.Пенсийг тааламжтай цагтаа Монголд айлчлахыг урьсан байна.

Уулзалтад манай талаас Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, нөгөө талаас Ерөнхийлөгч Д.Трампын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ж.Болтон, Дэд Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, Дэслэгч генерал К.Келлог, Тамгын газрын дарга Н.Айерс, Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Азийг хариуцсан Ахлах захирал М.Поттинжир, Дэд Ерөнхийлөгчийн ажлын албаны Азийг хариуцсан зөвлөх Н.Снайдер нар байлцав. Уулзалт яриа найрсаг, дотно уур амьсгалд болж өндөрлөжээ.

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>