АТГ-ынхны хураан авсан 1.3 сая ам.доллар ямар учиртай мөнгө байв....

589

 

 

АТГ-ынхны хураан авсан 1.3 сая ам.доллар ямар учиртай мөнгө байв....

АТГ-ынхан өнгөрсөн долоо хоногт нэгэн иргэний гэрээс их хэмжээний буюу 1.3 сая ам.доллар бэлнээр хураан авсан байна. Тухайн иргэнийг шалгаж байгаа бөгөөд дээрх мөнгийг битүүмжлэн хураан авчээ. Иргэд энэ их мөнгийг саяхан саатуулагдсан цагдаагийн дарга нарын хэрэгтэй холбоотой байж болзошгүй хэмээн таамаглаж байсан. 

Тиймээс энэ талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцогоос тодруулахад "Цагдаагийн дарга нар болон шүүхийн шинжээчдийг баривчилсан. Гэхдээ энэ их хэмжээний бэлэн мөнгө нь энэ хэрэгтэй хамааралгүй" гэлээ. 

Баттай эх сурвалжийн мэдээлж байгаагаар нь АТГ-ынхны хураан авсан 1.3 сая ам.долларын асуудал нь хахуулийн мөнгө байсан гэнэ. Тодруулбал, тухайн иргэн ашигт малтмалын олборлолттой холбоотойгоор хахууль өгөхөөр ийнхүү гэртээ хадгалж байсан нь АТГ-ынхны чихэнд хүрсэнээр АТГ-ынхан шуурхай арга хэмжээ авч, илрүүлсэн аж. 

Одоо уг мөнгөний эх үүсвэр, хэнээс хэнд хахуулаар очих гэж байсан зэргийг шалгаж тогтооно. 1.3 сая ам.доллар гэдэг бол 3 тэрбум гаруй төгрөг. АТГ урьд өмнө нь ийм их хэмжээний мөнгөн дүнтэй хахуулийн хэрэг шалгаж байсан эсэх нь эргэлзээтэй. Харин энэ удаад АТГ-ынхан маш их хэмжээний мөнгөн дүнтэй хэргийг илрүүлэн шалгаж эхлээд байна. 

Сануулахад, Авлигатай тэмцэх газар нь энэ оны эхний хагас жилийн байдлаар гэмт хэргийн улмаас 331.9 тэрбум төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 514.8 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлжээ. Мөн үл хөдлөх, хөдлөх, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг 11 төрлийн 97.9 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө бэлэн мөнгийг битүүмжилсэн байдаг юм байна. Гэмт хэргийн учирсан хохирлыг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 9.5 дахин өсч, эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа зургаа дахин өссөн дүнтэй байна.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>