Я.Содбаатар: Зам, тээврийн хөгжлийн сайдын томилгоог олонхийн саналаар шийднэ
Засгийн газраас Зам,тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг албан үүргээс нь чөлөөлөх шийдвэрийг өнгөрсөн наймдугаар сард гаргасан. Уг шийдвэрийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулж, гишүүдийн олонхийн саналаар эцэслэн шийдэхээр хүлээгдэж байгаа юм. Өмнөх сайдыг албан ёсоор чөлөөлсний дараа шинэ сайдын томилгоо хийгдэх учиртай билээ.
Одоогоор өмнөх сайдыг УИХ-аас албан ёсоор чөлөөлөөгүй байгаа учраас МАН-ын Удирдах зөвлөл ирэх долоо хоногт хуралдаж, шинэ сайдын нэрийг тодруулах чигтэй байгаа аж. МАН-ын удирдлагын түвшинд Зам, тээврийн хөгжлийн сайдад Я.Содбаатарыг дэвшүүлэхээр урьдчилсан байдлаар тохиролцоонд хүрсэн гэх мэдээлэл явж буй.
Энэ талаар Я.Содбаатар гишүүнээс тодруулахад, "Зам, тээврийн хөгжлийн сайдын томилгоог олонхийн саналаар шийднэ. Одоогоор тодорхой зүйл алга” гэсэн хариулт өглөө. Харин тус салбарын сайд асан Ж.Бат-Эрдэнэ "Зам, тээврийн салбарт эхлүүлсэн, заавал үргэлжлэх олон асуудал байгаа. УИХ эцэслэн шийдвэрээ гаргана гэж хүлээж байна” гэсэн хариулт өглөө.
МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан"УИХ-аар Ж.Бат-Эрдэнэ сайдыг албан ёсоор чөлөөлсний дараа шинэ сайдын томилгоог Удирдах зөвлөлөөр хэлэлцэнэ” гэсэн мэдээлэл өгч байна.