Тусгай эмнэлгийн ажилтнууд тэтгэвэрт гарахдаа мөнгөн тэтгэмж хүртэнэ

468

 

 

Тусгай эмнэлгийн ажилтнууд тэтгэвэрт гарахдаа мөнгөн тэтгэмж хүртэнэ

 

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлд Зэвсэгт хүчний анги, байгууллагын болон хилийн отрядын эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгч тусгай эмнэлэгт ажилладаг эмч, ажилтан, алба хаагчид нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох, мэргэжил дээшлүүлэх боломжийг хангахтай холбогдсон эрх зүйн зохицуулалтыг тусгасан хэмээн Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцуулав.

Тухайлбал, Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2 дахь хэсэгт "анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгч тусгай эмнэлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтанд тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох” хэмээн тусгасан байна. Мөн 29.5 болон 29.8 дахь хэсэгт мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулахтай холбоотой заалт тусгажээ. Одоогоор Монгол Улсын зэвсэгт хүчний анги, байгууллагуудад нийт 101 бага эмч, сувилагч, эмнэлгийн ажилтан ажиллаж байгаа бөгөөд жилд дунджаар хоёр алба хаагч тэтгэвэрт гардаг байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух, санал хэлэх гишүүн байсангүй. Ийнхүү шууд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. 



Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>