Сургуулийн орчинд ухаалаг утас хэрэглэхийг хориглох тушаалын хэрэгжилт ямар байна вэ

1004

 

Сургуулийн орчинд ухаалаг утас хэрэглэхийг хориглох тушаалын хэрэгжилт ямар байна вэ

 

Сургалтын орчинд авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарч Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын орчинд ухаалаг гар утас ашиглахыг энэ сарын 1-нээс хязгаарласан. Энэ нь хүүхдүүдийг цахим халдлага, донтолт, гадуурхлаас сэргийлэх, эрүүл мэнд, амь насыг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, сурах идэвхийг нэмэгдүүлэх, хүүхдүүдийн чөлөөт цагийг үр ашигтай өнгөрүүлэх, нийгмийн бодит харилцаанд оролцох боломжийг нэмэгдүүлэх зорилготой авч буй арга хэмжээ юм. Тэр ч утгаараа энэ шийдвэрийг маш олон хүн дэмжиж, сайшаалтай хүлээж авсан. Гэтэл яг амьдрал дээр энэ тогтоолын хэрэгжилт хангалтгүй байгаа нь захын нэг сургуулиар ороход нүдэнд илхэн харагдаж байна.

Энэ тэндгүй ухаалаг утас барьсан, утсаар ярьж, тоглоом тоглосон хүүхдүүд урдах замаа харахгүй шахам зөрж өнгөрнө. Зарим нэгнээс нь сургуулийн орчинд ухаалаг утас ашиглаж болохгүй гэсэн Засгийн газрын тогтоол гарчихаад байхад, яагаад утас хэрэглэж байгаа талаар тодруулахад, "Хичээлийн цагаар л хэрэглэж болохгүй гэсэн шүү дээ. Одоо бол хичээл завсарлачихсан байна" гэх тайлбарыг өгч байв.

Харин зарим нь "хичээлийн цагаар гар утас хэрэглэхийг багш хориглодог. Заавал хайрцаг саванд хийж, хурааж авдаггүй. Харин заавал унтраах, эсвэл дууг нь хаагаад далд хий гэдэг" гэсэн юм.

Тодруулбал, Сургуулийн орчинд ухаалаг гар утас ашиглахыг хязгаарлах тогтоомж хэрэгжиж эхэлсэн ч сургуулийн орчин юм уу, эсвэл зөвхөн сургалтын орчин буюу хичээлийн үеэр утас ашиглахгүй байх юм уу гэдэг нь тодорхой бус байгаа юм байна.

Үүнтэй холбогдуулан, зарим багш хичээл дээр утас авчрахыг хориглосон байдаг бол зарим нь хичээл эхлэхээс өмнө бүгд утсаа унтраан цүнхэндээ хийхийг шаарддаг аж.

Харин багш нар нь "аравдугаар сарын 1-нээс эхлэн эцэг, эх, багш, сурагчийн гурвалсан гэрээ байгуулж эхэлсэн. Дагалдах журам нь батлагдахаар дотоод журмандаа өөрчлөлт оруулна" гэв.

Тиймээс холбогдох яам нь энэ асуудлыг яаралтай нэг тийш нь болгож, дагалдах журмыг нь батлахгүй бол нэр төдий хэрэгждэггүй хууль, тогтоомжийн тоог нэгээр нэмэхэд хүрэх нь.

Мөн эцэг эхчүүд маань энэ тал дээр онцгой анхаарч, хүүхдүүдийнхээ төлөө ухаалаг утсыг нь товчтой утсаар сольж, зөвхөн сургуулийн орчинд гэлтгүй гэр орондоо ч гэсэн ухаалаг утаснаас ангид байлгаж, цахим орчныг дагасан олон эрсдэлээс урьдчилан сэргийлэх нөхцөл боломжоор нь хангаж өгөхийг уриалж байна.

Хэрэв сурагчдын хэлснээр сургуулийн орчинд биш зөвхөн сургалтын орчин буюу хичээлийн цагаар ухаалаг утас хэрэглэхгүй байх төдийхнөөр энэ тогтоол хэрэгжвэл, хүүхдүүдийг цахим гадуурхал, халдлага, донтолтоос сэргийлэх, эрүүл мэнд, амь насыг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, сурах идэвхийг нэмэгдүүлэх, чөлөөт цагийг үр ашигтай өнгөрүүлэх, нийгмийн бодит харилцаанд оролцох боломжийг нэмэгдүүлэх гэх эрхэм зорилго нь биелэлээ олж үр дүнгээ өгөх нь юу л бол?


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>