Монголбанк төгрөг үнэгүйдсэний буруутныг эдийн засаг идэвхжсэнийх гэв

579

 

 

Монголбанк төгрөг үнэгүйдсэний буруутныг эдийн засаг идэвхжсэнийх гэв

 

Ногоон мөнгө төгрөгийн эсрэг чангарч байгааг олон янзаар тайлбарлаж буй. Дэлхий нийтэд иймэрхүү хандлага ажиглагдаж байгаа, жил бүрийн өдийд эрэлт  ихэсдэг гэхчлэн тайлбар  дагалдаж явна. Ямартай ч сүүлийн ганцхан сарын дотор  ам. долларын ханш 100 төгрөгөөр нэмэгдсэн нь үнэн. Харин оны эхнээс бол 5,6 хувийн өсөлттэй байгаа гэсэн мэдээллийг Монголбанкныхан хэлдэг.

Төгрөгийн үнэгүйдэлд төв банкныхан тун ч тайван, хэтрүүлж хэлбэл хэнэггүй хандаж байгаа. Энэ ханшийн цаана үндэсний мөнгөн тэмдэгт үнэгүйдэж,  цалингийнхаа 1000 төгрөг тутмаас наанадаж 56 төгрөгөө салхинд хийсгэж байна.  Хэрэв 1 сая төгрөгийн орлоготой бол таны 56 000 төгрөгийг Монгол банк "хулгайлж” байна. Яагаад Монголбанк гэж  оноогоод байна вэ гэвэл тус банкны үндсэн үүргийн нэг нь төгрөгийг үнэгүйдлээс хамгаалж, инфляцийг хазаарлаж байх явдал.

Төв банкны зүгээс нэг хачирхалтай гэмээр хандлага илэрхийлдэг. Тэр нь 2018 оны инфляцийн түвшинг 8 хувьд барина гэсэн зорилттой байгаа, ам.доллар чангарсан ч энэ зорилтот түвшингийн дотор байгаа гэж. Сайхан тайвшрал мөн үү? 

Валютын ханшийн өөрчлөлт бензин шатахууны үнийг хөөрөгдөж, үүнийг дагасан үнийн шуурга дэгдэж амжлаа. Гэтэл төв банкны эрхмүүд "Монгол валютын хангалттай хэмжээний нөөц бий” гэсэн хэрнээ  ханшийн эсрэг ямар ч арга хэмжээ авахгүй суусаар байна. Бүр сүүлдээ төгрөгийн ханш суларсан нь эдийн засаг  идэвхтэй байгаагийн шинж  гэх ухааны тайлбар хийгээд сууж байх юм.

Өчигдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо Валютын зохицуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар хуралдсан. Энэ хурал дээр гишүүд хуулиас илүүтэй ам долларын ханшийн өөрчлөлтийн талаар ярьсан нь  энэ асуудал ямар их анхаарал татаж байгааг илэрхийлнэ. 

Тэр үеэр Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Манай гадаад худалдааны тэнцэл, төлбөрийн, урсгал тэнцлийг харахад эдийн засаг 2018 онд идэвхжиж байгаа. Тоног төхөөрөмж, үйлдвэрийн эргэлтийн хөрөнгө импортоор их орж ирж байна. Энэ онд импорт 3.8 тэрбум ам.долларт  хүрсэн. Импортын бүтцийг харахад 70-80 хувь нь үйлдвэрийн тоног төхөөрөмж, 20 хувь нь хэрэглээ байгаа. Импортын бүтцээр харвал эдийн засаг идэвхэжсэн байна гэж Монгол банк тодорхойлж байгаа. Эдийн засаг идэвхжиж, импорт өсөхөөр төгрөгийн ханш суларч байна. Монгол банк хангалттай  нөөц барьсан байгаа. Тиймээс  ханшийн савлагаа үүсгэхгүй гэж харж байна” гэсэн хариу тайлбар хийж байх юм.

Тэгэхээр төгрөгийн ханш унасан нь эдийн засаг идэвхжсэнийх юм байна, тийм үү.  Хоёрт, Монгол банк хангалттай  нөөц барьсан байгаа. Тиймээс  ханшийн савлагаа үүсгэхгүй юм байна.

Ганцхан сарын дотор ам доллар төгрөгийн эсрэг 100 төгрөгөөр чангарсан нь савлагаа биш юм уу.

Ийнхүү төгрөг үнэгүйдсний буруутан тодорхой боллоо. Тэр нь эдийн засаг өөрөө идэвхжсэнийх юм байна. Монголбанк энэ асуудлаар удтал дүлэгсний эцэст  ийн "буруутан”-ыг нэрлэлээ.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>