Хэл Засалч Светлана Юрьевна манай улсад ажиллаж байна
БСШУСЯ болон МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн Тусгай хэрэгцээт боловсролын тэнхимийн урилгаар Эрхүүгийн их сургуулийн багш, хэл засалч, профессор Светлана Юрьевна манай улсад ажиллаж байна.
Тэрээр "Хэл ярианы бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй” сэдвээр МУБИС, тусгай сургууль, цэцэрлэгийн багш, судлаач, хэл засалч мэргэжилтэн, оюутнуудад зориулсан сургалтаа өнөөдөр эхлүүлжээ. Энэ үеэр БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир хэлэхдээ, "Манай улсын хувьд харьцангуй бага судлагдсан хэл заслын шинжлэх ухааны үндэс, ойлголт мэдлэг, хэл ярианы бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүйг багш нарт түгээн дэлгэрүүлэх, тусгай боловсролын багш бэлтгэх хөтөлбөрийг сайжруулахад энэ сургалт чухал ач холбогдолтой юм” гэжээ.
Хэл ярианы хөгжлийн хувьд хоцрогдолтой, янз бүрийн согог бэрхшээлтэй, бусадтай харилцахад хүндрэлтэй хүүхдийн тоо нэмэгдэж байгаа өнөө үед хэл заслын шинжлэх ухаан өндөр хөгжсөн Оросын холбооны улсаас эрдэмтэн профессор ирж мэдлэгээсээ хуваалцаж байгаа нь цагаа олсон гэдгийг тэрээр мөн онцолсон байна.
Дашрамд дуулгахад, манай улсын тусгай сургуулиудад ажиллаж буй согог зүйч мэргэжилтнүүдийн багагүй хувь нь Эрхүүгийн Багшийн дээд сургууль сургуулийн төгсөгчид байдаг ажээ.