Сэтгүүлчдэд ёс зүй, мэргэжлийн ур чадвараараа фэйсбүүкчдээс ялгарахыг уриалав
Өнөөдөр "Шангри-ла” зочид буудлын хурлын танхимд Хэвлэл мэдээллийн зөвлөл /ХМЗ/-өөс хоёр дахь жилдээ "Мэргэжлийн сэтгүүл зүй ба дижитал эрин үe" сэтгүүл зүйн ёс зүйн форум боллоо. Энэхүү форумаар цахим орчинд хэвлэл мэдээлэл, рeдакци өөрийн зохицуулалтыг хэрхэн бий болгох асуудлыг хэлэлцэв.
Иргэд цахим орчин, нийгмийн сүлжээнд сэтгүүлчдээс агуулга, хурдны хувьд ч зарим тохиолдолд илүү байна. Харин мэргэжлийн сэтгүүлчид мэдээллийг олон талын эх сурвалжаар баталгаажуулж ёс зүйн хэм хэмжээг сахих, мэдээллийг чанартай боловсруулж технологийн дэвшлийг ашиглаж жирийн мэдээлэл түгээгчдээс ялгарч байхыг илтгэгчид уриалав.
Форумын үндсэн илтгэлийг ХМЗ-ийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа "Цахим сайтууд болон нийгмийн сүлжээн дэх "үзэн ядалтын үг хэллэг" илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.
Тэрбээр "Манай төвөөс судалгаа хийхэд цахим сайт болон нийгмийн сүлжээнд олон удаагийн давтамжтай хэрэглэж буй хэд хэдэн "үзэн ядах” үг хэллэг байгааг тогтоосон. Судалгааг 43 мэдээллийн сайтад хийхэд давхардаагүй тоогоор 130-140 үг хэллэг илэрсэн. Тэдгээрийн 30 хувь нь редакцийн бэлтгэсэн мэдээлэлд, 70 хувь нь сэтгэгдэл хэсэгт байв. Харин эрхэлсэн албан тушаалтай нь холбогдуулан "үзэн ядах үг хэллэг” 63, нэр хоч өгөх хэлбэр 28 хувьтай байна.
Форумаар хэвлэл мэдээллийн редакциудад тэдгээр үг хэллэгээс татгалзахыг уриалж байнаа. Хамгийн гол нь сэтгүүлч энэ үг хэллэгийг цахим орчинд тарааснаар иргэд даган дуурайж, нийгмээрээ давалгаалаад байгаа юм.
Мэргэжлийн сэтгүүлчид нийгмийн цахим сүлжээнд мэдээлэл түгээж буй жирийн иргэнээс хамгийн түрүүнд ёс зүйгээрээ ялгарах ёстой. Ингэхдээ Монголын сэтгүүлчдийн дагаж мөрдөх ёс зүйн зарчмаа мөрдөж, нийгмийг соён гэгээрүүлэх үүргээ биелүүлэх нь зүй.
Цахим сайтуудын мэдээ нь ёс зүйн зарчим зөрчөөгүй боловч түүн дотор хэрэглэгчдийн үлдээсэн ёс бус үг хэллэгтэй сэтгэгдлүүд байдаг. Үүнийгээ ч тухайн редакци өөрсдийн ажлын нэг хэсэг гэж үзээд хяналт тавьж байх хэрэгтэй” гэв.