Зүүн Азийн АШТ-ний хоёрдугаар шат эхэллээ
Зүүн Азийн АШТ-ий хоёрдугаар шатанд анх удаа өрсөлдөж байгаа Монголын хөлбөмбөгийн шигшээ баг өчигдөр/11.11/ эхний тоглолтоо хэсгийн хамгийн хүчтэй баг БНАСАУ-ын багийн эсрэг хийлээ.
ДАШТ-д оролцож байсан Азийн топ багийн эсрэг манай шигшээгийн залуус муугүй өрсөлдөөн үзүүлж 4:1-ээр хожигдов. Эсрэг багийн нэг гоол 11 метрийн торгуулийн цохилтоос, нэг гоол шууд чөлөөт цохилтоос орж, хоёр нь тоглолтын явцад орсон гэхээр агуулга муу байгаагүйг илтгэх биз ээ.
Манай шигшээ багийн нэг гоолыг 74 дахь минутад Н.Наранболд оруулж, Умард Солонгосын хаалганд гоол оруулсан гурав дахь Монгол тоглогч болоюв. Өмнө нь Монголын шигшээ багийн домогт тоглогч Д.Лүмбэнгарав, С.Одхүү нар БНАСАУ-ын эсрэг гоол оруулж байсан юм.
Өнөөдрийн тоглолтод дасгалжуулагч Майкл Вайсс, О.Мөнх-Оргил, М.Жансерик, П.Энхбилэг гэсэн залуу тоглогчдыг гараанд гаргаж, Н.Наранболд, Ц.Мөнх-Эрдэнэ нарыг сэлгээнээс тоглуулав. Энэ нь дараагийн тоглолтуудад тамирчдаа нөөх, залуу тоглогчдод боломж олгон, туршлага суулгах гэсэн бодлого юм.