Үйлийн үр гэж байдаг юм

29

Үйлийн үр гэж байдаг юм

 

Найзтайгаа уушын газар сууж байгаад хажуу ширээний 2 залуугийн яриаг санамсаргүй сонсчихлоо. Нэг нь уйлаад л ярьж байна.
-Найз нь их муу хүн юмаа. Үйлийн үр гэж үнэхээр байдаг юм байна. Би гэдэг хүн цэл залуу 20 гарсан залуу байхдаа айлын 17-хон настай охиныг жирэмсэн болгож хайртай дуртай хамт амьдарна гээд авч суулаа. Анхны хүүхдээ төрсний дараа амьдралаа авч явах ухаан дутаж, аар саар зүйлд төвөгшөөж, эгч дүү нар минь ээжийн үгээр элдэв юм ярьцгааж, энэ охин чамд хань болохгүй, ар гэр нь ийм тийм гэж үргэлж элдвээр үглэж хэлдэг байлаа. 20 гарсан залуу ааг омогтоо бардаж, залуу насаа хүүхдээс болж амьдралд нухлуулахад арай эрт байна гээд төрсөн үрээ, айлын амьдрал мэдэхгүй охиныг бэлэвсэн болгоод эргэж харахгүй ч үгүй хаяад явсан.
Түүнээс хойш хэдэн жил дураараа сайхан байсаан. 30 гарчихаад тогтсон сайхан амьдрал зохиох гэж их л хичээлээ. 6 жилийн өмнө найз нь одоогийнхоо эхнэртэйгээ танилцаад бид үрийн зулай үнэрлэсэн ч эхнэр минь төрөхийн хүндрэлээс болж нас барж, хүү минь төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй төрлөө. Найз нь сайн гэсэн эмч, сайн гэсэн эм, эмчилгээ бүрт явуулж, саяхан солонгос хүртэл яваад ирлээ. Хүү минь эдгэрэх найдвар байхгүй, өдөр тутамдаа дасгал хөдөлгөөнийг нь сайн хийлгэ гэхээс өөр хариу хэлсэнгүй ээ. Тэгээд найз нь хэд хоногийн өмнө нэг сайн үздэг хүн байна гээд нарийн бичиг хүүхэн маань зааж өгөхөөр нь очтол надад юу гэж хэлсэн гээч гээд л уйллаа.
Намайг “Залуу минь үйлийн үр гэж байдаг юм. Үр хүүхдийнхээ зүрх сэтгэлийг өнчрүүлж эрэмдэглэж хаяад явсан хүнд эрэмдэг хүүхэд заяах нь аргаггүй шүү дээ” гэсэн гэв.
Одоо найз нь хэндээ гомдох вэ дээ?
Ээжээ та яах гэж миний амьдралд орж анхны эхнэрээс минь салгав аа гэж гомдлох гэсэн ч ижий минь тэнгэрт байна. Энгэртээ тэвэрч элгээ дэвтээж голомт залгах хүү надад заяасан ч хүү минь одоо эдгэршгүй өвчтэй, бусдаас дутахааргүй ажиллаж хуримтлуулсан мөнгө байгаа ч миний сэтгэлийн зовлонг нимгэлж чадахгүй, эхнэртээ очоод чи надад өвчтэй хүүхэд төрүүллээ гээд гомдлох эхнэр ч байхгүй. Надад тэгж хэлэх ч эрх алга. Энэ бол миний үйлийн үр гор. Би өөрөө л ийм эрэмдэг амьдралыг 20 гаран насныхаа ааг омогоор бүтээчихсэн байна. Хэрвээ 20 гаран настай байхад минь одоогийнх шиг минь ухаан, бас тэсвэр тэвчээр, хүлээцтэй зан байсан бол гэж хэлээд нулимсаа арчин уртаар санаа алдлаа.
Найз нь одоо ганц дүүдээ л их сайн захиж хэлдэг юм. Дүү минь эр хүн хэн ч юу ч гэж хэлсэн чи өөрөө л болно бүтнэ гэж эхэлсэн бол энэ амьдралаа өөрийнхөөрөө авч явж, өөрөө л бүх шийдвэрээ гаргах ёстой. Хэн ч чиний амьдралыг шүүж тунгаагаад найз нөхөд, бүүр эцэг эх чинь ч ингэ тэг гэсэн, чи өөрөө юу гэж бодож байна тэр шийдвэрээ л дага. Бас юу ч болсон эхнэр хүүхдээ л гомдоож болдоггүй юм шүү. Чиний түмэн зөв байсан ч эхнэрээсээ түрүүлж уучлаарай гэж аргадах ноён ухаан байх ёстой шүү. Гэр бүлийн маргаанд ялагч гэж байхгүй. Эцсийн эцэст эцэг, эх хорвоогийн мөнх бусыг үзээд яваад л өгнө. Ах дүү нар чинь өөр өөрсдийн амьдралаа хөөгөөд явна. Чиний хажууд үлдсэн амьдралын мөч бүхэн эхнэр төрсөн хүүхдүүд чинь л байна. Хүүхдүүд ч гэсэн хүний хүн болоод явцгаана. Эхнэр чинь л ганцхан чамтай хамт үсээ цайтал өтөлж үлдэх болохоор чамайг гээд чиний хажууд байх айлын охин үрийг гомдоож болохгүй шүү. Эмэгтэй хүний нулимсыг үзэж, үр хүүхдээ зовоосон эр хүн жаргадаггүй юм шүү гэж захих юм даа.
Энэ амьдралд мөнгө эд хөрөнгө юу ч биш. Эд хөрөнгө мөнгө байлаа ч тэр эд хөрөнгө гээч нь миний хүүг эрүүл болоход нь тус болж ч чадахгүй, ямар ч хүчгүй цаас юм байна лээ. Найз нь үнэхээр хямдхан зүйлийн төлөө амьдарч гэж хэлснээ урдаа байсан хундагатай архиа уучихаад
-Миний найз одоо эртхэн харь даа, эхнэр хүүхэд дээрээ оч. Миний найз их азтай буянтай залуу. Хүн гэдэг элэг бүтэн эрүүл саруул амьдралтай байх л хамгийн чухал юм байна лээ. Яг одоо миний найз эхнэр лүүгээ залгаад хань нь очиж байна гэдгээ хэлээд сэтгэлийг нь амраа. Аягүй бол танай эхнэр чамайг байхгүйд унтаж чадахгүй нойр нь хулжиж байгаа, хүүхдүүд чинь аавыгаа хүлээгээд унтаагүй л байж байгаа. Найзыг нь ямар гэрт халуун хоолтой хүлээж суух эхнэр, хэзээ ирэх вэ ханиа гэж санаа зовох дуудлага утсанд минь ирэх биш дээ. Сувилалд хэвтэх хүү дээрээ очлоо ч хүү минь аав аа гэж дуудаад алхаад ирж чадах биш, би чинь аав аа гэж дуудуулах эрхгүй үйлийн үртэй хүн шүү дээ, ядаж ганцхан удаа ч болов ААВАА гэж дуудуулж үзээд үхэх юм сан даа.
ААВ гэдэг үгийг чинь хувьтай эр хүн сонсож, над шиг арчаагүй эр хүн хэзээ ч сонсож чадахгүй тийм л эрхэм үг байсаан анд минь…. гэж нүдэндээ нулимстай хоолойгоо чичрүүлэн хэллээ. 
20 жилийн дараа харамсаад суух үйлийн үрийг бүү үйлдээрэй.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.