Энэ жил өмнөх оноос 1.8 дахин их буюу 444.7 мянган тонн үр тариа хураан авлаа

543

 

2018 оны ургац хураалтын урьдчилсан дүнгээр нийтдээ 444.7 мянган тонн үр тариа, үүнээс 428.6 мянган тонн улаан буудай, 167.9  мянган тонн төмс,  99.2  мянган тонн хүнсний ногоо, 23.4 мянган тонн тосны ургамал, 134.3 мянган тонн тэжээлийн ургамал тус тус  хураан авснаар буудай, төмсний хэрэгцээг дотоодын ургацаас хангах боломжийг бүрдүүлэв.

Байгаль цаг агаарын давагдашгүй хүчин зүйл ган, нарны хэт их халалт, бороо, цасны улмаас үр тарианы 24.3 мянган га талбай тэжээлд шилжиж, 12.9 мянган га талбай ургац алдсанаар нийтдээ 37.2 мянган га талбай хураагдаагүй болно.

Шинэ ургацаас  гурилын үйлдвэрүүд 226.4 мянган тонн, Тариалан эрхлэлтийг дэмжих сан 50.5  мянган тонн, нийтдээ гурил үйлдвэрлэлд 276.9мянган тонн буудай нийлүүлэгдсэнээр 63.1мянган тонн буудай борлуулалтын шатандаа байгаа мэдээтэй байна.

Манай улс жилийн хэрэгцээт гурилаа дотооддоо үйлдвэрлэхэд 320 мянган тонн хүнсний улаан буудайн шаардлагатай бөгөөд энэ жилийн ургацын дүн, борлуулалтаас харахад нийтдээ 340 мянган тонн хүнсний буудайн нөөц бүрдэх боломж харагдаж байна.  368987

Энэ жилийн хувьд 134.3 мянган тонн таримал тэжээл хураан авсан нь сүүлийн 30 шахам жилийн хугацаанд гарч байгаагүй ажлын амжилт болж байна.

Ургац хураалтын явц, цаг агаарын хүндрэлийн улмаас үүссэн нөхцөл байдалтай танилцах ажлаар Монгол Улсын Ерөнхий Сайд Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллаж, тариаланчид ногоочидтой уулзан, тэдгээрийн тавьсан санал хүсэлт, тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, ажилласны зэрэгцээ тусгайлан өгсөн үүрэг, чиглэлийн дагуу уг асуудлыг Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанд танилцуулж, 42 дугаар тэмдэглэл гаргуулан хэрэгжилтийг зохион байгуулж байна.  

Мөн ургац хураалтын явцын талаар УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд танилцуулга хийсний зэрэгцээ тус байнгын хорооны гишүүд 10 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд Дархан, Сэлэнгийн бүсэд ажиллан ургац хураалтын явц, тулгамдсан зарим асуудлуудтай биечлэн танилцав.

Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний түүхт 60 жилийн ой 2019 онд тохиож, байгаатай холбогдуулан Засгийн газраас ой угтсан “Атар-60” хоёр жилийн бүтээлч ажлын төлөвлөгөөг батлан гаргаж, тариаланчдадаа хүргэж танилцуулан хэрэгжилтийг зохион байгуулж байна.

Тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах зорилгоор аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн эхний ээлжинд Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Булган, Архангай, Өвөрхангай, Хэнтий аймгийн  тариалан бүхий 60 сумын 113 багийн нутгийг хамруулан тариалангийн бүс нутгийг тогтоосон шийдвэрийг гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулж эхлээд байна.

Байгаль цаг агаарын хүндрэлийн улмаас үүссэн нөхцөл байдалтай уялдуулан ТЭДС-гийн өр авлагад тооцож авах 1 тонн хүнсний  буудайн үнийг 600 мянган төгрөг, худалдан авах үнийг 560 мянган төгрөг болгож, нэмэгдүүлсний зэрэгцээ налсан тариа хураах иш өргөгчийг ОХУ-аас нийлүүлэх, дотоодоо хийж хангах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлснээр нийтдээ 1500 орчмыг нийлүүлж хураалтын үеийн хаягдлыг багасгахад дэмжлэг үзүүлж ажиллав.

Монгол Улсын Хөгжлийн банкны “Ди Би Эм Лизинг” ХХК-тай хамтран хэрэгжүүлж буй “Хөдөө аж ахуйн техникийн шинэчлэл” төслийн хүрээнд ургац хураалтын өмнө ОХУ-аас 30 ширхэг үр тариа хураах комбайн, хадлан, тэжээл бэлтгэх зориулалттай 8 нэр төрлийн 78 ширхэг техник, тоног төхөөрөмжийг шуурхай нийлүүлж 10-30 хувийн урьдчилгаа төлбөртэй 5 жилийн хугацаатай зээлээр олгов.

Ургац хураалтын ажилтай зэрэгцүүлэн тариалангийн талбайг хашаажуулах ажлыг эхлүүлж,  тендерт шалгарсан аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан, Сэлэнгэ аймгийн Цагаан нуур, Орхон, Төв аймгийн Цээл, Сүмбэр, Баянцогт, Булган аймгийн Хутаг-Өндөр, Орхон аймгийн Жаргалант сумдад нийтдээ 3.6 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 430.5 км хашаа барих ажлыг зохион байгуулав.

Хамгаалагдсан хөрсний тариаланг нэмэгдүүлж, хангамжийг сайжруулах зорилгоор Засгийн газрын 324 дүгээр тогтоолоор “Өвлийн хүлэмжийн аж ахуй” төсөл хэрэгжүүлэх, жил бүрийн11 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд өвлийн хүлэмжийн аж ахуйд хэрэглэсэн цахилгааныг  хөнгөлөхөөр шийдвэрлүүлэв.

Цаашид тариалангийн салбарыг тогтворжуулах, эрсдэл даах чадамжийг нь сайжруулах зорилгоор таримлын зохистой сэлгээ нэвтрүүлж, нэр төрлийг нэмэгдүүлэх, талбайн эзэмшилт ашиглалтыг сайжруулах замаар эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг зохистойгоор хослон эрхлэх боломжийг бүрдүүлэх, таримал ургамлын үрийн чанар хангамжийг сайжруулах, ОХУ, Беларусь, Польш, Герман, БНХАУ-ын техник, тоног төхөөрөмжийг сонгон нэвтрүүлэх, тариалангийн хөрсний үржил шимийг хамгаалах, талбайг хашаажуулах, усалгаатай тариалангийн талбайн хэмжээг 80 мянган га-д хүргэж, нэмэгдүүлэн ашиглалтыг сайжруулах зэрэг томоохон арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>