Сарны гадаргуу дээр буусны 50 жилийн ойд зориулж дурсгалын зоос гаргана

659

Сарны гадаргуу дээр буусны 50 жилийн ойд зориулж дурсгалын зоос гаргана

 

Хүн төрөлхтөн анх удаа саран дээр хөл тавьсны 50 жилийн ойд зориулж АНУ-ын Пенсильван муж улсын Филадельфи хотын Зоосны ордон дурсгалын товгор зоос цутгаж эхэлсэн тухай "Space.com" цахим хуудсанд мэдээлжээ.
 
Дурсгалын зоосны товгор тал нь сансрын нисгэгчийн малгайг санагдуулам хэлбэртэй бөгөөд “Апполлон-11” сансрын хөлөг болон сансрын нисгэгч Нил Армстронгийг /1930-2012/ дүрсэлсэн байна. Харин зоосны хүнхэр талд нь сансрын нисгэгч Эдвин Олдрины сарны хөрсөн дээр гарсан гутлын мөрийг дүрсэлж, "Меркьюри", "Жемини", "Аполлон" гэсэн НАСА-гийн сансрын хөтөлбөрүүдийг бичжээ.
 
Дурсгалын зооснуудыг алт, мөнгөөр цутгах бөгөөд 2019 оны нэгдүгээр сарын 24-нөөс худалдаанд гаргана. Худалдаанаас олсон бүх орлогыг Сансрын нисгэгчдийн дурсгалын сан, сансрын нисгэгчдийн дурсгалд зориулж бий болгосон тэтгэлгийг болон Вашингтон хот дахь Сансрын нислэгийн үндэсний музейн “Зорилго-Сар” төслийг санхүүжүүлэхэд зориулах аж.
 
Дурсгалын зоосыг танилцуулах арга хэмжээнд сансрын нисгэгч Нил Армстронг, Эдвин Олдрин, Майкл Коллинз нарын хүүхдүүд оролцоно.
 
1969 оны долдугаар сарын 21-нд "Аполлон-11" сансрын хөлгийн багийнхан сарны гадаргуу дээр анх удаа буусан юм. Тэд саран дээр АНУ-ын төрийн далбааг мандуулан, шинжлэх ухааны багаж хэрэгслийг байрлуулж, 21.55 кг хөрсний дээж авсан билээ.
 
“Аполлон” хөтөлбөрийн хүрээнд 1972 оны 12 дугаар сар хүртэл америкчууд дахин таван удаа манай гарагийн дагуул дээр буусан байна. Сансрын нисгэгчид саран дээр нийтдээ 301 цаг байсан бөгөөд дэлхийд 382 кг хөрсний дээж авчирчээ. "USA Today" сонинд мэдээлснээр, хөрсний дээжийн 80 хувийг Жонсоны нэрэмжит Төвд, 13 хувийг Сан-Антонио дахь Брукс агаарын баазад хадгалдаг бол 2 орчим хувийг судалгаанд ашигладаг байна. Харин 3 хувийг музей, одон орон судлах төвд өгчээ. 7 кг-аас бага зэрэг их буюу 2 хувь нь туршилт хийх үед устсан байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>