“Цагаан суварга”-ыг буцааж авах уу

759

МАК-ийн “тэргүүн” Монголын тэргүүн баячуудын нэг Нямтайшир Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байсан. Түүний хүү, одоогийн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мөн л Тагнуулын байгууллагад ажиллаж байсан.

Эцэг, хүү тагнуулын байгууллагад ажиллаж байхдаа төрийн мөнгөөр хайгуул, нөөц нь тогтоогдсон, стратегийн ордод бүртгэгдэх боломжтой газруудын нэрс, байршлийг авсан гэх яриа байдаг. Үүнийг нотлох боломжгүй ч дээрх хардлагыг батлах мэт нэгэн үзэгдэл өнөөдөр үүсээд бий. Түүнийх эргэн санацгаая. Монголын 30 гэр бүлийн нэг хэмээн цолуулж байгаа Н.Номтойбаярын гэр бүлийн компани болох МАК “Цагаан суварга”-ын ордыг эзэмшиж байгаа билээ. Үүний тулд 2014 оны хаврын чуулганы төгсгөлд яаран “Цагаан суварга”-ыг МАК-д өгөх шийдвэр гаргаж байв. Стратегийн гэх тодотголтой “Цагаан суваргын орд парламентаас гаргасан шийдвэрийн дагуу 100 хувь "МАК" компанийн мэдэлд очсон гэсэн үг. Монголын ард түмэн энэ ордоос ямар ч хувь эзэмшихгүй, ямар ч ашиг хүртэхгүй, төр зөвхөн рояльти татвараа авахаар зохицуулалт хийгдсэн байдаг.

Харин энэ байдал Ерөнхий сайдад таалагдаагүй тул, өөрийнх нь эсрэг байгаа Н.Номтойбаярт хандан чуулганы индэр дээрээс “Цагаан суварга”-ын ордыг төр мэдэлдээ авах болно гэсэн. Эдийн засгийн талаасаа зөв шийдвэр байж болох хэдий ч стратегийн гэх тодотголтой, зэсийнхээ нөөцөөр Монголдоо гуравт жагсч байгаа энэ орд төрийн хяналтаас бүр мөсөн гарлаа гэж хэлж болно. Цагаан суваргын зэсийн ордод 1965-1967 онд эрэл үнэлгээний ажил, 1974-1977 онд урьдчилсан хайгуул, 1980-1982 онд нарийвчилсан хайгуулын ажлуудыг улсын төсвийн хөрөнгөөр хийж, 1984 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны Шинжлэх ухаан, техникийн зөвлөлийн хуралдаанаар нөөцийг хүлээн авсан байдаг. Шинээр батлагдсан хуулийн дагуу улсын хөрөнгөөр эрэл хайгуул хийсэн ордын 34 хүртлэх хувийг төр үнэгүй эзэмших эрхтэй гэсэн заалт байгаа.

Тиймээс Засгийн газар хуулийн дагуу дээрх ордын 34 хувийг эзэмших саналаа УИХ-д хүргүүлсэн боловч парламент их хэмжээний нөөцтэй, эдийн засгийн ач холбогдол ихтэй тус МАК-ын мэдэлд шилжүүлснээрээ Г.Уянга гишүүний хэлсэнчлэн Н.Номтойбаярын гэр бүл, үр хүүхэд идээд ч барахгүй их хөрөнгө дээр суухаар боллоо. Улсын хөрөнгөөр битгий хэл хувийн хөрөнгөөр эрэл хайгуул хийсэн ордын 50 хувийг авна гэж дайрдаг манай эх орончид, популистууд ч яагаад Цагаан суваргын зэсийн ордыг Монголын ард түмэн эзэмших ёстой гэсэн байр сууриа илэрхийлэхгүй байна вэ.

Байсхийгаад л Оюутолгойтой “байлдаан” хийдэг С.Ганбаатар гишүүн хүртэл энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн бололтой нам гүмхэн байгаа нь хачирхалтай биш гэж үү. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж амжаагүй шахам байхдаа “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” тогтоолын төслийг парламент хэлэлцэн баталсан нь Монголын парламент хэний талд үйлчлэв ээ гэсэн сонирхолтой асуултыг тавихад хүргэж байна. Үнэндээ МАК компанийн МАН-ын гол санхүүжүүлэгч гэдгийг монголчууд андахгүй. Тэр ч утгаараа цөөнх тус ордыг гол санхүүжүүлэгчийнхаа халаасанд хийхээр зүтгэсэн нь лавтай. Цагаан суваргын зэсийн ордоос төр хувь авахгүй юм бол стратегийн гэх тодотголтой бусад 14 ордоос бас л Монголын ард түмэн хувь эзэмшихгүй үлдэх нь ээ гэж ойлгож болно. Тэгэхээр энэ янзаараа Монголын газрын хэвлий доорх их баялаг мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүсийн гараар ороод дуусах бололтой...

Н.Номтойбаяр ч гэсэн болзолтойгоор өгнө гэдгээ илэрхийлсэн гэдгийг эх сурвалжууд мэдэгдэж байна. Тэгэхээp та бид ашиг хүртэх боломж байхгүй биш, байна. Гол нь одоо Монголын төр хүчтэй юу? Мөнгөтэй хувийн байгууллага хүчтэй юу харж сууя.

 

Dorgio.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>